Д.Бум-Очир: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн өөрчлөлт одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй огт хамаагүй

Ангилал
Улс төр Ярилцлага
Огноо
Унших
9 минут 16 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан, УИХ-д өргөн мэдүүлээд буй УИХ-ын гишүүн Д.Бум-Очиртой ярилцлаа.

-Юун түрүүнд УИХ-д өргөн мэдүүлээд буй хуулийнхаа үзэл баримтлалын талаар ярихгүй юу. Ямар учир шалтгаанаар энэ хуулийн төслийг санаачилсан юм бэ?

-Сонгуулийн насны 2.2 сая гаруй иргэний 10 орчим хувь нь буюу 240 мянган иргэн саналаа өгөх боломж нь хязгаарлагдмал байна гэсэн судалгаа гарсан. Энэ судалгааг Сонгуулийн ерөнхий хорооноос ч хийсэн, ХЭҮК-ын илтгэлд ч дурдсан байдаг. Үүнтэй холбоотойгоор 2025 онд энэ хүмүүсийн сонгуульд оролцох, саналаа өгөх Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг нээж өгөөч ээ гэсэн УИХ-ын 77 дугаар тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл дээрх тогтоолын хэрэгжилтийг биелүүлэх шаардлага гэх үү, үүрэг УИХ-ын гишүүд бидэнд ирж буй хэрэг. Тийм учраас энэ хуулийн төслийг боловсруулаад өргөн барьсан. Тэгэхээр гол агуулга нь сонгуульдаа оролцож чадахгүй байгаа 240 орчим мянган иргэнийг санал өгөх боломжоор хангах асуудал юм. Нөгөө талдаа энэ нь ардчиллын тухай асуудал. Бид өнөөдөр ардчилал, ардчилсан сонгууль ярьдаг ч сонгуулийн насны нийт иргэний 10 орчим хувь нь саналаа өгөх боломжгүй байгаа гэдэг чинь юу гэсэн үг юм бэ. Сонгуулийн ардчилал чинь 90 хувьд нь хэрэгжээд, 10 хувьд нь хэрэгжихгүй байна гэсэн асуудлыг үүсгэж байна. Тэгэхээр хуулийн гол зорилго бол сонгогчдынхоо саналыг бүрэн авдаг болъё, үүнтэй холбоотой эрх зүйн орчныг нээж өгөх юм аа.

-Орон нутгийн харьяалалтай иргэд Улаанбаатарт байх үедээ саналаа өгөх боломжгүй байдаг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?

-Дээр дурдсан 240 орчим мянган хүнийг дөрвөн багц болгоод хуваасан судалгаа бий. Нэгдүгээрт, сонгуулийн хэсгийн хороод дээр томилогдон ажилладаг 46 мянга орчим төрийн албан хаагч байдаг. Энэ хүмүүс үеийн үед саналаа өгч чадахгүй байна гэсэн гомдлыг гаргасаар ирсэн.

Хоёрдугаарт, 20 орчим мянган оюутан бий. Тэд орон нутгаас хотод ирж сургуульд сурдаг. Яг сонгуулийн үеэр хичээл сургуулийн үйл ажиллагаа нь давхацдаг байдлаас болж орон нутагтаа буцаж саналаа өгөх боломжгүйд хүрдэг.

Дараагийн маш том бүлэг бол 57 мянга орчим уртын ээлжээр ажилладаг залуучууд бий. Энэ хүмүүс тухайн үед ажилтай байдаг учраас мөн саналаа өгч чаддаггүй асуудал бий.

Дөрөв дэх том бүлэг бол гадаадад оршин суугаа эсвэл ажиллаж, сурч байгаа хүмүүс сонгуульд саналаа өгч чаддаггүй зүйл байгаа. Гадаадад байгаа 120 орчим мянган иргэн бий гэсэн тоон мэдээлэл бий. Тэгэхээр эдгээр хүмүүсийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нээж өгөх асуудал гэдгийг хэлмээр байна.

-Энэ хууль 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хэрэгжинэ гэвэл жилийн өмнө батлагдсан байх ёстой-

-Та өмнө нь Ерөнхийлөгчийн шашин, соёлын бодлого хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн төлөөний хүн сонгуультай холбоотой хууль өргөн барьж, УИХ-аар хурдтай хэлэлцэж байна гэх шүүмжлэлийг дагуулаад байна. Хууль санаачлахад Ерөнхийлөгч нөлөөлсөн үү?

-Иргэд олон нийт маань энэ хуулийн талаар бүрэн ойлголттой байгаасай гэж хүсэж байна. Хоёрдугаарт, миний өргөн барьсан хуулийн төсөл одоогийн болон дараагийн Ерөнхийлөгчтэй ямар ч хамаагүй.

Иргэд маань бодох хэрэгтэй. Хэрэв та сонгуульд саналаа өгч чадахгүйгээс болж таны Үндсэн хуулиар олгогдсон эрх зөрчигдөөд байвал яах вэ. Тийм учраас Ерөнхийлөгчтэй ямар ч хамаагүй. Би Ерөнхийлөгчийн зөвлөх байсан учраас энэ хуулийг холбож болохгүй. Дараагийн асуудал бол энэ хуулийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө баталсан байх ёстой учраас цаг хугацааны хувьд шахагдаад, УИХ-аар хэлэлцэх асуудлуудын дараалалд ороод ирж байгаа юм. Хэрэв энэ хууль 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хэрэгжинэ гэвэл жилийн өмнө батлагдсан байх хуультай.

Түүнчлэн энэ хуулийн төслийг тодорхой улс төрийн зорилготой гэж яриад байгаа. Ямар нэг улс төрийн захиалагч байхгүй. Харин захиалагчид сонгуулийн санал хураалтад оролцож чадахгүй байгаа дээр дурдсан оюутан залуус, төрийн албан хаагчид, орон нутагт ээлжээр ажилладаг хүмүүс.

-Тэгвэл энэ хууль яагаад заавал тантай холбогдсон юм бэ?

-Яагаад надтай холбогдсон бэ гэхээр Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл гэж байдаг. Тус зөвлөлөөс хилийн чанад дахь монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах үүднээс дэмжих бүлэг байгуулж өгөх хүсэлт УИХ-ын гишүүдэд ирээд, тус бүлгийн ахлагчаар нь миний бие ажиллахаар болсон. Улмаар бидэнд ирүүлсэн гурван хүсэлтийн нэгдүгээрт, бидний сонгуулийн асуудлыг шийдээд өгөөч ээ гэсэн байсан. Хилийн чанад дахь монголчууд маань яг сонгуулийн өдөр очоод саналаа өгөх гэхээр заавал урьдчилж хүсэлт тавих ёстой гэсэн асуудлыг хөнддөг. Иргэд үүнийг төдийлөн мэддэггүй. Тиймээс урьдчилж захиалахгүйгээр саналаа өгөх боломжийг бүрдүүлж өгөхийг тэд хүссэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын төр иргэдийнхээ эрхийг Монголд ч, гадаадад ч хангах ёстой.

Иргэд олон нийт маань хуулийн төслийг бүтэн агуулгаар нь уншиж танилцаад ач холбогдлыг нь ойлгоосой гэж хүсэж байна.

Хэрэв өөрийн оршин суудаг хаяг дээр биш хөдөө орон нутагт томилолтоор яваа тохиолдолд өөрт хамгийн ойр байх санал авах байранд очоод саналаа өгч болно. Гэхдээ санал нь өөрийн үндсэн харьяалал дээрээс бүртгэгдэнэ. Эндээс үндэслээд хаяг шилжилт хийгдэхгүй. Хаяг шилжилт хийгдэхгүй учраас “Царцааны нүүдэл” хийгдэхгүй байх маш их ач тустай. Хоёрдугаарт, зарим хүмүүс саналаа хоёр өөр газар өгчихвөл яах вэ гэсэн асуудлыг хөндсөн. Холбогдох байгууллагуудаас надад өгсөн мэдээллээр, нэг хүн хоёр удаа санал өгөх боломжийг системээр бүрэн хаасан. Яагаад гэвэл 2023 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд Ц.Туваан гишүүн санал гаргаад нэгдсэн бүртгэлтэй болсон.

-Улс төрийн аль нэг институцаас захиа, даалгавар ирсэн юм биш биз?

-Би өөр нэг институцад ажиллаж байсан нь үнэн. Одоо би тэр институцад ажилладаггүй, тэндээс захиа даалгавар авдаггүй. Би хувь хүний хувьд ч гэсэн энд тэндээс захиалга авч ажилладаггүй.

-Миний өргөн барьсан хуульд тролл арми бий болгох заалт байхгүй-

-Хуулийн хэлэлцүүлгийн явцад энэ хууль бол Монголын тролл армийг болгох эрсдэлтэйг зарим гишүүд анхааруулж, дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан. Хууль чинь УИХ дээр унавал яах вэ?

-Л.Гантөмөр гишүүний ч буруу гэж бодохгүй байна. Тэр хүн намайг бодвол туршлагатай, ийм эрсдэл байгааг хэлж буйг би хүлээж авна. Гэхдээ үүнийг би шийдэх бус мэргэжлийн байгууллагууд буюу СЕХ, Улсын бүртгэлийн байгууллагууд хэлэх ёстой. Миний өргөн барьсан хуультай, хуульгүйгээр энэ асуудал яригдах ёстой гэж бодож байна. Харин миний өргөн барьсан хуульд тролл арми бий болгох заалт байхгүй. Надтай хамт өргөн барьсан Ч.Анар, Ж.Золжаргал, Ж.Баярмаа нарын гишүүд бий. Энэ хүмүүс ч гэсэн тролл арми бий болгох гээд явж байна гэж ойлгох уу. Хуулийн төслийг бүрэн утгаар нь харахгүйгээр зөвхөн гарчиг хараад реакц үзүүлэх нь учир дутагдалтай гэж үзэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

“Өсвөрийн Парламент 2025” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа боллоо
“Өсвөрийн Парламент 2025” хөтөлбөрийн хаалтын үйл ажиллагаа боллоо
 
“PHYSICAL: ASIA 100”  шоуны оролцогч Кацуми Накамүра “Blue Mongolia Buir 2026 KO-XV” тэмцээнд урилгаар оролцоно
“PHYSICAL: ASIA 100” шоуны оролцогч Кацуми Накамүра “Blue Mongolia Buir 2026 KO-XV” тэмцээнд урилгаар оролцоно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!