Дахиад л онцгой байдлын алба хаагчид мөр зэрэгцэж явсан нэг нөхрөө үдлээ. Ахиад л нэг гэр бүл өнчирч үлдлээ. Талийгаач таван хүүхдийн эцэг байв. Ердөө хоёр сар 14 хоногийн өмнө Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан гурван алба хаагчийг сүүлчийн замд нь үдсэн гашуудлын мөр арилаагүй байхад дахин ийн золгүй явдал тохиолдов. Энэ салбарын туниагүйгээс болж хэчнээн сайхан залуус амь нас эрүүл мэндээрээ хохирч үлдэв. 2024 он гараад дөрөвхөн сар ч болоогүй байтал таван гал сөнөөгч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алджээ.
Техник технологийн эрин зуунд амьдарч байгаа атал улаан галын өөдөөс хүнээ “усан буу”-тай нүцгэн гараар нь оруулдаг улс манайхаас өөр байхгүй биз.
Тэгээд “Чимээгүй баатар”, “Эрэлхэг зоригт хөвгүүд” гэх хоосон үгээр өргөмжлөхөөс хэтрэхгүй. Өөр нэг эмгэнэлтэй зүйл дурдахад Онцгой байдлын 4 алба хаагч дундаа тусгай зориулалтын хувцас хэрэглэдэг.
- ХЭҮК: Алба хаагчдын хамгаалах хувцас хангалтгүй -
Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэлд Онцгой байдлын алба хаагчдын хамгаалах хувцас, хэрэгслийн хангалтгүй байгаа талаар онцолж байжээ. Тодруулбал, тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа онцгой байдлын алба хаагчдыг дүрэмт хувцас, тусгай хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангах нь төрийн үүрэг.
Шадар сайдын 2014 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тушаалаар баталсан "Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын дүрэмт хувцас хэрэглэх журам"-д заасны дагуу алба хаагч бүр дулааны болон хүйтний улирлын хувцастай байх ёстой.
Гэтэл онцгой байдлын байгууллага жил бүр алба хаагчдын хувцас хэрэгслийн хангалтыг тухайн жилийн төсөвтөө багтаадаг тул жилийн хангалтын 20-30 хувь нь хийгддэггүй байна. Мөн гэнэтийн осол аваар, түймэр, үер усны аюул зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд болсон үед алба хаагчдын хувцас, хэрэглэл гандаж муудах, урагдах, элэгдэх зэргээр эдэлгээний хугацаанаас өмнө хэрэглэх боломжгүй болдог тул тухайн нөхцөлд олгох хувцас хэрэглэлийн нөөцгүй гэдгийг судалгаанд дурджээ.
- 10 жилийн турш өндөр барилга өөд өгсөх шат, нисдэг тэрэг ярилаа -
Одоогоос 10 жилийн өмнө өндөр барилга өөд өгсөх шат дутагдалтай байсан бол өнөөдөр мөн л 9 давхраас дээш барилгын түймэр унтраах шатгүй хэвээрээ. 10 жилийн өмнө мөн л гал унтраах нисдэг тэргийг Францаас худалдан авах тухай сураг ажиг гарсаар эцэст нь тодорхойгүй замхарсан.
2021-2024 онд онцгой байдлын салбарын барилга байгууламжид зарцуулсан төсвийн хэмжээ 2021 онд 12.6 тэрбум, 2022 онд 12.2 тэрбум, 2023 онд 7.5 тэрбум, 2024 онд 5.1 тэрбум төгрөгийг тусгажээ.
Дөрвөн жилийн хугацаанд барилга байгууламж буюу сургалтын төв, аврах анги зэрэгт 37.5 тэрбум төгрөгийг зарцуулсан бол техник тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд 10.2 тэрбум төгрөгийг л зарцуулсан байна.
Үүнээс харахад бид энх цагийн баатрууд хэмээн онцгой байдлын алба хаагчдыг алдаршуулдаг ч тэднийг аюул осолтой "нүцгэн гар"-аараа тулалдуулдаг болж таарлаа. Гэтэл Урд хөршид өндөр барилгын гал, аюултай түймрийг аль олон жилийн өмнө дроноор унтрааж эхэлсэн бол одоо алсын зайнаас төхөөрөмж ашиглан унтраадаг болжээ. Ийм төхөөрөмж ёоз ёозоороо байгааг, манайх шиг төлөвлөөгүй барилгатай замбараагүй хотод хамгийн тохиромжтой гэдгийг дарга нараас урьтаад инженерүүд яриад эхэлсэн байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн нэгдүгээр сард албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар болсон.
Уг хуулийн төслийг буруутгах гэсэнгүй. Гагцхүү аминых нь оронд цалин тэтгэмж амьдрах сууцаар аргалаад өнгөрдөг, өнөөдөр гашуудаж маргааш нь мартдаг хариуцах эзэнгүй өнгөрдөг хайнга тогтолцоог өөрчлөхөөс нааш хүний амь эрсдэхгүй гэх баталгаа байхгүй.
Тиймээс дахин эрдэнэт хүний амиар “наадахгүй”-н тулд энэ мэт хүнийхээ төлөө технологийн дэвшлийг цаг алдалгүй хэрэглээнд нэвтрүүлж ашиглах шаардлагатай болжээ.