Хайлаастын Өрхийн эмнэлгийн хажууд өчигдөр /2024.04.17/ Prius, Verna хоёр автомашин мөргөлдсөний улмаас замаар гарч явсан 16 настай охин осолд өртөж нас барсан бол 9-40 насны 6 хүн хүнд гэмтсэн харамсалтай хэрэг гарсан.
Одоогоор хоёр хүүхэд, нэг том хүн ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Өчигдөр 40 настай эмэгтэй яаралтай хагалгаанд оржээ.
Үлдсэн гурван хүүхэд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Эх сурвалжийн мэдээллээр 13 настай эрэгтэй хүүхдийн шилбэний яс хугарсан, 13 настай эрэгтэй хүүхдийн хоёр талын дунд чөмөгний хугарсан, 40 настай эмэгтэй тархины битүү гэмтэл авсан, 11 настай эрэгтэй хүүхдийн чөмөг хугарсан, 12 настай эрэгтэй хүүхэд тархины гэмтэл, 9 настай эрэгтэй хүүхэд толгойдоо гэмтэл авчээ.
Хоёр автомашины жолооч согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн эсэх талаар Тээврийн цагдаагийн албанаас одоогоор хэлэх боломжгүй гэлээ.