Прокурорын байгууллага 2024 оны 2 дугаар сарын 26-наас 3 дугаар сарын 01-ний өдрүүдэд 254 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 119, Өмчлөх эрхийн эсрэг 75, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 35, Хүрээлэн байгаа орчны эсрэг 14, Авлига, албан тушаалын 5, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3, Хүний амьд явах эрхийн эсрэг 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 1 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.А нь албан тушаалын байдлаа урвуулан, татвар төлөгч хуулийн этгээдүүдийн татварын зөрчлийг арилгах, тайланг засварлах зэрэг үйлдлийг хийсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.