ЦХИХХ-ны сайд Ч.Номин 7 тэрбумын тендер зарлахдаа дотоодын компаниудаа “шахах“-аар өндөр шаардлага тавив уу...

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
7 минут 3 секунд

Өнгөрөгч амралтын өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд ЦХИХХЯ-наас зарласан "Дижитал ажлын байрыг нэмэгдүүлэх" тендертэй холбоотой асуудлыг Momade Agency компанийг үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэг хөндсөн нь багагүй шүүмжлэлийг дагуулаад байна. Тодруулбал, Л.Бадамцэцэгийн зүгээс яамны зүгээс өөрсдийнх нь өнгөрсөн хугацаанд хийж ирсэн үйл ажиллагааных нь чиглэлээр төр тендер зарласан байсан ч энэ чиглэл дэх стартапуудаа анхнаасаа оролцох боломжгүй байхаар өндөр шаардлага тавьсан гэсэн юм.

Тэгвэл эл тендерийн тухайд,

ЦХИХХЯ-наас хэрэгжүүлж буй "Ухаалаг засаг-2" төслийн хүрээнд "Дижитал ажлын байрыг нэмэгдүүлэх" нэртэй тендер зарлажээ. Эл тендерийн нийт төсөвт өртөг нь 7 тэрбум 128 сая төгрөг бөгөөд тухайн онд санхүүжих дүн нь 3 тэрбум 564 сая төгрөг аж. Ингэхдээ төслийн санхүүжилтийг Дэлхийн банкнаас гаргах аж. Учир нь тус Ухаалаг засаг төсөл нь Дэлхийн банк болон Монгол Улсын Засгийн газар хооронд хамтран хэрэгжүүлж буй төсөл юм.

Тендерийн хүрээнд хөвөрч буй гол асуудал нь, тус тендерийн гүйцэтгэх ажил нь 3 жилд 1500 хүнийг сургаж, тэдний 1000 нь гадаадаас 80$ олох. Үүний 500 нь эмэгтэйчүүд байх шаардлагатай. Харин Momade Agency өнгөрсөн 5 жил гаруй хугацаанд 4000 гаруй ээжүүдийг энэ салбар руу оруулж, 15000 гаруй хүнийг цахим бичиг үсэгт тайлаад, одоо AI-powered виртуал менежерүүдээ гаднаас орлоготой болгохоор зорьж яваа талаар Momade Agency компанийг үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэг хөнджээ. Хамгийн гол нь, тендерт оролцоод явах боломжтой ч тавигдсан шаардлага нь хэт өндөр байгаа нь шударга бус байдлыг бий болгож байна гэжээ.

-Салбарын сайд эмэгтэй маань баруун хойноос ирэхдээ “Хойноо хутгатай” ирнэ гэж байх уу. Энэ бол томчуудын эсвэл гадаадын мөнгөтэй гаруудын оролцох тоглоом гээд “дурайтал биччихсэн” байсан-

Энэ асуудлын талаар Momade Agency компанийг үүсгэн байгуулагч Л.Бадамцэцэг "Салбарын сайд эмэгтэй маань баруун хойноос ирэхдээ “Хойноо хутгатай” ирнэ гэж байх уу. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам-ны сайдаар эмэгтэй хүн ирэхэд нь битүүхэн баярлаж л суулаа. За технологийн хөгжил айлын амьдрал руу ойртох нь дээ гэж. Бас ч гэж 5 жил гаруй 4000 гаруй ээжүүдийг энэ салбарын зах зух руу дөхүүлээд, 15000 гаруй хүнийг цахим бичиг үсэгт тайлаад, одоо AI-powered виртуал менежерүүдээ гаднаас орлоготой болгоно гээд чинээгээрээ зүтгэж яваа. Гэтэл шинэ сайд ирсэн даруйдаа нэг их удалгүй тендер зарлалаа.

5-р сарын эхээр “Дижитал ажлын байрыг нэмэгдүүлэх” тендер зарлагдсан даруйд хүмүүс надруу мэдээллийг нь явуулсан юмаа. Яг чиний хийж байгаа ажил байна. Оролцоорой, хамт орох уу гэх мэтээр “баяр хөөртэй” чатууд урссан. Миний өмнөөс хүмүүс баярлаад байхаар чинь хүн байна даа бас гэгэлзэв шүү дээ.

Эх орон минь ил цагаан, өрсөлдөөнгүй шууд дэмжиж болохгүй болохоор нь тендер зарлаад, "Ном журмаар нь дэмжлэгээ аваарай” гэж байгаа юм байна даа гээд л хурган самсаа шархирав. Тавигдах шаардлага нь https://user.tender.gov.mn/.../invit.../detail/1775584062529 энэ линк дээрээ, татаж авах байдлаар анхан шатны мэдээлэл орсон байсан.

Аваад харлаа. Сүүлийн 5 жилийн аль нэг жилийн орлого нь 800.000$ доллар буюу жилд 2.8 тэрбум төгрөгийн орлого олсон компани оролцоно. Тендерийн баталгаа нь үнийн дүнгийн 10 хувь буюу 7 тэрбумын 700.000 саяыг байршуулна гээд л.

Ай бас чанга юм аа. Гэхдээ ийм сайхан боломж олгож байхад яаж ийгээд зүтгэе гээд л бас гэгээн бодолтой хүн чинь хамтрах компани хайгаад л, хавь ойрын гайгүй яваа хэдтэйгээ уулзаад л. Нөгөө хэд маань яахав дээ, танилын нүүр халуун гээд бас “ОК” гээд ачаа үүрэлцэхээр тохироод тендерээ бичих ажил эхэллээ.

Momade дотор угаасаа тендерийн материал бүрдүүлэлтийн үйлчилгээ үзүүлдэг толгойтой мундаг ээжүүд байдаг болохоор тэднийгээ цуглуулаад, материалаа өгөөд л “За бичээрэй, бусдыг нь би зохицуулна” гээд баахан ажил өрнөсөн. Гэхдээ материалаа худалдаж аваад, энэ хэсгийг өөрөө олж унших хүртэл хэцүү ч гэсэн “Аргыг нь олноо” гээд л гүйсэн юм шүү.

Хамгийн эмгэнэлтэй хэсэг нь энэ байна. Тендерт ялсан компани энэ хэдээс сонгоод “Сугандаа хавчуулаад, ажлаа хийлгээрэй” гээд мань хэдэн Freelance чиглэлд ажиллаж байгаа старт апуудаа цэцгийн баглаа шиг боогоод тавьчихсан.

Та хэдэд энэ тендер зориулагдаагүй ээ. Хэдийгээр энэ салбарт ажиллаж байгаа чинь үнэн боловч энэ бол томчуудын, эсвэл гадаадын мөнгөтэй гаруудын оролцох тоглоом гээд “дурайтал биччихсэн” байсан.

Тэгээд хийх ажил нь тийм их дааж давахгүй, хийж болохгүй их юм байна уу, сервер, дата төв үүсгээд, бодит программ хангамж угсраад, 1 сая хүнд үйлчилгээ үзүүлэх аймар систем хийх гээд байгаа юм байх даа гээд ажлыг нь нэгд нэгэнгүй үзэв, ai-р ч уншуулав. 3 жилд 1500 хүн сургана. 1000 нь гадаадаас 80$ олсон байна.

Таван жилд 15000 хүнийг сургаад, 4000-г нь ажиллуулаад, дотоод гадаадаас нийлээд 5 тэрбум төгрөгийн ажил аваад хийчихсэн манайхыг “сугандаа хавчуулаарай” гэж зөвлөөд, босгыг нь хоолой байтугай магнайд хүрэхээргүй өндөр тавьчихсан. Энэ яг юу вэ. Гомдмоор ч юм шиг" гэжээ.

АН-ын бүлэг: ҮХЦ-ээр хэлэлцэх “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин сонгодог байх эсэх“ маргааны талаар мэдээлэл сонсож байна
АН-ын бүлэг: ҮХЦ-ээр хэлэлцэх “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг дахин сонгодог байх эсэх“ маргааны талаар мэдээлэл сонсож байна
 
Ерөнхий сайдын цуваа биш, хаврын тариалалтын явцтай танилцахаар явсан томилолтын багийн машин гэв
Ерөнхий сайдын цуваа биш, хаврын тариалалтын явцтай танилцахаар явсан томилолтын багийн машин гэв
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!