Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын тухай хуулийн 38 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 50 секунд


УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаар боллоо.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Хоригийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.  

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлан боловсруулж зохих журмын дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, тус төслөөс дэмжигдэн батлагдсан нэг заалт нь Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт орсон “хууль санаачлах … эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэсэн өөрчлөлт аж. Үүнийг Үндсэн хуульд оруулах болсон гол үзэл баримтлал нь Эрүүгийн болон Иргэний хууль, Төсөв, Татварын хууль зэрэг мэргэжлийн яамны боловсруулбал зохих хууль, тогтоомжийг Улсын Их Хурлын гишүүн, мөн түүнчлэн Ерөнхийлөгч санаачилдаг байдлыг болиулах, Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх ач холбогдол бүхий хуулиудыг мэргэжлийн өндөр түвшинд хийдэл, зөрчилгүйгээр боловсруулан баталж, сайжруулдаг байх, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг дэлхийн улс орнуудын жишиг, өөрийн орны онцлог нөхцөлд нийцүүлэн хуулиар зөв тогтоох зэрэгт чиглэсэн байна.

Гэтэл Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй  тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан, хэт субьектив санаа зорилго агуулсан зохицуулалт болсон хэмээн үзсэн гэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв  нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасан бөгөөд энэ зарчим хууль санаачлах эрхийн хүрээнд ч мөн адил үйлчлэх ёстой. Өөрөөр хэлбэл,  хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтоохдоо тухайлсан байдлаар бус, тодруулбал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт заасан “Төсвийн хүрээний мэдэгдэл, улсын төсөв, түүний гүйцэтгэл, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, түүнчлэн өмч, татвар, эрүү, иргэн, захиргааны ерөнхий болон зөрчлийн тухай анхдагч хууль, шинэчилсэн найруулга болон Засгийн газар санаачлахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг зөвхөн Засгийн газар санаачилна” гэсэн зохицуулалтын хүрээнд нийтлэг байдлаар тогтоох нь зөв юм.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьжээ.

Үргэлжлүүлэн холбогдох Байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцсэн санал, дүгнэлтийг танилцуулав. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцууллаа. Тус Байнгын хороо 2020.08.18-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. Тус Байнгын хороо 2020.08.19-ний өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзжээ.

Хуралдаан даргалагч хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ажлын хэсгийг танилцуулав. Ажлын хэсэгт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Хуулийн хэлтсийн дарга Д.Отгонбаяр, Хуулийн хэлтсийн ахлах референт Г.Сувдаа нар иржээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Д.Ганбат, Д.Мөнхбаатар, С.Одонтуяа, Ц.Туваан, Н.Алтанхуяг, Л.Энх-Амгалан, Т.Аюурсайхан, Б.Энхбаяр, Ш.Адьшаа, С.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авав.

Гишүүдийн асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир хариулт өгч, тайлбар хийлээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байхад Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарын талаар яригдаж, одоо яригдаж байгаа заалт Үндсэн хуульд орсон. Үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын тухай хуульд зохицуулалт оруулсан. Хоригийг хүлээж авсан тохиолдолд Үндсэн хуулийн зөрчил үүсэх эсэхийг тодруулсан. Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт хариулахдаа, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх явцад Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний зөвшилцлийн комисс ажилласан. Ингэхдээ хууль санаачлах эрхтэй субьектүүдийн хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг тогтоохоор зөвшилцсөн. Хоригийг хүлээж авбал Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Хууль, тогтоомжийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах, Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарын асуудал хөндөгдөнө гэсэн агуулгаар хариуллаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хууль зүйн үндэслэлтэй тул Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ хоригийг хүлээж авсны дараа Улсын Их Хурал, Байнгын хороо хуульд зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулахдаа хэд хэдэн асуудлыг хамтатгаж шийдвэрлэх шаардлагатай хэмээн тодорхой саналыг гаргасан.

Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан, Ж.Батсуурь, Ш.Раднаасэд, Н.Энхболд, Д.Ганбат  нар үг хэлсэн.

Гишүүд үг хэлсний дараа санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 68 гишүүний 53 нь дэмжив. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах зүйтэй хэмээн гишүүдийн олонх үзсэн тул энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг Г.Занданшатар дарга танилцуулсан. Ингээд тогтоолын төслийг батлах санал хураалт явуулахад гишүүдийн 79.4 хувь нь дэмжсэн юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Ачлал их дэлгүүрийн арын талбайн газрын зөвшөөрлийг цуцална
Ачлал их дэлгүүрийн арын талбайн газрын зөвшөөрлийг цуцална
 
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.