Монгол Улсын Шадар сайд, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
"БАЙДРАГИЙН УЦС ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ГОЛ БАРИМТ БИЧГҮҮДЭД НЭГ Ч ТУСААГҮЙ ТӨСӨЛ"
-Монгол Улсын эрчим хүчний салбар сэхээнд орчихсон. Өнгөрсөн өвлийг арай гэж аргалсан нийслэлчүүд ирэх өвлийг хэрхэн даван туулах нь төсөөлөхөд тун бэрх байдалтай байна. Засгийн газраас эрчим хүчний сэргэлтийн бодлогыг богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх зорилт тавьсан ч хэрэгжүүлэх шатандаа ажил явдаггүй гэдэг шүүмжлэл сүүлийн үед ялангуяа танай яамыг чиглэх боллоо. Тухайлбал, саяхан чуулганы хуралдаанаар Байдрагийн УЦС-ын төслийн асуудал яригдсан?
-Бид хөгжлийн бодлогоо төлөвлөж явдаг болъё гээд Эдийн засаг, хөгжлийн яамтай болсон байдаг юм. Тэрхүү бодлогын баримт бичгүүдийг УИХ-аар батлуулаад хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, Монгол Улсын дунд хугацааны бодлогын баримт бичиг нь өөрөө “шинэ сэргэлтийн бодлого” юм. Гэтэл энэ баримт бичигт Байдрагийн УЦС-ыг барьж байгуулна гэсэн нэг үг байхгүй. Үүгээр зогсохгүй Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байхгүй бөгөөд жилийн төлөвлөгөөнд ч тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, эдгээр бодлогын баримт бичгүүдэд тусгагдаагүй төслийг л оруулж ирсэн гэсэн үг.
Хоёрдугаарт, Байдрагийн УЦС Унгар улсын хүүгүй тодорхой хэмжээний зээлийн санхүүжилтээр хэрэгжинэ гэж байгаа. Үүнийгээ хэчнээн гоё өнгө будгаар чимээд ярьж болно. Гэхдээ л энэ бол зээл. Зээлийг бид хэд хэдэн бодлогын бичиг баримтуудыг үндэслэж авах ёстой.
Яагаад гэвэл зээл авна гэдэг чинь тоглоом биш. Одоогоор Засгийн газрын өрийн хэмжээ ДНБ-ний 39 хувийг эзэлж, сүүлийн 12 жил хүрч чадаагүй хэвийн түвшиндээ ирээд байгаа юм. Энэ юуг илэрхийлж байна вэ гэхээр биднийг гаднаас авч байгаа зээлдээ маш хянамгай хандах ёстой гэдгийг л анхааруулж байгаа гэсэн үг. Тиймээс Өрийн удирдлагын тухай хуульд зээл авах тохиолдлын шаардлагуудыг заасан байдаг. Тэр нь бодлогын баримт бичгүүдэд заавал туссан байх агуулга нь хамгийн эхний шаардлага юм л даа.
Байдрагийн гол дээр баригдах УЦС-ийн төслийг хэрэгжүүлснээр байгаль экологид ямар нөлөөлөл гарах вэ гэдгийг нарийвчлан судалсан байх зайлшгүй шаардлага үүснэ. Гэтэл төсөлд энэ шаардлагыг хангасан зүйл байхгүй. Эцэст нь тухайн зээлийн санхүүжилт нь хэр үр ашигтай, эсвэл алдагдалтай юм бэ гэдэг эрсдэлээ бид тооцоолох ёстой. Энэ мөн л бүрхэг байдалтай буюу бүрэн хэмжээний ТЭЗҮ хийгдээгүй байна. Ийм учраас л ЭЗХЯ хууль журмын дагуу төслөө явуулаач гэдэг санал л өгсөн.
-Байдрагийн УЦС-ын төсөл улс орны хэмжээний том төсөл шүү дээ. Нэг талаараа бид баруун бүсийн эрчим хүчний хэрэглээгээ 60 хувьд өөрсдөө хангах бүрэн боломж байна гэсэн тооцооллыг хийсэн байсан. Мөн ОХУ-аас баруун бүс 1 кВт/ цаг эрчим хүчийг 500 орчим төгрөгөөр авч байгаа. Ханшийн савлагаа шууд л нөлөөлнө. Гэтэл уг төслийг хэрэгжүүлж чадвал 1 кВт/ цаг эрчим хүчийг 40 төгрөгөөр нийлүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ төсөл чухалд тооцогдох нь зүйн хэрэг бус уу?
-Мэдээж улсын шинж чанартай том төсөл. Гэхдээ бид хамгийн түрүүнд дээр дурдсан бодлогын баримт бичгүүддээ суулгаж, хуульд нийцүүлэх нь л чухал байгаа юм. Түүнийхээ дараа барилгын тендерээ зарлаж үе шаттайгаар ажлууд төлөвлөгдөж явах ёстой. Үгүй бол яах гэж Монгол Улс хууль батлаад байгаа билээ гэдгийг бодох цаг нь болсон.
Монгол Улсын эрчим хүчний асуудал үнэхээр ноцтой түвшинд хүрчихсэн байгаа нь үнэн. Тийм байх тусмаа аливаа нэгэн мега төслүүдийг нарийвчлан боловсруулж, судалж байж хөдөлгөх нь эргээд улсын эдийн засгийг хохирол багатай, алдагдалгүй авч үлдэх нөхцөл нь бүрдэх юм. Миний хувьд Байдрагийн УЦС-ыг бариулахгүй гэж төсөл гацаасан зүйлгүй. Аливаа зүйлийг ном журмынх нь дагуу л хийдэг байя гэсэн байр суурь илэрхийлж байна.
"ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИАС ГАЗАР "ЭЗЭМШҮҮЛЭХ" ГЭДЭГ ЗААЛТЫГ Л БИ ХАСЪЯ ГЭСЭН. ТӨСӨЛ ДЭМЖИГДЭЭГҮЙ"
-Засгийн газраас ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд богино болон дунд хугацааны бодлогын шийдлүүдээ гаргаад багагүй ажиллаж байгаа гэж хэлж болохоор. Түүний нэг нь мэдээж дотоодын эдийн засгийг төрөлжүүлж, валютын нөөцөө нэмэгдүүлэх зэрэг чухал агуулгуудад гадаадын хөрөнгө оруулалтыг татах хууль эрх зүйн орчныг сайжруулах явдал байлаа. Нэг хэсэг таны нэрээр хүртэл авторлагдсан Хөрөнгө оруулалтын хууль яагаад дэмжигдсэнгүй гэж та дүгнэдэг вэ. Гадныханд газраа 100 жилээр өгөх нь гэж нэг хэсэг ширүүхэн дайрууллаа шүү дээ.
-Мэдээж хүн болгоны шүүмжлэлд хариу тайлбар хийгээд явах нь зохимжгүй л дээ. Гэхдээ өөрийн тань асуултыг хүндэтгээд хариулахад, анх 1993 онд ГХОТХ-ийг баталсан байдаг юм. Одоогоос 31 жилийн өмнө. Тухайн хуульд газрыг 60 жилээр ашиглуулаад, 40 жилээр сунгана гэсэн заалттай байсан. Тэр үед би МУИС-ийн багшаар ажиллаж байсан цаг.
Дараа нь 2013 онд З.Энхболд гэдэг хүнийг УИХ-ын дарга байхад хуульд өөрчлөлт оруулахдаа 60 жилээр газрыг зөвхөн ашиглуулах гэсэн байсан заалтыг эзэмшүүлэх болон ашиглуулах төдийгүй 40 жилээр сунгана гээд хуулиа баталчихсан байдаг юм.
Тэгвэл 2023 онд хуулийг эргэж хараад газрыг гадаадын хөрөнгө оруулагчдад “эзэмшүүлэх” гэдэг нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд Ч.Хүрэлбаатар миний бие энэ үгийг хуулиас хасъя гэдэг санал оруулж ирсэн.
Гэвч энэ хуулийн төсөл дэмжигдээгүй. Яагаад гэхээр газар эзэмшиж байгаа хүмүүс л үүн дээр нэлээд ажилласан байна гэж ойлгож байгаа.
-Гадаадын иргэн, ААН Монгол Улсад хөрөнгө оруулах гэж буй тохиолдолд 100 мянган ам.долларын барьцаа байршуулах босготой байсныг босгогүй болгож хуулийн шинэчлэлд тусгасан байсан нь мөн л асуудал дагуулсан шүү дээ. Нийгмээс үүнийг мөнгөгүй “цагаачид” оргонох боломжийг хуульд шургуулчихлаа гэдэг нэрээр сөрөг хүчнээс ч багагүй шүүмжилж байсан. Хөрөнгө оруулалт татах биш, хүн оруулж ирэх хууль боловсруулсан гэх мэтээр нэлээд акцууд ч өрнөсөн санагдаж байна?
-Барьцаа хөрөнгө байршуулах босго өөрөө мөнгө угаах үйл ажиллагааг санхүүжүүлсэн гэдэг ойлголтод хүргэх эрсдэлтэй байсан юм. Хуучин хөрөнгө оруулагч компани 100 мянган ам.доллар түр дансанд байршуулаад компани бүртгүүлсний дараа мөнгөө эргүүлж авдаг тогтолцоотой байсан.
Гэтэл Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсон үед банканд түр данс нээхийг хориглочихсон байсан. Гол утга нь түр дансаар авлига, хулгайн мөнгө, терроризмын санхүүжилт, нүүрсний хулгайн мөнгө гээд энэ бүгд нь түр дансаар ороод гарчихдаг эрсдэлтэй учраас л түр дансыг ашиглахыг хориглосон. Тиймээс л 100 мянан ам.долларыг шилжүүлэх боломжгүй болсон гэсэн үг.
Манайхан хуулийг утгачилж ойлгохдоо хөрөнгө оруулагч тал компаниа байгуулахын тулд 100 мянган ам.долларыг Монгол Улсад тушаадаг гэж хараад байдаг. Гэтэл нэгэнт орж ирсэн компани 100 мянган ам.доллароос хэд дахин илүү хөрөнгө оруулах боломж байдаг.
"ЭХ ОРНОО ГЭЖ БОДДОГ БОЛ ГАДНЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТЪЯ ГЭХЭД ЭГДҮҮЦЭХ ШААРДЛАГАГҮЙ"
-Гадагшаа харагдах байдлын хувьд ч тэр, нийгмийн ойлголтоор ч Ч.Хүрэлбаатар гэдэг хүн үндэсний эсэргүү мэтээр л ярьж шүүмжилж байсан нь тодорхой хэмжээнд таны нэр хүндэд нөлөөлсөн байх. Төрийн өндөр алба хашиж байгаа улстөрч хүний хувьд хэрхэн хүлээж авч байгаа вэ?
-Би чинь Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн сайд шүү дээ. Монгол Улсаа хөгжүүлмээр байна. Олон залуу гэр бүлээ, эх орноо орхиод гадаадын үйлдвэрүүдэд ажиллаж байна. Тэр үйлдвэрүүдийг нь Монголдоо аваад ирэх л юм бол залуучууд эх орондоо ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл нь бүрдэнэ.
Үнэхээр эх орноо гэж бодож байгаа хүмүүс мөн бол үйлдвэрүүдийг оруулж ирэхэд эгдүүцэх юун. Гадны банкууд орж ирж л байг л дээ. Яагаад Монголчууд өндөр зээлийн хүү төлж амьдрах ёстой юм. Олон банкууд байх тусмаа зах зээлийн өрсөлдөөнөөрөө чанаржих ёстой. Иргэд тэр олон банкуудаас сонголтоо хийгээд үйлчлүүлэх боломжоо эдлэх хэрэгтэй. Өндөр төлбөртэй гаднын их, дээд сургуулиуд нь ороод ирэг. Эмнэлгүүд нь хүртэл салбараа нээгээд ажиллаг л дээ.
Эцсийн дүндээ Монголдоо л ажиллаж, амьдрал нь сайжирч байх нь чухал шүү дээ. Гэтэл эсрэгээрээ гадных гэсэн бүгдийг хөөж явуулаад хэдэн ажиллах хүчнээ гадагшаа явуулж валютаа урсгаад байхаар бид яаж хөгжих юм бэ.
Тиймээс нэн түрүүнд сэтгэлгээгээ өөрчилж юмыг өөр өнцгөөс харах хэрэгтэй гэж зарим шүүмжлэгчдэд хэлмээр байна.
"МАН-ЫН МЯНГА МЯНГАН ГИШҮҮД НАМАЙГ ДЭМЖДЭГ УЧРААС БИ ГАНЦААРДДАГГҮЙ"
-Та саяхан орон нутагт ажиллаад ирлээ. Иргэд таныг хэрхэн хүлээж авч саналаа илэрхийлж байх юм?
-Манай Монголын ард түмэн их ухаантай шүү дээ. Хэн нь худлаа попроод байна. Хэн нь үнэхээр ажлаа хийж байгаа вэ гэдгийг ялгаж салгадаг хүмүүс. Би Монголын ард түмнийхээ эрүүл, саруул ухаанд итгэж явж ирсэн. Дөрвөн ч удаа надад итгэж сонголтоо хийсэн.
ЭЗХЯ-нд Ч.Хүрэлбаатар томилогдож очоод ямар үр дүн гарч байгааг ард түмэн бүгд харж байгаа. Тэд үнэлэлт, дүгнэлтээ тавина. Хэн нь нөгөө талд популимз хийгээд хариуцсан салбар унагааж байгааг ч ажиглаж байгаа. Би тэгж боддог.
-Та Монгол Улсын эдийн засгийн гол бодлогыг зангидаж, төрийн менежентээр хангах үүрэгтэй яамыг тэргүүлж байгаа. Мэдээж УИХ болон Засгийн газрын хуралдаанаар олон ч төсөл хөтөлбөр, төсөв санхүүтэй холбоотой асуудалд зарчмын хатуу байр суурыг илэрхийлж ирсэн. Үүнээсээ болж нам дотроо ч тэр багагүй дайсантай болчихсон гэж харагддаг. Ер нь нам дотроо хэр ганцаарддаг вэ?
-Би олон жил намынхаа Удирах зөвлөлийн гишүүнээр ажиллаж бодлого, шийдвэрт идэвхтэй ажиллаж байгаа хүн. МАН-ын мянга мянган гишүүд намайг дэмждэг. Тиймээс ийм том дэмжлэгтэй хүн ганцаарддаггүй гэж хэлье.
-Ярилцсан танд баярлалаа.