Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Гэвч өнөөдөр гэр бүл салсан тохиолдолд эцэг, эх нь хүүхдийн тэтгэлгээ хугацаандаа төлөхгүй байх, эсвэл шүүхийн шийдвэрт заагдсан мөнгөн дүнгээc илт багаар төлөх асуудал түгээмэл байна. Энэ асуудлаар ШШГЕГ-ын дэд дарга бөгөөд Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий гүйцэтгэгч, хурандаа А.Намсаманд тодруулга өгчээ.
Тэрбээр энэ талаар хэлэхдээ "Улсын хэмжээнд 11,400 гаруй хүүхдийн тэтгэлэг гаргуулах гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Өнгөрсөн онд шүүхээр 2700 гаруй гэрлэлт цуцлагдаж, үүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахтай холбоотой мянга гаруй хэрэг шийдвэрлэгдэж тус байгууллагад ирсэн байна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах ажиллагаа бусад ажиллагаатай харьцуулахад онцлогтой. Тэжээн тэтгүүлэгч хүүхдийн 18 нас хүртэл нь сар бүр амьжиргааны баталгаажуулах түвшингийн доод хэмжээгээр тэтгэмж олгодог.
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах ажиллагаанд гэр бүлээ цуцлуулсан иргэдийн таарамжгүй харьцаа, төлбөр төлөгчийн төлбөрийн чадвар, ажилгүйдэл, оршин суух хаяг тодорхойгүй байх, Монгол Улсын хилээр гарсан зэрэг асуудал тэтгэлэг гаргуулах ажиллагааг удаашруулах нөхцөл үүсгэдэг" гэв.
Мөн хүүхдийн тэтгэлэг төлөөгүй этгээдэд хүлээлгэх хариуцлагыг 7-30 хоногийн хугацаанд баривчлах, цаашлаад гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх зэргээр хуульд зүйлчилсэн ажээ.
Тодруулгыг "Үндэсний шуудан" сонины 156 (3620) дугаараас эшлэв.