Зудын дараах хавар хот хөдөөгүй хүндхэн байна. Хот нь харласан малчид хоолны мөнгөгүй, байгаа хэдийгээ барж байхад нийслэлийнхэнд шинэ мах эрээд олдохгүй эрдэнэ болж байна. Хүний хөл тасардаггүй “Хүчит шонхор” захаар орвол шинэ мах нүдний гэм.
Килограмм нь 24-25 мянган төгрөгт хүрчээ. Гэвч хаврын урт өдрүүдэд аяга шөл гаргах шинэ мах ийн үнэд орж ховордсон нь иргэдийн халаасыг тэмтэрч, хэдэн бор төгрөгөө шавхахад хүрч байна. Даанч тор дүүргэхгүй. Өнгөрсөн жилийн өдийд шинэ мах 18 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдөр намрын хөлдүү мах л ийм үнээр зарагдаж байгаа юм.
Үүнээс өөр сонголт ч алга. Иргэдийн зүгээс мах, гурил үнэтэй байгаад бухимдуу байлаа.
5 КИЛОГРАММ МАХ 130 МЯНГАН ТӨГРӨГ
Мах авч яваа залуухан эмэгтэйтэй цөөн хором ярилцвал 5 килограмм шинэ цул мах 130 мянган төгрөгөөр авчээ. Уг нь 70 мянган төгрөгт мах авахаар тооцож байсан аж. Түүнийг А.Туяа гэдэг. Тэрбээр “Мах хэтэрхий үнэтэй байна. Сүлжээ дэлгүүрээс ялгаагүй үнэтэй болсон санагдлаа. Нэгэнт зах орсон учраас гүрийгээд л шинэ мах авлаа. Килограмм нь 25 мянган төгрөг болсонд гайхаж байна. Уг нь монголчууд 70 сая толгой малтай биз дээ. Ямар нэгэн зохицуулалт хэрэгтэй байх” гэв. Мөн ахимаг насны эрэгтэй Н.Болдбаатар “Үнийн өсөлт хэтэрлээ.
Хэдэн төгрөгөө хэмнээд зах орсон ч ялгаагүй л мах, гурил үнэтэй байна. 60 мянган төгрөгт шинэ мах авахыг бодсон ч мөнгө хаана ч хүрэхгүй, гурван килограмм мах аваад хэд хонох билээ дээ.
Арга буюу намрын махнаас авлаа. Гэхдээ нөөцийн махнаас л илүү дээр амттай шөл гарах байх” гэсэн юм. Тэрбээр тэтгэврийн мөнгөөрөө хүнс цуглуулахаар зах орж яваа нь энэ аж.
ШИНЭ НОЙТОН МАХ ХОВОРДОЖ, МАЛЧИД ҮНЭТЭЙ НИЙЛҮҮЛЖ БАЙНА
Худалдаачдын зүгээс махны үнэ бусад газруудтай харьцуулахад хямд байгааг дуу нэгтэй ярьж байлаа. Зарим сүлжээ дэлгүүрүүд “Хүчит шонхор”-оос мах бөөндөж, килограмм нь 26-28 мянган төгрөгт зарж байгааг ч хэлэв.
Махны үнэ нэмэгдэж байгаа нь зуданд олон тооны мал хорогдсонтой шууд холбоотой гэнэ. Малчдын хувьд ченжүүдэд дамлан мах нийлүүлэхээс илүү өөрсдөө худалдаачдад махаа өндөр үнээр нийлүүлэх болсон аж.
Худалдагч Б.Түмэнгэрэл “Малчид, ченжүүд ялгаагүй л үнэ өртгөө тооцож өндөр үнэтэй мах нийлүүлдэг. Бид килограммыг нь 18 мянган төгрөгөөр худалдан авч байна. Энэ бол өндөр үнэ. Лангуун дээр худалдаалдаг намрын цул махны үнэтэй адилхан л байгаа. Мэдээж хэдэн төгрөг нэмж зарж байгаа нь үнэн ч махаа зарахын тулд өндөр үнэ хэлэхгүй шүү дээ. Хотын төвийн зах, том сүлжээ дэлгүүрүүд биднээс мах бөөндөж илүү нугалсан үнээр зарж байгааг та нар ч мэднэ” гэж бухимдав. Мөн ам уралдан шинэ мах зарж буй эмэгтэй “Малчдыг буруутгах аргагүй. Үлдсэн хэдэн малаа л өндөр үнээр зарж хоолны мөнгөө олж байна шүү дээ. Махны үнэ цаашид ч нэмэгдэх байх. Хотоо харлуулсан малчид юугаар амжиргаагаа залгуулах юм. Тээврийн зардлаа нэмж ашигаа бодож бидэнд арай илүү үнээр мах нийлүүлж байгаа хүмүүс шүү дээ. Бид нар ч бас амьдрах гэж өдөржин хүн харуулдаж байна. Та нар биднийг байцаахаасаа өмнө тэр эрх баригчдаасаа ам асуу л даа” гэв.
Нийслэлийн статистикийн хорооны мэдээлснээр үхрийн махны үнэ өмнөх долоо хоногоос 0.9 хувиар нэмэгджээ.
НӨӨЦИЙН МАХ ХЯМДХАН Ч ХҮРЭЛЦЭЭГҮЙ БАЙНА
Хэдийгээр нийслэлийн махны хэрэгцээнд нөөцийн мах жил бүр худалдаанд гаргадаг ч энэ нь хаана ч хүрдэггүй хэвээрээ. Энэ жил нийт 6337.5 тонн мах нөөцөлсөн бөгөөд есөн дүүргийн 375 цэгээр өнгөрсөн гуравдугаар сараас худалдаалж эхэлсэн. Гэвч хаана борлуулж байгаа нь тодорхойгүй, тоотой хэдэн хүнсний дэлгүүр, сүлжээ дэлгүүрүүдэд л харагдах нь нийтлэг. Өчигдрөөс нөөцийн махыг гулуузаар нь 9 дүүргийн 28 байршилд худалдаалж эхэлсэн юм. Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 10:30-17:00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд хонь, ямааны мах гулуузаар нэг килограмм нь 8,900 төгрөг, ямааны мах килограмм нь 6,700 төгрөг байх юм.
ЭДИЙН ЗАСАГЧИД: МАХНЫ ЭРЭЛТ НИЙЛҮҮЛЭЛТ ХАНГАЛТГҮЙ ТУЛ ҮНЭ ӨСӨХ, ИНФЛЯЦИ ХӨӨРӨГДӨХ ЭРСДЭЛТЭЙ
Жил бүрийн хавар мах магнаг болж нийлүүлэлт доголддог ч энэ жилийн хувьд нийслэлийнхэн махгүй болох эрсдэл отож байгааг эдийн засагчид сануулах болов.
Эдийн засагч Н.Энхбаяр "Махны нийлүүлэлт багасах эрсдэл байна. Өнгөрсөн өвөл Улаанбаатар хэрэгцээнд бэлтгэсэн нөөцийн мах хангалтгүй.
Ирэх зургаадугаар сар хүртэл тасралтгүй худалдаалах уу гэдэг нь эргэлзээтэй. Магадгүй дөрөв, тавдугаар сард л худалдаалах байх. Үндсэндээ зургаадугаар сард махны нийлүүлэлт тасарч, үнэ өсөх эрсдэлтэй.
Инфляцид олон жил нөлөөлж буй уламжлалт хүчин зүйл хэвээрээ л байна. Хэдийгээр үйлдвэрлэл талд анхаарч байгаа ч хөдөө аж ахуйн ханган нийлүүлэлтийн сүлжээ бодитой тогтворжсон зүйл алга. Өвөл, хаврын үед мах тогтвортой нийлүүлэх фермер дутагдалтай байна. Хэдийгээр хөдөө аж ахуйг дэмжих чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж зээл олгож дэмждэг ч эрэлт хэрэгцээний хажууд багахан хувийг эзэлж байна. Иймээс инфляцийн эрсдэл бий" гэсэн юм.
Эдийн засагч Б.Дөлгөөн: Зуд бол асар хөнөөлтэй зүйл. Тэр дундаа манай хөдөө аж ахуйн салбарт томоохон цохилт өгч байна. Миний тооцооллоор хөдөө аж ахуйн салбар 2024 онд нэлээн хасах үзүүлэлттэй гарах хүлээлт байна. 2022 оны хоёр болон гуравдугаар хагаст нийт имфляцын 60 хувь нь гадаадын бараа бүтээгдэхүүн эзэлж байв. Одоо энэ хувь багасч дотоодын гурил гурилан бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн нийт инфляцийн 40 хувь болсон. Яагаад гэвэл, махны тухайд иргэдийн хэрэглээтэй холбоотой. Монголчууд дунджаар жилд 10 сая мал идэж байгаа. Нийлүүлэлтийг харвал нийт махны 60-70 хувь нь 9-12 дугаар сар хүртэл байгаа юм. Малчид энэ саруудад махаа зардаг.
Хамгийн хэцүү үе нь цагаан сарын дараа махны нийлүүлэлт тасардаг. Энэ үед махны үнэ өсдөг. Махны үнэ хамгийн хямд нь 9-12 дугаар сар бол хамгийн өндөр үе нь дөрөв, тавдугаар сар байдаг. Үнийн хэлбэлзлийг бууруулахын тулд өндөр нийлүүлэлттэй үнэ хямд үед бөөнөөр нь авч хадгалж эргээд зах зээлд нийлүүлэх.
Үүнийг өнөөдөр төр нөөцийн махаар дамжуулан хийж буй хэмжээ нь нийт махны нийлүүлэлттэй харьцуулахад маш бага. Эдийн засагчдын хувьд дөрөв, тавдугаар сард махны үнэ өснө гэж таамаглаж байгаа гэсэн юм.