Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2025.05.23/ хуралдаж, Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэв. Хэлэлцээрийн төслийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан танилцуулав.
Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсний нэг нь Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улстай нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулж, хоёр улсын иргэдийн нийгмийн харилцаанд харилцан тэгш эрхтэй байх, тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж авах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлж ирснийг тодотгов.
Одоогийн байдлаар Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Бүгд Найрамдах Чех Улстай гэсэн 6 улстай нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Австри Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Австралийн Холбооны Улстай хэлэлцээр шинээр байгуулах, Оросын Холбооны Улстай байгуулсан хэлэлцээрийг шинэчлэхээр ажиллаж байна гэв.
Олон улсын гэрээний тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу Бүгд Найрамдах Австри Улсын талтай “Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохиролцсоноор, Хэлэлцээрийг төслийг Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд зөвшилцөхөөр хүргүүлжээ.
Энэхүү хэлэлцээр нь Нийгмийн даатгалын хуулиудад зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх, олгох харилцааг зохицуулсан тул Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3-т зааснаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ юм байна.
Гадаад харилцааны яамны 2024 оны мэдээллээр Австри Улсад Монгол Улсын 2,668 иргэн оршин сууж байгаагаас 1,696 иргэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа бол Гадаадын иргэн, харьяатын газрын 2024 оны мэдээллээр Монгол Улсад Австрийн 30 орчим иргэн оршин сууж байгаа аж.
Уг хэлэлцээр батлагдаж, хэрэгжсэнээр хоёр улсын иргэд Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсад ажилласан, шимтгэл төлсөн давхцаагүй хугацаагаа нэгтгэн тооцуулж, өндөр насны тэтгэвэр тогтоолгох, хоёр улсад даатгалын шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэж нийгмийн баталгаа нь сайжрах юм байна.
Хэлэлцээрийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцэж байгаа бөгөөд хэлэлцээр батлагдсанаар бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд улсын болон нийгмийн даатгалын сангийн төсөвт нэмэлт хөрөнгийн эх үүсвэр шаардагдахгүй гэлээ.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, манай улсын боловсролтой ажиллах хүчин гадагш урсаж буй шалтгаан цалин хөлстэй холбоотой. Монгол залуучуудад эх орондоо ажиллах хөдөлмөрлөх, амьдрах хүсэл тэмүүлэл бий. Харамсалтай нь өнөөдөр монгол хүний нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тооцож үзвэл 1.1 ам.доллар байна. Нэг цагийн хөлс хамгийн багадаа 5-8 ам.доллар болж байж хүмүүс эх орондоо ажиллах, амьдрах хүсэл тэмүүлэлтэй болдог байна. Нэг хүнд ногдох ДНБ 12-17 мянган ам.доллар болсон үед гадаадад ажиллахаар эх орноосоо дайжих явдал зогсдог гэсэн Европын Холбооноос гаргасан судалгаа байдаг юм билээ. Монгол Улсын Засгийн газраас нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.доллар болгох бодлого нь монголчууд эх орондоо ажил хөдөлмөр эрхлэх хүсэл тэмүүллийг төрүүлэх зорилготой гэж харж байгаа. ДНБ-д эзэлж байгаа энэ цалин хөлсний зардал гэж хэмжээс байна. Манай улсад ДНБ-д эзэлж байгаа цалин хөлсний зардал их бага явдаг. Үүнийг цаашаа өсгөх асуудлуудыг шийдэж байж монголчууд эх орондоо тогтвор суурьшилтай ажиллах орчин бүрдэх ёстой юм. Монгол Улсад ажиллах хүчний хомсдол үүссэн асуудал нь хүмүүс гадагшаа явчихсантай холбоотой биш. Нийт 213 мянган иргэн гадаадад амьдарч, ажиллаж байна. 1990-2004 онд буюу 14 жилийн хугацаанд төрөлт багассан. Энэ үед төрөлт багасаагүй бол энэ үед төрсөн хүүхдүүд өнөөдөр хөдөлмөрийн зах зээлийн оролцоог хангаж байх ёстой байлаа. Энэ нь манайд том цохилт болж байгаа. 550-650 мянган ажиллах хүний хомсдол үүсчихсэн. Үүнийг харгалзан бодлогоо боловсруулахгүй бол монголчууд бүгд дайжаад явчихсан юм шиг ойлгож болохгүй хэмээсэн.
Хэлэлцээрийн хүрээнд даатгуулагч Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улсад тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн давхцаагүй хугацаагаа нэгтгэн тооцуулж, 2 улсын хууль тогтоомжийн тэтгэврийн эрх үүсгэх, хоёр улсад шимтгэл төлсөн хугацаанаас тухайн улсын хууль тогтоомжийн дагуу шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдэх юм байна. Тухайлбал, Монгол Улсын иргэн 58 настай эмэгтэй Монгол Улсад 15 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, Австри Улсад 13 жил ажиллаж, амьдрахдаа Австрийн тэтгэврийн даатгалд хамрагдсан бол Бүгд Найрамдах Австри Улс болон Монгол Улсад шимтгэл төлсөн жилээ нэгтгэн нийт 28 жилээр тооцуулж, хоёр орноос тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх аж.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшөөрч гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг дэмжлээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!