УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсов.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 03 дугаар тогтоолоор “Газрын тосны салбарын хөрөнгө оруулалт, экспорт, эрэл хайгуул, ашиглалт, олборлолт, байгалийн нөхөн сэргээлтийн асуудлаар газар дээр нь ажиллаж мэдээлэл авах, тулгамдаж буй асуудлыг судлан шийдвэрлэх, холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх зорилгоор Дорнод аймгийн Тамсагбулагийн сав газарт ажиллах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий” ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ахлан ажилласан юм. Тэрбээр ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар танилцууллаа. Ингэхдээ,
"Ажлын хэсэг 2021 оны 12 дугаар сараас хойш Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаа явуулж байгаа “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааны талаар:
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 63
-Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 19
-Үндэсний аудитын газраас 13
-Татварын ерөнхий газраас 20
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 65
-Гаалийн ерөнхий газраас 3 нийт 164 хуудас материалыг хүлээн авч нэгтгэн ажлын хэсгийн гишүүдийг мэдээллээр хангаж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд тайлан, мэдээллийг сонсгосон.
Улмаар “Газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнээс Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 03 дугаар тогтоолыг батлан Засгийн газарт чиглэл өгсөн" гэлээ.