Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ёс суртахууны ялзрал буюу Монголын соёл, урлаг ДАМПУУРЧЭЭ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 40 секунд

1990 онд Монгол Улс “Хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулахаа" Үндсэн хуульдаа тунхагласан. Гэвч бид 34 жилийн дараа өөрсдийнхөө хүнийг хайрлах нинжин сэтгэл, ёс суртахуун руугаа эргэж өнгийх цаг болжээ. Ялангуяа соёл, урлагийнхан. Гаднаас нь харахад дэгжин сайхан мөртлөө дотор руу нь өнгийгөөд үзвэл авах юмгүй, ёс суртахууны хир даагиндаа баригдсан хүмүүсээр дүүрчихжээ.

МУИС-ийн философи шашин судлалын тэнхимийн доктор, профессор Р.Дарьхүү “Манай нийгэмд ёс суртахууны доройтол газар авч байна. Үүнийг засч залруулахгүй бол Монгол хүн, нийгэм хөгжихгүй. Яагаад нийгэм харгис, зэрлэг болоод байна вэ гэхээр ёс суртахууны боловсролын тогтолцоо алдагдсантай холбоотой. Нийгэмд ёс суртахууны үлгэр дуурайл үзүүлэх ёстой хүмүүс бол багш, төрийн алба хаагч, улстөрчид, соёл,урлагийнхан. Хүн зөв явснаар нийгэм зөв явна” гэдгийг онцлов.

Урлаг соёл нь хүнийг соён гэгээрүүлэх, авьяас, ур чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилготой.

Харин урлаг, соёлын ажилтнууд мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх ёстой. Гэвч уг салбарт тогтолцооны өөрчлөлт хийхгүй бол амаараа шороо үмхэх нь.

Сүүлийн үед соёл, урлагийн салбарт шүгэл үлээгчид дуугарч эхэллээ. Тодруулбал, жүжигчин А.Хандмаа “Эмоци” продакшны залуу жүжигчдийн дээрэлхэлт, дэглэлтийн талаар, дуучин И.Мишээл 7-8 жил хамтран ажилласан Хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат түүнд сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж, цаашлаад гар хүрсэн талаар шүгэл үлээв.

А.Хандмаад хүчирхийлэл үйлдсэн гэх жүжигчин Б.Номин “СУИС-ийг хагас цэрэгжилтийн байдалтай байдаг” гэсэн бол Б.Мишээл “Урлагийн сургуулийн дэгийг үе, үеийн төгсөгч нар ярьдаг. СУИС-ийн бүх оюутан тэр дэгийг үзэх үедээ үздэг” гэж өөрсдийгөө өмөөрчээ. Эцэг эхчүүд цэргийн албанд үр хүүхдээ бахархалтайгаар бус айдас түгшүүртэйгээр үддэг болсон. Харин СУИС дараагийн Батлан хамгаалах салбар болоход ойрхон болжээ. СУИС-д хүүхдүүдээ даатгаж чадахааргүй болтлоо доройтсон байна.

Бидэнд олдсон мэдээллээр 2022 онд СУИС-ийн гуравдугаар курсийн гурван охиныг дээд курсийн оюутан охид ангидаа дуудаж, нүдийг нь боон, нүцгэлж улмаар бэлгийн ёс бус үйлдэл гаргажээ.

Уг асуудлаар хохирогчид хууль хяналтын байгууллагад хандсан ч хэрэг биш гэж үзээд прокуророос хоёр удаа хэргийг нь хаасан байна. /хохирогч охины ээжийн ярилцлагыг энд дарж уншина уу/ Энэ мэтээр нийтэд дэлгээгүй, урлаг, соёлын салбарт “булшлагдсан” хэчнээн хэрэг байгааг хэлж мэдэхгүй. СУИС-ийн захирал Э.Сонинтогос “Манай сургуульд дээрэлхэлтийн асуудал байхгүй гэж боддог. Өмнө нь байсан уу гэвэл байсан” гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

ХЭҮК-оос СУИС-д курс хоорондын дарамт, ялгаварлан гадуурхалтыг зогсоох шаардлага хүргүүлж байжээ

Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2023 оны тавдугаар сард СУИС-д сурч боловсрох эрх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийжээ. Улмаар сургуулийн суралцагчдын дунд аливаа хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ялангуяа курс хоорондын дээрэлхэх, ялгаварлан гадуурхах зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, үр дүнтэй арга хэмжээ авах, нийт суралцагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, багшийн мэргэжлийн ёс зүйг чандлан сахиж, нэр төрийг эрхэмлэх зэрэг шаардлагуудыг хүргүүлсэн байна.

Бойкотлох соёлд Монголчууд суралцах цаг болжээ

УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оноос “Япон лугаа адил хөгжье” гэх санал санаачлагыг ихээр хэлж, уриалах болсон.

Тэгвэл төрийн дээд албан тушаалтнуудаас эхлээд урлаг соёлынхон хүртэл япон хүмүүс шиг хариуцлага хүлээж сурсан цагт бид хөгжих бус уу.

Японд парламентын гишүүн нь гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн, иргэдэд буруу мэдээлэл өгснийхөө төлөө гэх мэт нэг л удаа алдаа гаргасан бол ёс зүйн хариуцлага хүлээж огцордог жишиг тогтчихсон. Харин манайд эсрэгээрээ. Олны танил хүмүүс худал хэлж, хулгай хийснийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй, хариуцлагагүй байдлаар нь жагсаадаг бол Монгол Улс тэргүүлнэ үү гэхээр сүүлдэхгүй.

Тиймээс ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн олны танил хүмүүсийг реклам зар сурталчилгаанд тоглуулахгүй байх зэрэг бойкотлох соёлд Монголчууд суралцах цаг болжээ. Урлаг соёл ч гэлтгүй бүх салбарт ингэж чадсан цагт асуудлууд тос, усаараа ялгарна. Шинэ соёл тогтоно.

Ерөнхийдөө өнөөдөр монгол хүний шүтдэг хамгийн гол үзэл нь амиа хичээх болсон. Амиа хичээх үзэлтэй хүнд ёс зүй байдаггүй гэх үг бий. Харин япончуудын хувьд хүн бүр өөрт оногдсон үүргээ хариуцлагатай биелүүлж, чин сэтгэлээсээ хандсанаар бүх зүйл зохих байрандаа байна гэж үздэг. Үүрэг хариуцлага гэдгийг хэн нэгнээс өгсөн даалга­вар гэж тэд үздэггүй. Энэ нь Наран мандах улсын хөгжлийн гол түлхүүр гэдэгтэй маргах хүн байхгүй биз.

С.Нарангэрэл: Монголчууд өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарсан

Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэл "Монголчууд өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарсан" гэдгийг онцолж байсан удаатай. Тодруулбал, тэрбээр “Өнөөдөр Монголын нийгэмд бүх хүрээнд шударга бус үйлдэл гаарсан. Монголчууд яагаад өөрөө өөрсдийгөө ч танихгүй болтлоо ёс суртахууны хувьд ялзарч, доройтож, буурав гэдэг нь сонин. Үүнийг шинжлэх ухааны үүднээс зайлшгүй тайлбарлах шаардлага гарсан.

Муухайгаар хэлбэл, монголчууд бид энэ хорвоо ертөнцийн хамгийн ёс суртахуунгүй ард түмэн болсон.

Өнөөдөр шударга байх зарчим алдагдсан. Эдийн засгийн үүднээс шударга байна гэдгийг бол хуваарилалт гэдэг үг тохирох байх. Шударга ёс тогтоохын тулд шударга бус үйл үйлдсэн этгээдэд тодорхой хариуцлага хүлээлгэж, шийтгэл оногдуулж, хохирлыг нь барагдуулах учиртай. Төрийн албан хаагчид, улстөрчид шуналаа татаагүй цагт ёс суртахуунлаг нийгэм тогтохгүй. Шударга ёсыг тогтооход эр зориг маш чухал. Эр зориггүйгээр шударга ёс тогтоогдоно гэж байхгүй. Эр зориг байхгүй бол аймхай, амаа хамхисан, цаагуураа хов живд хөтлөгдсөн нийгэм болж хувирдаг. Монголын нийгэм үндсэндээ иймэрхүү байдал руу орсон” гэжээ.

Улсын хэмжээнд 6.3 сая толгой мал хорогджээ
Улсын хэмжээнд 6.3 сая толгой мал хорогджээ
 
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
ЧУУЛГАН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.