Х.Тэмүүжин: ҮХЦ-ийн хоёр гишүүний томилгоог оруулж ирэхгүй байгаагийн цаана улс төрийн захиа даалгавраа гүйцэлдүүлэх гэсэн улстөрчдийн сонирхол байна

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
10 минут 24 секунд

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа-

-10 хүрэхгүй хоногийн дараа ҮХЦ-ийг даргалж буй Г.Баясгалангийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш нэг жил болох гэж байна. Түүнчлэн Ц.Өлзийсайхан ҮХЦ-ийн гишүүнээсээ чөлөөлөгдөөд таван сарын хугацаа өнгөрч байна. Гэвч өмнөх УИХ-ын дарга Н.Учрал ч, одоогийн УИХ-ын дарга С.Бямбацогт ч эл хоёр томилгоог УИХ руу оруулж ирнэ гэж хэлснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Оруулж ирэхгүй байгаагийн цаана ямар ашиг сонирхол, асуудал байна гэж та харж байна вэ?

-Оны өмнө УИХ-ын дарга солигдох үед чуулганы хуралдааны үеэр энэ асуудлыг хөндөж байсан. Ингэхдээ ҮХЦ-ийн нэг гишүүнийг парламентын ЕНБД гэх албан тушаал дээр дуудаад аваад ирсэн. ҮХЦ-ийн гишүүнийхээ ажлыг өгөөд захиргааны албан тушаал дээр ирж байгаа нь улс төрийн маш том сонирхол байна гэсэн үг. Энэ нь ҮХЦ-ийн гишүүд улс төрийн сонирхолтой хүмүүс байдаг гэх дүр зургийг харуулж буй хэрэг учраас таатай бус хандаж байгаа талаараа илэрхийлж байсан. Мөн 126 гишүүний хууль тогтоох, төлөөллөө хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ёстой УИХ-ын ЕНБД-ыг УИХ дахь Ардчилсан намын бүлэгтэй зөвшилцөхгүйгээр, бүлэг дээр ярих боломж олгохгүйгээр шөнө оройн цагаар томилсонд дургүйцлээ илэрхийлж байсан юм. Тухайн үед өнгөрөгч зургаадугаар сард нь бүрэн эрх нь дуусчихсан хүн ҮХЦ-ийг даргалаад явж байгаа нь Цэцийн хууль ёсны байдалд нь эргэлзээ төрүүлж, эрсдэлд оруулах хэмжээний үзэгдэл болж байна гэдгийг ч хэлсэн. Тиймээс шинээр томилогдож буй УИХ-ын даргыг тухайн хоёр томилгоог хууль ёсных нь дагуу яаралтай шийдэх ёстой гэдгийг шаардсан.

Хугацаа нь дууссан хүнийг чөлөөлөөд орных нь томилгоог явуулахгүй байгаа нь УИХ ажлаа хийхгүй, хуулиа зөрчөөд байна гэсэн үг шүү дээ. Ядаж байхад Г.Баясгалан бол УИХ-аас санал болгосны дагуу томилогдсон хүн. Гэвч энэ асуудлыг хөндсөнөөс хойш буюу өнгөрөгч оны 12 дугаар сараас хойш асуудал шийдэгдээгүй. Өнөөдрийг хүртэл хэвээр явж байна.

Үүний ард улс төрийн л сонирхол байна. Өөрөөр хэлбэл, шууд хариуцлага хүлээхгүй, саармаг байгаа этгээдүүдээр улс төрийн захиа даалгавраа гүйцэлдүүлж байна.

Нэг ёсондоо сонгуулийн өрсөлдөөнийг шударга бусаар зохион байгуулахад гар бие оролцож байгаа нэг институц нь ҮХЦ болж байгааг маш тодоор харуулж байна. Тиймээс одоо энэ асуудлыг дэргэдээс нь хараад суухгүй.

Ардчилсан намын бүлэг шаардлагаа тавиад явна. Энэ хоёр албан тушаалтны томилгоог яаралтай явуулахгүй бол ҮХЦ-ийн хууль ёсны хүлээн зөвшөөрөгдөх байдал нь эргэлзээтэй боллоо. Гарч байгаа шийдвэр бүрийг нь эргэлзэж хүлээж авахаас өөр сонголтгүй байдал руу аваачиж байна.

-Г.Баясгалангийн ҮХЦ-ийн гишүүний хугацаа дууссан энэ нэг жилд ҮХЦ 15-16 удаагийн хурал хийсэн байна. Эдгээр дунд та бүхний дурдаж байгаачлан улс төрийн шинжтэй томоохон дүгнэлтүүд ч гарсан. Тэгвэл хугацаа нь дууссан гишүүн ҮХЦ-ийг даргалж буй энэ нөхцөлд гаргасан шийдвэрүүд нь хууль зүйн хувьд хэр чадамжтай байж чадах юм бэ гэдэг асуудал урган гарч байна?

-Чадамжгүй гэж хэлэх хэмжээний нөхцөл байдал үүсчихлээ. ҮХЦ-ийн нэг гишүүний бүрэн эрх дууссан ч дараагийн томилгоог нь хийхгүйгээр 9 хүний нэг гэдэг байдлаар явбал 50 орчим хувийн эргэлзээг дагуулна. Харин ҮХЦ-ийн даргын гишүүнийх нь бүрэн эрхийн хугацаа дууссан мөртлөө цэцийг даргалаад, шийдвэр гаргаад явж байгаа нөхцөлд 100 хувийн эргэлзээтэй. Тиймээс энэ бол цэцийн нэг гишүүн нь эргэлзээтэй байдлаар хуралдаанд оролцож буй асуудал биш.

Үндсэн хуулийн цэц гэх институц даргалагчийнхаа хууль бус эргэлзээтэй байдлаас шалтгаалж гаргаж буй шийдвэр бүр нь улс төрийн захиа даалгаврын шинжтэй гэж харагдахуйц болж хувирч байна. Хамгийн том эрсдэл нь энэ.

-2016 онд хонгил эзэмшигчдийн улс төрийн захиа даалгавартайгаар "УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилно гэх заалт Үндсэн хууль зөрчиж байна" гэх дүгнэлт гарсан-

-Маргааш буюу тавдугаар сарын 27-нд ҮХЦ УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин сонгохтой холбоотой агуулгаар үүсгээд буй маргааныг хэлэлцэх гэж байна. Та энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байна вэ?

-УДШ-ийн Ерөнхий шүүгчийг нэг удаа томилно гэх заалт Үндсэн хууль зөрчиж байна гэх дүгнэлт 2016 онд гарахдаа улс төрийн захиа даалгавартай байсан. Тухайн үед УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг улируулан томилох хүсэл хонгил эзэмшигчдийн хүсэл сонирхолд байсан учраас цэцийг ашиглах замаар хүсэл зоригоо хангуулсан. Өнөөдөр ч яг ийм улс төрийн захиа даалгавартайгаар шийдэх гэж байгаа дүр зураг харагдаж байна.

Ер нь энэ ҮХЦ чинь улс төрийн шүүх юм уу, Үндсэн хуулийн шүүх юм уу. ҮХЦ чинь Үндсэн хуульд үнэнч байх ёстой юм уу. Эсхүл аман байдлаар "Би чамайг дараагийн удаад томилно" гээд хэлчихсэн байгаа улс төрчдөд үнэнч байх ёстой юм уу. Ийм л асуултад би хариулт олох зорилготойгоор УИХ-ын даргад албан шаардлага хүргүүлж байна.

-Сүүлийн жилүүдэд шүүхэд итгэх иргэдийн итгэл буурч буй асуудлыг ихээр хөндөх болсон. Гэтэл ийм нөхцөлд УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин улираахтай холбоотой асуудал яригдвал эргээд шүүхэд итгэх иргэдийн итгэлд хэрхэн нөлөөлөх вэ?

Шүүхийн шударга байдлыг хэмждэг хэмжүүрийг илтгэдэг due process гэх үг бий. Энэ хэмжүүр өөрөө тодорхой албан тушаалтнууд дээр, улс төрийн сорилт бүхий томоохон шийдвэрүүд дээр алга болж бүдгэрээд байна.

Процессын хувьд шударга ёс нь хангагдахгүй байгаа учраас үр дүнг нь хүлээн зөвшөөрөхөд эргэлзээтэй байгаа юм. Энэ агуулгаараа ҮХЦ-ийн хууль тогтоомжийг шүүхийн түвшинд боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага байна. Мөн ҮХЦ-ийг Үндсэн хуулийн шүүх болгохын тулд ямар хэмжүүрээр хэмжих юм бэ гэдгийг тодорхой болгохын тулд иргэний үндсэн эрхийн асуудлыг тодорхой болгохоос өөр аргагүй. Мөн Үндсэн хуулийн цэцийн гишүүдэд тавих шаардлагыг шүүгчид тавих шаардлагын түвшинд тавих хэрэгцээ байна.

-Та УДШ-ийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч бус Дээд шүүхийн шүүгч нар дотроосоо сонгодог байх ёстой гэх агуулгыг нэлээн хөнддөг шүү дээ?

-Үндсэн хуульд байгаа нэг заалтаас болж Ерөнхийлөгч УДШ-ийн Ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар томилж байна. Бүх шүүгчийн Ерөнхийлөгч томилж байгаа нь шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг хангахад чиглэж байгаа. УДШ-ийн Ерөнхий шүүчгийг Дээд шүүхийн шүүгчид дундаасаа сонгодог байвал тэнд улс төр орохгүй. Мэргэжилтнүүд нь дотроо асуудлаа шийдээд явах боломжтой. Харамсалтай нь, Үндсэн хуулиар энэ нь өөрөө хязгаартай. Улс төрийн оролцоо энэ байдлаар хэмжигддэг учраас хуулийн байгууллагын толгойд байгаа хуульчийг мэргэжлийн ур чадвар, нэр хүндээр нь биш улстөрчдөд таалагдаж байна уу гэдгээр нь томилдог систем ороод ирэхээрээ тэнд улс төрийн хэрүүл очиж байгаа. Тэнд шүүх хараат бус, бие даасан байдлаараа ажиллахаас илүүтэйгээр улс төрийн тэнгэр, улс төрийн өнгө, улс төрийн уур амьсгалыг харж шийдвэр гаргахаас өөр аргагүй нөхцөлд очиж байна.

1992 оны Үндсэн хуулиар шүүхийг хараат бус, баталгаатай ажиллуулахын тулд л иймэрхүү механизмууд оруултал эсрэгээрээ шүүх илүү хамааралтай, хараат байдлаар ажиллах болчхоод байна. Та бүхэн шүүхийн зарим нэг шийдвэр дотор байгаа хэл ам дагуулаад буй үгийг сонссон л байх. "Том" даалгавар өгсөн, энэ даалгаврыг хэрэгжүүлэхгүй бол ингэнэ тэгнэ гэдэг байдлаар шүүх ажилладаг болсон байна. Үүнээс харахад шүүх бүхэлдээ захиргааны байгууллага шиг дотоод хараат байдал нь алдагдчихсан байна. Нэг ёсны шаталсан удирдлагатай.

Сайд бүх даргаа удирддаг шиг Ерөнхий шүүгч бүх шүүгчээ удирддаг тогтолцоо руу оччихсон байна. Үүнийг эвдэхийн тулд зарим талаараа Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгтэй. Зарим талаараа мэргэжилтнүүд, хуульчид зоригтой байх хэрэгтэй.

Ярилцсанд баярлалаа

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 21 хэм дулаан. Оройдоо бага зэргийн аадар бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 21 хэм дулаан. Оройдоо бага зэргийн аадар бороотой
 
ТБХ: ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
ТБХ: ХХОАТ-ыг нэг хувь болгох хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!