УИХ-ын хаврын чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийсэн. Өөрөөр хэлбэл, нээлтээ хийснээс хойш хоёр долоо хоногийн хугацаа өнгөрч буй юм. Гэвч Төрийн ордон нэг л эл хуль.
Уг нь өдийд чуулганы танхимыг дүүртэл суугаад, нэн чухал хуулиудаа батлалцаж баймаар. Ингэх нь тэдний үүрэг мөнөөсөө мөн. УИХ-ын гишүүн нь чуулганы хуралдаандаа тогтмол оролцож, хууль батлалцах үүрэгтэй. Гэтэл "Зуд далимдуулж нохой зооглоно" гэдэг шиг орон нутагт байдал хүнд байна гэх нэрээр ажлаа тасалж, иргэдэд өөрсдийгөө сурталчилж явна. Харин ард нь УИХ-ын чуулган, байнгын хорооны ирц хүрэхгүй байгаагаас болж, төрийн ажил алдагдаж байна. Тухайлбал,
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Төсвийн байнгын хороо хаалттай хуралдаж, Үндэсний аудитын газрын тайланг,
-Нийгмийн бодлогын байнгын хороогоор Гепатитын Д вирусийн халдвартай иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Эрүүл мэндийн сайдын мэдээлэл, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалын судалгааны талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг тус тус сонсох байсан ч ирц хүрээгүйн улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
Тэгвэл шинэ долоо хоног эхэллээ. Мөн л ирц хүрээгүй шалтгаанаар байнгын хорооны хуралдаан хойшлов. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороогоор таван асуудал хэлэлцэж, салбарын сайдын мэдээллийг сонсох байв. Тодруулбал,
-Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 4 гишүүн 2020.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
-Байнгын хорооны тогтоолын төсөл /Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/
-Байнгын хорооны тогтоолын төсөл /Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/
-Боловсролын салбарын эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний ерөнхий мэдээлэл, боловсролын сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл
-2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих явц, бэлтгэл ажлын талаарх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонсохоор тус тус төлөвлөжээ.
Гэвч хуралдаан эхлэх цагаас 30 минут өнгөрч байхад ирц 25 хувиас дээш гарсангүй. Иймд тус байнгын хорооны хурлыг мөн хойшлуулав.
Эндээс УИХ-ын гишүүд ажлын үндсэн чиг үүргээ умартан сонгуульд ач холбогдол өгч буй нь харагдах биз ээ.