Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрчүүд нийгмээс тулгасан дүр, хайрцганд амьдарч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 10 секунд

Монголын нийгэмд "Эр хүн" хүчтэй гэх хэвшэл ойлголтын бараан сүүдэр хэзээнээс ч юм тусчихсан. “Эрэгтэй хүн уйлж болохгүй”, “Амьдралаа авч явах ёстой”, "Байр, автомашинтай байх ёстой" гэх зэрэг уламжлалт хэвшмэл ойлголт эрчүүдийг эмтэлж бас “эвдэж” байна. Хөсөр хаягдсан эрчүүдийн эрх, сэтгэл зүй яван явсаар нийгмийн том асуудал болж хувирахад ойрхон болжээ.

Тодруулбал, Монголын эрэгтэйчүүдийн холбоо 2023 онд "Жилд 400 эрэгтэй сэтгэлзүйн байдлын улмаас амиа хорлодог" гэх сэтгэл сэрдхийлгэм судалгааг гаргажээ. Нийт хүн амтай харьцуулахад энэ бол дэлхийд тэргүүлэх үзүүлэлт юм.

Бид жендерийн эрх тэгш байдлын талаар ам булаалдан ярьдаг. Гэхдээ Монгол Улсын хувьд эдгээр нэр томъёо үндсэн агуулгаасаа гажсан гэдгийг дээрх судалгаанаас харж болохоор.

- Нийгмийн зүгээс “Эр хүн” гэдэг ойлголтыг зөвөөр тодорхойлоогүйгээс бүх асуудал эхтэй-

Жендэрийн үндэсний шинжээч, “Эрчүүд эрүүл гэр бүл төв” ТББ-ын тэргүүн М.Цасчихэр:

-Нийгмийн зүгээс “Эр хүн” гэдэг ойлголтыг зөвөөр тодорхойлоогүйгээс бүх асуудал эхтэй. Овсгоотой, мөнгөтэй, эрх мэдэлтэй, хүчтэй, асуудлыг зохицуулах чадвартай байх ёстой гэсэн хандлага түгээмэл ч эрэгтэй хүн бүр ийм байх боломжгүй. Гэтэл нийгмээс тулгаж буй “Эр хүн” гэдэг хүлээлтэд хүрэхгүй болохоор эрчүүд сэтгэлээр унадаг. Нийгэм нь эрэгтэй хүнийг буруу тодорхойлсноос болоод тэдэнд сэтгэл зүйн асуудал ийм хүчтэй нөлөө үзүүлж байгаа юм.

Нэг үгээр бол эрчүүд нийгмээс тулгасан дүр, хайрцганд амьдарч байна.

Манай төвд эрчүүд зөвлөгөө авахаар ирдэг. Ярилцаад асуудлаа шийдэж болно шүү дээ гэхэд ихэнх нь "Бусдад сул дорой санагдмааргүй байна", “Тэгж доошоо ормооргүй байна”, “Ярилцахад хэцүү санагддаг” гэж хариулсан. Тэд багаасаа эерэг харилцааны аргад суралцаагүй болохоор буулт хийвэл л “Эр хүн” биш болчих гээд байгаа мэт санагддаг гэсэн үг. Эрчүүд сэтгэлзүйн зөвлөгөөг 1-2 удаа аваад ичиж, санаа зовсондоо алга болчихдог. Уг нь үргэлжлүүлээд авах шаардлагатай байдаг.

Тэд асуудлыг ярилцаж шийдэхгүйгээр архи ууж байна. Архи уухаараа л эхнэртээ ам нээдэг. Яриа нийлэхгүй бол зарим тохиолдолд хүч хэрэглэх жишээний.

Энэ нь хөвгүүдийг багаас нь “Эр хүн байж шалчигнаад” гэсэн хандлагаар өөрийгөө илэрхийлэх чадварыг нь хязгаарласнаас болж ихэнх эрчүүд харилцааны ур чадварт суралцаагүй байдаг. Эцэг, эхчүүд охин хүүхдийг бүдэрч унахад нь аргаддаг бол хөвгүүдийг "Эр хүн уйлдаггүй юм. Гутал, өмдөө арч" гэх зэргээр мэдрэмжийг нь шууд хорьж, нуухыг шаарддаг. Асуудал байсаар байхад нэг л мундаг, бүх зүйлийг зохицуулж чаддаг хүн мэтээр явах нь асуудлыг хүчээр шийдэх эсвэл ярилцахгүй дур зоргоор өөрийнхөөрөө шийдэхэд хүргэдэг. Тиймээс эцэг эх, багш нарын аль аль нь эрэгтэй хүүхдэд өөрийн мэдрэмжээ илэрхийлэх, бусдаас тусламж авах нь хэвийн зүйл гэж ойлгуулах чухал.

- Эхнэр хүчирхийлээд байна, нотлох баримт яаж бүрдүүлэх вэ -

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд жилд дунджаар 2000 гаруй хүн ханддаг. Тэдний ердөө таван хувь нь эрэгтэйчүүд. Хэдий цөөхөн ч гэлээ эрчүүд маш их бодож, зориглосны эцэст ханддаг болохыг тус төвийнхөн хэлж байгаа юм. Энд хандсан эрэгтэйчүүдийн зүгээс бусдад хэлэхгүй байх, өөрсдийнх нь мэдээллийг нууцлахыг хүсч санаа зовдог гэнэ. Дийлэнх нь “Эхнэртэйгээ ойлголцохгүй тохиолдолд хаана хандах вэ”, “Эхнэр хүчирхийлээд байна, нотлох баримт яаж бүрдүүлэх вэ” гэх зэргээр зөвлөгөө авдаг аж. Гэхдээ эрэгтэй хүн бүр зөвлөгөө авдаг уу гэвэл үгүй. Ихэнх нь хаана, хэнд хандахаа мэдэхгүй, аргаа олдоггүй гэх. Цагдаагийн байгууллагад бүртгэлтэй хохирогчдын 90 гаруй хувь нь эмэгтэйчүүд. Гэтэл эрэгтэйчүүд санаа зовж, нэрээ бодсондоо чимээгүй бүхнийг даван туулах нь нийтлэг. Зарим нь тэвчээр алдарч гар хүрлээ гэхэд гэр бүлийн хүчирхийллийн буруутан ч болох нь бий.

Маргааныг эмэгтэй хүн эхлүүлж эрэгтэй хүнийг тэвчишгүй байдалд оруулдаг учраас нэг нь хүчирхийлэгч, нөгөө нь хохирогчийн “дүрд тоглодог” гэхэд хилсдэхгүй.

-"Энэ зүгээр" гэж огтхон ч хандаж болохгүй -

Сэтгэл зүйч Г.Маралгуа:

-Эрэгтэй хүнийг стресс даагаад, юу ч бодолгүй зүгээр явдаг гэж бодож байвал том эндүүрэл. Тэд стрессийг шингээж явж байгаад маш том донтолт, эсвэл уналтад ордог. Жишээ нь, Болдын ажил төрөл нь дажгүй сайн юм шиг харагдавч дотроо нийгэм, хамт олон, эхнэрээсээ авчихсан сэтгэлзүйн асар олон дарамт, уйлмаар санагдсан хэр олон тохиолдлууд байгааг мэдэхгүй. Тиймээс "Энэ зүгээр" гэж огтхон ч хандаж болохгүй.

Юу ч хэлсэн манай нөхөр тоодоггүй, ноён нуруутай гэдэг үгнээс сэтгэлзүйн хүчирхийлэл эхэлдэг. Нөхрийнхөө бүх цалинг авчихаад эхнэрээсээ "Ийм юм авах гэсэн юм. Мөнгө шилжүүлээч" гэдэг тохиолдол ч байна. Үүнийг эхнэр, нөхөр хоёулаа хүлээн зөвшөөрч болно. Гэхдээ энэ бол санхүүгийн хүчирхийлэл. Би эхнэр нь учраас бүх юмыг хянана, эсвэл манай аав, ээж ингэдэг байсан учраас би илүү сайн зохицуулж чадна гэх хандлагаар эхнэрүүд хандах нь их. Хэдийгээр гэр бүл зохиосон ч гэсэн хүнд хувийн орон зай хийх дуртай, үзэх дуртай юм байна. Хувийн орон зайд халдаж байгаагаа би чиний эхнэр гэж зөвтгөж байгаа бол сэтгэлзүйн хүчирхийлэл.

Нийгмийн хандлагыг илэрхийлсэн нэг жишээ дурдъя. Эхнэр уурлаад ваартай цэцэг аваад шидэхэд хүмүүс "Нөхөр нь ямар аймар зовоогоо вэ. Ингэтэл нь бачууруулсан байна" гэж ярина. Харин эрэгтэй хүн ваартай цэцэг аваад шидвэл хүчирхийлэгч гэж хардаг.

Нийгэмд эмэгтэй хүн дандаа хохирогч байр суурьтай байдаг. Судалгаанаас харахад эрэгтэй хүн, эмэгтэй хүнд бие махбодиороо уураа илэрхийлдэг. Надад хэцүү, өндөр шаардлага тавиад байна гэдгээ хэлж чаддаггүй учраас түрэмгий байдлаар уураа гаргачихдаг. Нөгөөтэйгүүр нөхрөө өмнөх үерхсэн хүнтэйгээ, найзынхаа нөхөртэй харьцуулдаг. Энэ бол тэгш эрх биш. Гэхдээ мэдээж бүх эмэгтэй ийм биш шүү. Энэ сэдвийг онцолж байгаа учраас л ярилаа.

-------------------------

Муу л бол хойд захын хар овоохой гэгчээр ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, салалт, урвалт бүхэнд бид эрчүүдээ буруутгахаас илүү эмэгтэй хүн ч ялгаагүй өөрсдөөсөө бурууг хайх хэрэгтэй. Эрчүүдийн талаарх нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд хүн бүрийн хандлага чухал. Жишээлбэл, залуу хос санхүүгийн асуудлын улмаас хадмын хаяа бараадахад, нөхрийг нь "Гэр бүлээ ч тэжээж чадахгүй, арчаагүй гэцгээнэ. Эхнэр нь өндөр цалинтай ажил хийж, нөхөр нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөх, гэрийн ажлаа зохицуулахад бусдын зүгээс "Эр юм байж гэртээ хүүхэн шиг суулаа" гэх зэргээр хатуу үгээр иднэ. Тиймээс нөхөртөө, хүүдээ, хүргэндээ хэлсэн хатуухан үгээрээ хүчирхийлэл үйлдэж буйгаа анзаарахад илүүдэхгүй биз ээ.

Эрэгтэй хүн хүчтэй, уйлдаггүй гэх зэрэг хэвшмэл ойлголтод хүлэгдсэн эрчүүд шалчиганахгүй, шалтаг тоочихгүй гэсээр эрхээ эдэлж чадахгүй байсаар байна. Энэ бүхэн монгол залуус, эрчүүддээ анхаарах цаг хэдийнэ болсныг илтгэж буй.

Сонгинохайрханчууд “Малчдадаа тусалъя” аянд нэгдлээ
Сонгинохайрханчууд “Малчдадаа тусалъя” аянд нэгдлээ
 
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.