Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЭГТЭЙЧҮҮД: “Генерал цол миний төлөвлөгөө байтугай мөрөөдөлд ч байгаагүй“

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
22 минут 37 секунд

UBN сайт “Генералуудын өдөр”-ийг тохиолдуулан "Эмэгтэйчүүд" ярилцлагын нэвтрүүлгийнхээ зочин хойморт Монголын анхны эмэгтэй генерал Ганболдын Болорыг урьж ярилцлаа.

Цэргийн их сургуулийн анхны эмэгтэй сонсогчоос, Монгол Улсын анхны эмэгтэй генерал болох зам дардан шулуун байгаагүй ч зорилгодоо үнэнч байж, шантралгүй зүтгэснийхээ хүчинд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг өмнөө ёслуулж, алтан мөрдөс атгасан анхны эмэгтэй болсон юм.

Эрчүүдийн гэх тодотголтой албанд эмэгтэйчүүдийн гэх шинэ түүхийг бичиж, монгол эмэгтэйн цог жавхаа, тэвчээр хатуужлыг дэлхий дахинд тунхаглаж яваа гайхалтай эмэгтэйн түүхээр хамтдаа аялцгаая.

ЭМЧ БОЛНО ГЭСЭН МӨРӨӨДӨЛТЭЙ БАЙСАН БИ ЭЭЖИЙНХЭЭ ХҮСЭЛТ, ГУЙЛТ, ТУШААЛААР ЦЭРГИЙН ИХ СУРГУУЛЬД ОРСОН

-Ярилцлагаа Цэргийн сургуулийн анхны эмэгтэй сонсогчдын нэг болсон тэр цаг мөчөөс эхэлье. Цэргийн хүн болох таны мөрөөдөл байв уу?

-Миний гэхээсээ илүү ээжийн минь мөрөөдөл байсан гэж хэлж болно. Эмч болох хүсэл мөрөөдөл тээж, химийн сонгонд сурдаг охин байсан. Гэтэл аравдугаар анги төгсдөг жил Цэргийн их сургууль анх удаа эмэгтэй сонсогч элсүүлэхээр болсон. Эмч болно гэсэн мөрөөдөлтэй байсан би ээжийнхээ хүсэлт, гуйлт, тушаалаар Цэргийн их сургуульд шалгалт өгч, тэнцээд, элсэн орсон доо.

-Эмч болох мөрөөдөлтэй охинд цэргийн сургуулийн хатуу дэг жаяг, дүрэм журам амаргүй байсан болов уу. Зугтчихмаар санагдаж, шантрах үе хэр их байсан бол?

-Тухайн жил Цэргийн их сургуульд 6 эмэгтэй сонсогч элссэн. Тэр жил мөн ахлагчийн сургуульд 20 гаруй эмэгтэй сонсогч элсэж байлаа. Бидэнд зориулсан эмэгтэй норматив гэж байгаагүй. Тухайн үед би жагсаалын даргаасаа “Эмэгтэй, эрэгтэй хоёр хүн бие физиологийн хувьд өөр. Эмэгтэйчүүд нь арай богино зайд гүйж болохгүй юу” гэж асууж байсан. Тэгэхэд, “Дайсан чамайг онилж хэвтэж байгаад эмэгтэй юм байна. Арай удаан буудъя гэж буудах уу. Олон юм битгий яриад бай” гэж хэлсэн. Хариулт хангалттай байсан учраас дахиж энэ яриа өрнөөгүй. Таван жил эрчүүдтэйгээ адилхан бэлтгэгдэж, цэргийн сургуулийг төгссөн. Тэр цаг үе тухайн үедээ л хамгийн хэцүү, хүнд санагдаж байсан ч даваад гарсан даа.

-Анхны ажлын гараагаа хаанаас эхэлж байв?

-1999 онд сургуулиа төгсөөд Зэвсэгт хүчний тооцоолох төвд электроникийн инженерээр хуваарилагдсан. 2001 онд төгссөн сургуулийнхаа Холбооны тэнхимд Станц ашиглалтын албаны (морзын) багшаар ирж, долоон жил ажилласан. Энэ жилүүд миний хувьд өөрийгөө олж нээсэн, их хичээл зүтгэл гаргасан он жилүүд байлаа. Өөрөөр хэлбэл, би багшлахын хажуугаар хэлний, программистын дамжаанд сурч, англи хэлтэй болохын тулд өөрийгөө дайчилж, МУИС-ийн Олон улсын харилцааны оройн анги төгссөн. Тэгээд Америкийн Техас муж дахь Батлан хамгаалахын хэлний институтэд багшийн дамжааг дүүргээд, сургуулийнхаа гадаад хэлний сургалтын төвийн дарга болсон. Түүний дараа хэл устай гээд энхийг сахиулах ажиллагаанд явах боллоо. Тэндээсээ Агаарын довтолгооноос хамгаалахын цэргийн Холбооны албаны дарга, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газар ахлах мэргэжилтэн, Цэргийн нэгдсэн сургуулийн сургалтын албаны дарга, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Сургалтын хэлтсийн даргаар ажилласан. Одоо ЗХЖШ-ын Сургалт, бэлтгэлийн газрын даргаар ажиллаж байна.

-Ажлын байранд гараад ажиллаж байх үед цэргийн хүн болоогүй бол гэсэн бодол төрж байсан удаа бий юу. Цэргийн хүн болох анхнаасаа ээжийн тань хүсэл байсан. Хэзээ яг таны хүсэл болсон бол?

-Харамсаж байсан үе гэвэл цэргийн албанд орсон эхний 15 жилийг хэлнэ. Яах гэж ийм хязгаарлагдмал эрхтэй, хүнээр элдвээрээ хэлүүлсэн, тушаал шийдвэр дагасан газарт ирчихэв дээ. Хэрэв эмч болсон бол гэж бодогддог байсан. Үүнээс хойш дахиж ийм бодол төрөөгүй. Хэзээд нь замхраад алга болчихсон юм бол бүү мэд. Одоо бол би ямар азаар цэргийн хүн болсон юм бол оо гэж боддог. Цэргийн хүн болсондоо маш их аз жаргалтай явдаг.

ЭМЭГТЭЙ ХҮН ГЕНЕРАЛ ЦОЛ ХҮРТЭНЭ ГЭДЭГ ХҮН БОЛГОНД ТОХИОЛДОХ АЗ ЗАВШААН БИШ ГЭЖ БОДООД ОГШИЖ, БАЯРЛАЖ ХҮЛЭЭЖ АВСАН

-Монгол Улсын анхны эмэгтэй генерал болох тухай мэдээг анх сонсоод яаж хүлээж авч байв. Таны төлөвлөгөөнд байсан болов уу?

-Төгссөн сургуулиудаа бодвол болзлоо хангасан гэдгээ өөрөө мэдэж байсан. Гэхдээ эмэгтэй хүнд энэ цолыг өгнө гэдэгт үнэндээ итгэл байгаагүй. Миний төлөвлөгөө байтугай мөрөөдөлд ч байгаагүй гэж хэлж болно. Ажил байдлын тодорхойлолт, өөрийн болон нөхрийнхөө гурван үеийн намтрыг яам руу явуул гэхээр нь Цэргийн гавьяаны улаан тугийн одон өгөх гэж байгаа юм байна даа л гэж бодсон. Маргааш нь ЗХЖШ-ын дарга дуудаад удирдах албан тушаалд томилно гэж хэлэхэд нь жижигхэн горьдлого төрж байсан. Энэ томилгооноос хойш 4 хоногийн дараа Ерөнхийлөгчийн зарлиг гарч байсан.

-Цолоо аваад гарч ирсэн үеийн мэдрэмжээс бидэнтэй хуваалцаач. Үгээр хэлэхийн аргагүй нандин мэдрэмж байсан болов уу?

-Хүмүүс шагнал аваад гараад ирэхээр ах, дүүс нь цуглараад шатны хажууд цэцэг бариад зогсож байдаг шүү дээ. Яг л тийм зүйл бодож, төсөөлж гарч ирсэн. Гэтэл маш том хүрээ татаад ард түмэн зогсчихсон. Голд нь эмэгтэйчүүд хайрцаг болоод жагсаж, хүлээж авсан. Энэ бол хүн болгонд тохиолдох аз завшаан биш гэж бодоод огшиж, баярлаж байсан. Нулимс бол гараагүй. Тэнгэр рүү харсан чинь маш гоё цэлмэг, нартай өдөр байсан. Аавыгаа бодоод, охиноо харж байгаа биз дээ гэсэн бодол зурсхийж орж ирээд л шатаар буусан. Миний баруун гар талд ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга бригадын генерал С.Ганбямба, миний зүүн гар талд миний хань явсан. Дараа жил нь манай С.Ганбямба генерал хошууч генерал болж, миний хань хурандаа цолоо авсан. Эргээд бодоход их л бэлгэдэлтэй сайхан өдөр байж дээ гэж бодогддог.

ХҮҮХЭДТЭЙГЭЭ БАЙНГА ХАМТ БАЙЖ, БҮХ ЗҮЙЛД НЬ АНХААРДАГ ЭЭЖҮҮДИЙГ ХАРААД ЦАГААХАН АТААРХАЛ ТӨРДӨГ

-Гэр бүлийнхээ хүнийг товчхон танилцуулж болох уу?

-Миний ханийг Дорждагвын Хашхүү гэдэг. Хэдхэн хоногийн өмнө хурандаа цолоо Ерөнхийлөгчөөс гардаж авсан. Шинэхэн хурандаа. Зэвсэгт хүчний 032 дугаар ангид 20 иод жил ажилласан. Цолоо авахынхаа өмнө тус ангийн штабын даргаар ажиллаж байсан. Монгол Улсын есөн хөлт цагаан тугийн их тугийн эзэн. Монгол улсын их тугч хийж тугаа есөн жил төрийн наадамдаа залж, төрийн ордондоо буцаж буулгаж ирсэн хийморьтой сайхан залуу байгаа.

-Таныг генерал болох тухай баярт мэдээг ээж тань яаж хүлээж авсан бол?

-Маш олон хүмүүс надаас ээж чинь яаж хүлээж авсан бэ гээд асуугаад байхаар нь би ээжээсээ асууж үзсэн. Тэгэхэд, “Мэдээж баярлаж л таараа шүү дээ. Баярлалаа гээд гараад гүйлтээ биш дээ” гэж хэлсэн. Миний ээж тийм л хүн. Хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг шиг.

-Тэгвэл таны хань яаж хүлээж авсан бол?

-Хөөх гээд л дуу алдаад байсан. Цэргийн хүн өөрийг нь мэдэрч, ойлгодог ханьтай байх ямар сайхан юм бэ гэдгийг тэр үед би хамгийн ихээр мэдэрсэн. Юу бэлдэхээ мэдэхгүй ШОК болчихсон байхад миний хань бүх зүйлийг минь бэлдэж өгсөн. "Ёслолын чинь хувцас, албаны хувцас, биеийн өнгөтэй трико, хар өнгөтэй трико бэлдээд тавьчихлаа. Өмсөх гутлыг чинь тослоод тавьчихлаа" гээд бүх зүйлийг миний өмнөөс бэлдэж өгсөн. Түүнээс гадна ханийн түшиг, сэтгэлийн дэм гээч зүйл үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрүүлсэн.

-Цэргийн алба эмэгтэй хүний сайн ээж байх эрхийг бага зэрэг хязгаарладаг болов уу гэж анзаардаг. Үүнийг та хэрхэн яаж зохицуулдаг вэ. Ээж, аав нь хоёулаа цэргийн хүн болохоор охин нь орхигдох гээд байдаг тал бий юу?

-Хамгийн эмзэг сэдэв маань байна. Яалт ч үгүй үнэн. Хүүхэд маань одоо бага ангид сурдаг. Хоёулаа цэргийн албанд зэрэг зүтгэнэ гэдэг бахархалтай сайхан боловч хувийн амьдралд зарим нэг бэрхшээл гардаг. Хүүхэдтэйгээ байнга хамт байж, бүх зүйлд нь анхаардаг ээжүүдийг хараад цагаахан атаархал төрдөг. Охиндоо ийм ээж байх юмсан гэж боддог. Гэвч хэзээ ч тийм боломж олддоггүй.

-Энэ үүргийг таны ээж гүйцэтгэж байна уу?

-Тийм. Миний ээж манай охиныг өсгөсөн. Охиноо төрөх үед би НҮБ-д ажиллаж байсан учраас 27 хоногтой байхад нь охиноо тэврүүлээд л ажилдаа орж байлаа. Ээждээ маш их баярлаж явдаг.

-Эмэгтэй хүн эмэгтэйлэг байх ёстой. Ялдам байх ёстой гэдэг. Гэтэл ихэнх цагаа эрчүүдийн дунд цэрэг хувцастай өнгөрүүлчихээр эмэгтэйлэг зан алдагдаад эршүүд болдог гэсэн нийтлэг ойлголт бий. Үүн дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Миний хувьд эсрэг байр суурьтай байдаг. Цэргийн эмэгтэйчүүд гэхээр л эршүүд байдаг гэж ойлгож болохгүй. Бусад эмэгтэйчүүдтэй л адилхан бүсгүй хүн. Ямар алба, яаж хаших нь энд ямар ч хамаагүй. Бид чинь бусадтай л адилхан айлын эзэгтэй, хүний хань, хүүхдийн ээж. Тийм учраас цэргийн албанд ажиллахаараа эрэгтэйлэг болдог гэж огт боддоггүй. Шинэ жилээр манай хүүхнүүд янзын гоё болдог шүү дээ. Манай дарга нар танихгүй. Туслахаа хүртэл таниагүй тохиолдол бий. Товчхондоо бол тийм гоёмсог, гоёороо байдаг.

-Та хэр эмэгтэйлэг хүн бэ?

-Эмэгтэйлэг байхыг маш их хичээдэг. Ээж минь надад эмэгтэйлэг байх шаардлагыг байнга тавьдаг учраас шүүгээн дэх хувцаснуудаа эмэгтэйлэг болгож, үс гэзгээ янзлахаас эхлээд л эмэгтэйлэг эмэгтэй байхыг хичээж явдаг.

МЯНГА МЯНГАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТҮҮЧЭЭ БОЛЖ, ХҮН ХИЧЭЭВЭЛ БОЛДОГ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ БАТАЛЖ ЯВНА ГЭДЭГ МАШ ТОМ ХАРИУЦЛАГА

-Монгол Улсын анхны эмэгтэй генерал болох мэдрэмж мэдээж сайхан. Гэхдээ энэ их итгэлийг дааж явах. Дараа дараагийн эмэгтэйчүүддээ ахиж дэвших шат болох гээд маш том хариуцлага дагалдаж ирсэн байх?

-Тэгэлгүй яах вэ. Сайхан зүйл тохиолдоно гэдэг сайхан. Сайхан хувь тавилан гэдэг сайхан. Эзэн нь болж оногдоно гэдэг аз завшаан. Гэхдээ тохиолдлоо, боллоо, оногдлоо тэгээд цаашаа яах вэ. Таны сая хэлсэнчлэн асар их хариуцлага. Олон хүний итгэл найдвар. Ардаа мянга мянган эмэгтэйчүүдийн түүчээ болж, эмэгтэй хүн хичээвэл болдог юм байна гэдгийг баталж явна гэдэг маш том хариуцлага. Тийм учраас илүү их хичээж, илүү сайн байх ёстой гэсэн бодлыг тээж, хичээнгүйлэн ажиллаж байна. Мөн би цэргийнхээ охидод “Би та нарт жим гаргаж өглөө. Одоо та нар зам болох ёстой” гэж хэлдэг.

-Эмэгтэй хүнд зэвсэгт хүчин амаргүй гэдэг. Тэр дундаа энэ олон эрчүүдийг удирдаж, чиглүүлээд дарга, генералын түвшинд ажиллах ямар байдаг бол. Эрэгтэй дарга нараас дутуу үнэлэгдэх, эмэгтэй юм чинь гэсэн хандлага ажиглагдах үе бий юу?

-Эмэгтэй хүн цэргийн албанд тэр дундаа удирдах албан тушаалд ажиллана гэдэг зэвсэгт хүчний хувьд шинэ зүйл. Одоогоос 10 жилийн өмнөөс л бие бүрэлдэхүүн сэтгэлзүйн хувьд, хүлээж авах байдлын хувьд өөр болж байгаа. Миний хувьд олон анги, байгууллагад анх удаа эмэгтэй генерал болж шалгалтаар, сургалтаар, уулзалтаар очиж байна. Бүрэлдэхүүний хувьд анхны тохиолдол учраас хүмүүсийн хүлээж авах мэдрэмж, сэтгэл бол өөр. Сонин харагдаж байгаа. Түүнээс биш эмэгтэй хүн юм чинь гээд хүндэтгэлгүй хүлээж авдаг зүйл байхгүй. Гэхдээ хувь хүнийхээ хувьд эмэгтэй хүн цэргийн албанд удирдах албан тушаал хашиж байгаа анхны түүчээ нь болж байгаа учраас ажил үйлсээрээ харуулж, эрэгтэй эмэгтэйтэйн ялгаа байдаггүй юм байна гэдгийг баталж харуулахыг хичээж, мэрийж явна даа.

-Цэргийн ангийн бие бүрэлдэхүүн бүрэн жагсаад эмэгтэй хүнд илтгэл, рапорт өгөхийг хараад адилхан эмэгтэй хүнийхээ хувьд бахархаж бас их омогшлоо. Сайхан байна. Танд энэ мэдрэмж яаж ирдэг бол?

-Мэдээж сайхан. Өдий хүртэл ажил албандаа үнэнч зүтгэснийхээ хүчинд мөн сайн дарга удирдагчидтай байсны үр дүнд энэ албан тушаалд хүрээд удирдах байгууллагаа төлөөлөөд цэргийн анги байгууллагынхаа үйл ажиллагаатай танилцаж, хүндэтгэн жагссан бие бүрэлдэхүүнээс илтгэл рапорт авна гэдэг хүн болгонд тохиох хувь тавилан биш гэж бодож, сайхан мэдрэмжээр хүлээж авдаг.

ЭРЧҮҮД ДАВАМГАЙЛСАН САЛБАРТ ЭМЭГТЭЙЧҮҮД ИЛҮҮ БАЙЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨХИЙН ТУЛД ХЭД ДАХИН ИХ ХҮЧИН ЧАРМАЙЛТ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ БОЛДОГ

-Таны ажиллаж байгаа салбарт эмэгтэй хүн удирдлагын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхөд хэцүү. Яг тань шиг энэ салбарт хүлээн зөвшөөрөгдөхийн тулд ер нь юун дээр анхаарах ёстой юм бол?

-Манай салбар эрчүүд давамгайлсан гэдэг утгаараа эмэгтэйчүүд илүү байж хүлээн зөвшөөрөгдөхийн тулд хэд дахин их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болдог. Үүний дүнд удирдлагын түвшинд, шийдвэр гаргах түвшинд хүлээн зөвшөөрөгдөнө.

-Таны хувьд төдийгөөс өдий хүртэл хэр их хичээл зүтгэлийг гаргаж, ямар замыг туулсан байдаг юм бол?

-Ганцхан жишээг энд хэлье. Залуу байхдаа АНУ-руу цэргийн сургуульд явах өрсөлдөөнд орсон. Шалгалтаа өгч тэнцчихээд байхад явуулдаггүй. Би зургаан удаа зургаан жил хичээж шалгалт өгсөн. Бүгдэд нь тэнцээд болзлыг нь хангачхаад байхад намайг явуулаагүй. Уйлах гээд байгаа хэр нь л дахиж бэлдээд дараа жил нь дахиад л шалгалт өгдөг байсан. Бууж өгөхгүй явсаар байгаад долоо дахь жил дээрээ явж байсан. Яг үүнтэй адилхан олон зүйлийг туулсан. Гэхдээ хэзээ ч шантраагүй.

-Магадгүй эрэгтэй хүн байсан бол эхний удаагийнх дээрээ явчих байсан байх?

-Магадгүй гэх юм байхгүй. Нэг өгөөд л шууд явна. Одоо бол харьцангуй өөр болсон.

-Одоо та өөрөө удирдлагын түвшинд ирчихлээ. Яг иймэрхүү нөхцөл байдалд эмэгтэйчүүдэд тэгш боломжийг олгодог байх тал дээр таны хувьд ямар өөрчлөлтийг авч ирэхийг хүсэж байгаа вэ. Өөрчлөлтийг авч ирж чадаж байгаа юу?

-Маш гоё асуулт байна. Би үүний төлөө хичээж байгаа. Намайг дэслэгч байхад нэг ч эмэгтэй офицер удирдлагын түвшинд ажиллаж байгаагүй. Тийм учраас би хэрвээ надад эрх мэдэл нь ирээд боломж нь олддог юм бол би эх орныхоо төлөө эрчүүдтэй зэрэгцэн тангараг өргөөд орж ирсэн охидууддаа тусална гэж боддог байсан. Одоо бол өөрийнхөө чадлын хэрээр эрх мэдлийнхээ хэрээр туслахыг хичээж ажиллаж байгаа. Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн ивээл дор залуу офицеруудын манлайллын жил болж өнгөрсөн. Олон арван ажил зохион байгуулагдсаны нэг нь Залуу офицеруудын дундах тэмцээнүүд байсан. Миний бие уг ажлын комиссын даргаар нь ажилласан. Эхний хурлаар түрүүлсэн нэг офицерт хоёр өрөө байр өгнө гэхэд нь эрэгтэйчүүд , эмэгтэйчүүдийн тэмцээнүүдийг тус бүрд нь явуулж хоёр хүн шалгаруулж, эмэгтэйчүүдэд ч гэсэн тэгш боломж өгөх ёстой гэж санал гаргасны дүнд хоёр хүн шалгаруулж тус тусдаа байраар шагнуулж байлаа.

Мөн эмэгтэй цэргийн албан хаагчдынхаа боловсролд нь хөрөнгө оруулах зорилгоор зөвхөн эмэгтэйчүүдээс бүрдсэн англи хэлний анги нээсэн. Энэ бол миний хувьд өөрийнхөө зүгээс эмэгтэйчүүддээ оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Эд хөрөнгө янз бүрийн зүйлээс илүү оюуны хөрөнгө оруулалт нь илүү бодитой гэж бодсон. Мэдлэг, боловсрол, тууштай байдал энэ салбарын эмэгтэйчүүдийн манлайлалд маш чухал ач холбогдолтой гэж боддог.

-Та энэ салбарт хэр их ганцаарддаг вэ?

-Мэдээж хааяа ганцаарддаг. Жишээ нь удирдах бүрэлдэхүүний цугларалт болоход 100 гаруй эрэгтэйн дунд ганцаараа л эмэгтэй байдаг. Ажиллагаанд явсан ч, алба аа хаасан ч ганцаараа эмэгтэй байсан. Одоо бол дасчихсан. Гэхдээ эгнээндээ олон чадварлаг эмэгтэйчүүд элсүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж явдаг.

-Нью-Йорк дахь НҮБ-ын төв штабт ажилласан анхны монгол офицер гэж таны намтарт бичсэн байсан. Мөн Өмнөд суданд явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагааны Холбооны албаны даргаар анхны эмэгтэй офицер болж томилогдож байсан гэж дуулсан. Тухайн цаг үеийг эргээд дурсвал. Анх очиход угтсан нөхцөл байдал ямар байв. Буцахад яаж өөрчлөгдсөн бол?

-НҮБ хүний эрх жендерийн асуудлыг хамгийн өндөрт тавиад эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах түвшинд өргөнөөр оролцуулъя гээд байгаа хэдий ч цэргийн салбарт эмэгтэйчүүдийн оролцоо бага байдаг. Жишээ нь намайг анх Өмнөд суданд холбооны албаны даргаар очно гэж миний өмнө ажиллаж байсан Дашсоном хурандаа штабын бүрэлдэхүүнд хэлэхэд хэн ч итгээгүй гэж байгаа юм. Эмэгтэй хүн томилогдож очно гэхээр санаанд нь багтаагүй юм шиг байгаа юм. Учир миний хийх ажлыг өмнө нь эмэгтэй хүн хийж байгаагүй юм билээ. Анх намайг өрөөнд нь ороход Соном үнэн хэлсэн байна шүү дээ гээд гайхаад байсан. Дараа нь мэдээж миний ажлыг туршлагыг сонирхож асуусан. Бас намайг чамлаж байгаа нь ч мэдрэгдэж байсан. Тийм харцтай би маш олон удаа тулгарч байсан. Тэгэх тусам нь хурцлагдаж, хийж чадахгүй гэж бодсон юм байхдаа гэж бодоод улам их хичээдэг байсан. Товчхондоо бол анх очиход намайг угтсан чамласан харцыг сөрж, өөрийгөө баталж харуулна гэдэг л хамгийн том ажил. Миний хувьд томилогдсон ажиллагаа бүрээс буцахдаа дандаа онцлох үнэлгээг нь авдаг байсан. Хүчний командлагчийн онцлох үнэлгээтэй хуудсыг ажиллагаанд явсан хүн бүр авч чаддаггүй.

ТОДРУУЛГА: Даланзадгадын ДЦС-д дэлбэрэлт болсон нь үнэн. Бэртэж, гэмтсэн хүн байхгүй гэв
ТОДРУУЛГА: Даланзадгадын ДЦС-д дэлбэрэлт болсон нь үнэн. Бэртэж, гэмтсэн хүн байхгүй гэв
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.