Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕРЭГ: “Ногоон дарь эхийн тууж“-ийг монгол бичигт хөрвүүлж, алтан эмжээртэй торгон дээр алтан үсгээр сийлж, судар болгон үлдээжээ

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
6 минут 20 секунд

Хог дээр хаягдах болсон хонины нэхийн дээр Бурхан багшийн гэгээн дүрийг залж, босоо монгол бичгээр сургаал юуг нь сийлжээ. Бас 17-хон настай сурагч охин Монголчуудын өнө эртнээс тахин шүтсээр ирсэн "Ногоон дарь эхийн тууж"-ийг монгол бичигт хөрвүүлэн, Энэтхэг торгыг алтан хоргойгоор эмжиж, алтан бронзоор үг юуг нь үсэгчлэн буулгаж, ур ухаан, авьяас чадвараа гайхуулан биет судар бүтээсэн байна.

Энэ мэт олон гайхамшигт бүтээлийг монгол орны өнцөг булан бүрээс "Миний монгол бичиг" олон улсын уралдаанд хаяглан илгээж, эх түүхийн эхлэл болсон үндэсний монгол бичгээ олон нийтэд түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулж буй эрхмүүдийн шилдгүүд өчигдөр шалгарлаа.

Монгол туургатны "Миний монгол бичиг" олон улсын VIII уралдааныг Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдээс уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд уг уралдаанд Ардын уран зохиолч Т.Галсан, МУСГЗ Ц.Гомбосүрэн тэргүүтэй МУИС-ийн эрдэмтэн докторууд, БШУЯ-ны шинжээч мэргэжилтнүүд хүндэт зочдоор уригдан оролцов.

Бас энэхүү уралдаанд насаараа боловсролын салбарт хүчин зүтгэж, үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлж яваа 97 настай буурай Г.Тогтох оролцож, хойч үедээ үлгэр дуурайлал болсноороо олны хайр хүндлэлийг хүлээв.

Мартагдаад буй монгол бичгээ хойч үедээ үлдээхийн тулд хүмүүст монгол бичиг зааж, нэрийг нь бичиж өгдөг

"Би өдгөө 97 насыг зооглож байна. 1943 онд бага сургуулиа төгсөж, 1944 оноос багшилж эхэлсэн. Түүнээс хойш боловсролын байгууллагад 80 гаруй жил ажиллаж байна. Мөн монгол бичгийг бид орхигдуулчихсан учраас хойч үедээ үлдээх юм сан гэж хүсдэг. Тиймээс өөрийн чадах чинээгээр хүмүүст монгол бичиг зааж, нэрийг нь монгол бичгээр бичиж өгдөг.

Мөн энэхүү "Миний монгол бичиг" уралдаанд өөрийнхөө чадах чинээгээрээ оролцлоо. Шагналт байр эзлэх гэж бас түрүүлэхийн тулд ороогүй. Харин монгол хэл бичгээ түгээн дэлгэрүүлэх гэж, эх хэлээ дэмжиж, хойч үедээ үлгэр дуурайлал болохоор оролцсон" гэв.

Энэхүү уралдааны Шилдгийн шилдгээр Завхан аймгийн Сантмаргаз сумын ЕБС-ийн Монгол хэл, бичгийн багш Б.Ундрах тодорсон бөгөөд тэрбээр бүтэн жилийн хугацаанд өөрийн эрдэм мэдлэгээ ашиглаж, хоёр бүтээл туурвисан байна.

Оройн дээд Очирваань бурхны магтаалыг Отгонтэнгэр хайрхныхаа бэлд монгол бичгээр бичиж оролцлоо

"Завхан аймгаас зорин ирж оролцож байна. Энэхүү уралдаанд өнгөрсөн жил шавийгаа бэлдэж оруулж байсан бол энэ жил шавьтайгаа хамтдаа оролцлоо. Хөх өнгийн торгон дээр нутгийнхаа шүтээн уул болох Отгонтэнгэр хайрхнаа залж, хайрхныхаа бэлд Оройн дээд Очирваань бурхны магтаалыг монгол бичгээр бичсэн байгаа. Мөн элдсэн хонины нэхийн дээр Буддагийн Амьдралын тухай 10 сургаалыг бичиж оролцлоо. Бараг бүтэн жилийн хугацаанд сэтгэл зүрх, бодол оюунаа шингээн урласан" гэлээ.

Мөн энэхүү уралдаан нь нас насны ангиллаар зохион байгуулагдсан өгөөд Сурагчдын бүтээлийн төрөлд Архангай аймгийн 1-р сургуулийн 11в ангийн сурагч Ч.Хүслэн тэргүүн байр эзэлсэн юм. Түүний бүтээл нь Монголчуудын оюуны их өвийг тээсэн бүтээл болсноороо онцлог байв.

"Ногоон дарь эхийн тууж"-ийг монгол бичигт хөрвүүлж, судар бүтээсэн

"Би Архангай аймгаас ирж оролцож байна. Энэ удаагийн уралдаанд "Сурагчдын бүтээл"-ийн төрөлд "Уран Тангараг хаан Хятадын хааны охиныг залсан тууж" буюу "Ногоон дарь эхийн тууж"-ийг уран зохиолын аргаар хөрвүүлэн буулгасан эртний ховор судрыг бүтнээр нь монгол бичгээр буулгаж уг уралдаанд түрүүллээ.

Энэхүү судар нь маш эртний ховор судар. Тиймдээ ч 3 сарын турш туужаа монгол бичигт хөрвүүлж, тасралтгүй сууж, Энэтхэг торгыг алтан хоргойгоор эмжиж, алтан бронзоор бичсэн байгаа. Мөн судар учир өнгөний зохилдлогоог сайтар анхаарч, алдаа мадаггүй, тэг хэмжээг алдагдуулалгүй буулган бичсэн" гэсэн юм.

Түүнчлэн сурагчдын дунд зохион байгуулагддаг бичгийн төрөлд 1500 километрийн цаанаас зорин ирж, Тэргүүн байр эзэлсэн Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс сургуулийн 11б ангийн сурагч А.Мялхаасүрэн ийнхүү сэтгэгдлээ илэрхийлэв. Тэрбээр,

Эх хэл бичиг гэдэг бол үндэсний дархлаа. Энэ соёлыг өвлөн тээж, түгээж байгаадаа баяртай байна

"Бичгийн төрөл нь бусад төрлөөс арай өөр буюу олимпиад шиг зохион байгуулагддаг. Энэхүү төрөлд 1500 километрийн цаанаас буюу Ховд аймгаас зорин ирж тэргүүн байр эзэлсэндээ их баяртай байна. Мөн би монгол бичигт их дуртай. Бидний эх хэл, бичиг гэдэг бол үндэсний дархлаа гэж боддог учраас энэхүү соёлоо өвлөн тээж, түгээх нь хойч үе бидний үүрэг. Тиймдээ ч энэ үүргээ бага ч болов биелүүлж байгаадаа баяртай байна" гэв.

Тэд бол энэхүү уралдаанд оролцож буй хүмүүсийн ердөө нэгхэн хэсэг. Цаана нь эх түүхээ, эх хэл соёлоо түгээн дэлгэрүүлж буй олон мянган хүн байгаа бөгөөд үндэсний монгол бичгээ сурах нь иргэн бүрийн үүрэг билээ.

Зургаан настай хүүхдээ зодож, удаа дараа хэрцгий харьцсан гэх эцэг эхийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Зургаан настай хүүхдээ зодож, удаа дараа хэрцгий харьцсан гэх эцэг эхийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.