Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй МАН бусад улс төрийн намуудтай зөвшилцөж, өнгөрөгч оны сүүлээр сонгуулийг бүсчилсэн тойргоор зохион байгуулах асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж батлуулсан. Тэгвэл бүсчилсэн тойргийн эргэн тойронд хөндөгдөж буй асуудлаар МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.
-Бүсчилсэн тойргоор сонгуулиа зохион байгуулахаар боллоо. Та үүнд судлаач хүнийхээ хувьд ямар байр сууринаас хандаж байна вэ. Ер нь тойргийг бүсчилсэн байдлаар томруулах нь ямар онцлог талтай вэ?
-Бүсчилсэн буюу хэд хэдэн аймгийг нэгтгэх замаар нэг тойрог болгоно гэсэн үг шүү дээ. Маш энгийнээр тайлбарлавал, бидний өмнө санал өгдөг байсан мажоритар тогтолцоо буюу олныг төлөөлөх тогтолцооны томсгосон хэлбэр гэж ойлгож болно. Тойргийг томруулж, санал өгөх хүмүүсийг олон болгож байна л гэсэн үг. Дотор нь байгаа мандатыг тоог их болгож байна гэж ойлгож болох юм. Ялгаатай нь олон нэр дэвшигчид дундаас бид сонголтоо хийнэ гэсэн үг.
Хоёрдугаарт, бүсчилсэн буюу хөгжлийн бодлого гэж орж ирж байгаа. Хөгжлийн бодлогыг томъёолдог, зурдаг, үзэл баримтлалыг боловсруулдаг судлаачдын хувьд Монгол Улсыг таван том бүсэд хуваасан байдаг. Тэгвэл яагаад бүсчилсэн хэлбэр рүү шилжих гээд байна вэ гэдгийг аваад үзье. Тойргуудын нэр дэвшилт дээр ямар асуудал гардаг вэ. Тухайлбал, нэг аймгаас нэр дэвшээд сонгогдоод гараад ирлээ гэж бодьё. Төсөв хуваарилах болоход өөрийнхөө тойрог дээр ахиу төсөв хуваарилах талаар асуудал болж яригддаг.
Үүнээс шалтгаалан төсвөө нэн тэргүүнд хийх ёстой ажил руугаа бус 21 аймаг руу тараах шаардлага бий болдог. Улмаар томоохон бүтээн байгуулалтуудаа хийх боломжгүй болчихдог. Тэгэхээр аймаг бүрт 2-3 мандат өгч буй нь төсвийн үр ашиггүй байдлыг ихэсгэж байна. Энэ үүднээс тойргуудыг томсгож, хөгжлийн бодлогоо зорилттойгоор биелүүлдэг больё гэдэг нь энэ шийдлийн хамгийн том зорилго гэж харж болно.
Судлаач миний өнцгөөс харахад, 2012 оноос бусад оны сонгуулиудад мажоритар тогтолцоогоор явж ирсэн. Тухайн тойрогтоо төрж өссөн, аль илүү танигдсан, нэр хүндтэй магадгүй тойрогтоо байнга эдийн засгийн болон бусад хэлбэрээр ивээлийн улс төр хийдэг улс төрч нар буюу тойрогтоо хаан суусан хүмүүсээсээ салж чадаагүй гэсэн үг. Тэгэхээр тойргийг томруулбал, улс орныхоо төлөө ажлаа хийж чаддаг хүн шүү гэж үнэлэгддэг хүмүүс гарч ирэх боломжтой. Хамгийн том зорилго нь, хөгжлийн бодлогыг эрэмбэлэх явдал гэж харж байна.
Нөгөө талаасаа тойрогтоо хаан суусан хүмүүсийг цэгцлэх асуудал өрнөж байна гэж харж байна.
-Сул талын тухайд?
-Мэдээж хэрэг эерэг болон сөрөг талтай. Тойрог томрох тусам олон нийтэд танигдсан байх "шалгуур" бий болно. Жишээлбэл, зөвхөн Архангайд танигдсан хүн тойргийг бүсчилсэн тохиолдолд Төвийн бүсийн бусад аймгууддаа танигдах шаардлагатай болно. Энэ хэцүү. Тэгэхээр яалт ч үгүй олонд танигдсан хүнд том давуу тал бий болчихдог. Нөгөө талдаа шинэ хүн сонгогдоход хэцүү. Эмэгтэйчүүдэд халтай, цөөнхийн дуу хоолой нэлээн багасдаг. Жижиг намууд орж ирэх боломжгүй болдог гэх мэт сөрөг талууд бий. Сайн талаас нь харвал, бид хөгжлийн бодлогыг нэг номерт тавихаас өөр аргагүй болж байна. Экспорт, эрчим хүч, шатахуун, төмөр зам, дэд бүтэц зэрэг салбаруудаа харахад уналтад орсон байгаа. Энэ бүхнийг давж туулахын тулд төсөв зорилготой хэрэглэгддэг байх ёстой. Тэгэхээр үүний төлөө томсгосон мажоритар системийн асуудлыг хөндөж байна гэж харж байгаа.
-Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийг Баян-Өлгий аймагтай нийлүүлж нэг тойрог болгоё. Гэтэл тухайн дөрвөн аймаг казах хүнийг сонгох уу-
-Бүсчилсэн тойргийн асуудалд Баян-Өлгий аймгийг аль болох хөндөхгүй байхаар тохирсон. Гэхдээ үүнд шүүмжлэлтэй хандах хүмүүс цөөнгүй байгаа?
-Хоёр талтай. Монголчууд нэгдмэл мөртлөө яагаад Баян-Өлгийг дангаар нь тойрог болгох ёстой юм гэдэг байдлаар хандах хүмүүс байж болно. Энэ бол зүй ёсны асуудал. Гэхдээ бид нөгөө талаас нь харах ёстой. Үндэстэн доторх цөөнх шүү дээ. Тэдний эрх ашгийг энэ зэрэгт тавих ёстой.
Жишээлбэл, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан аймгийг Баян-Өлгий аймагтай нийлүүлж нэг тойрог болгоё. Гэтэл тухайн дөрвөн аймаг хэзээ ч казах хүнийг сонгохгүй. Үндэстэн ястны ялгаатай байдлаас харсан ч тэр. Тэгэхээр Баян-Өлгийд байгаа хүмүүсийн эрх ашгийг хэн ярих вэ, асуудлыг нь хэн хөндөх вэ гэдэг асуудал үүснэ. Энэ утгаараа казах түмний соёл, шашны ялгааг хүндэтгэж үзэх ёстой.
Баян-Өлгийн тойргийг үлдээе гэдэг зохицуулалт нь тэдний эрхийг хүндэтгэж буй зүйл гэж харж байгаа. Аль аль талаа бодсон ч тэр цөөнхийн эрх ашгийг хүндэтгэж байна гэж харж байна. Нөгөө талаас үндэстний цөөнхийг онцгойлон үздэг, эрх ашгийг нь хангах үүднээс тусгай суудал хийдэг зохицуулалт хүртэл олон улсад бий. Бидний хувьд анхны, нэгдмэл байх ёстой гэдэг хандлага нийгмийн сэтгэлзүйд байдаг учраас тийм байр суурийг илэрхийлсэн байгаа болов уу гэж бодож байна.
-Томсгосон тойргоор дараагийн хэд хэдэн сонгууль явах хэрэгтэй. Цаашид ч энэ чигээрээ явах нь тодорхой болчихвол залуус, жижиг нам эвслийнхэн өөрөө өөрсдийнхөө улс төрийн капитал нөөцөө бүрдүүлдэг, улс төр хийж сурах соёлыг өдөөж өгнө-
-Өрсөлдөөн хэр өрнөх бол. Магадгүй таны өмнө яриандаа дурдсанчлан залуус, эмэгтэйчүүд өрсөлдөөнд жин дарах магадлал тун бага. Эсрэгээрээ олонд танигдсан байдлаараа нөгөө л сонгогддог хэдэн хүмүүс нь сонгогдоод гараад ирэх юм биш үү?
-Тийм ээ. Мэдээж өрсөлдөөн хүчний тэнцвэргүй байх нь тодорхой. Яагаад гэвэл олонд танигдсан, нэр хүндтэй байдлаа хүн бүр бий болгож чадаагүй байгаа шүү дээ. Энэ утгаараа ялгаатай байдал үүснэ. Үүнийг бүгд мэдэж байгаа байх. АН болон ХҮН зэрэг улс төрийн намуудтайгаа ойлголцсон гэж би ойлгож байгаа. Хамгийн түрүүнд хөгжлийн бодлогоо ярья гэдэгт тохирч байна гэж харж байна. Эрэмбэлбэл, нэгдүгээрт хөгжлийн бодлого. Түүний дараа цэвэр өрсөлдөөн, ямар нэр дэвшигчийг монголчууд дэмждэг болох вэ гэдэг соёлыг төлөвшүүлэхийг зорьж байгаа юм болов уу.
Би хувьдаа холимог тогтолцоог суурьших нь зөв гэж бодож байгаа. Том бүсчилсэн хэлбэр рүү шилжүүлэхээр сонгуулийн дараа таалах, таалахгүй зүйл гарч ирнэ. Гэхдээ үүнээс болоод дахиад л сонгуулийн хуулиа өөрчлөх нь улс төрийн боловсролд сайн зүйл биш.
-Томсгосон тойргоо дараа дараагийн сонгуулиудад ч туршаад явах нь үр дүнтэй юу. Ер нь урт хугацаандаа л үр дүн нь мэдэгдэх байх?
-Хэрэв томсгоод хуваачих юм бол энэ чигээрээ хэдэн сонгууль явах хэрэгтэй. Энэ чигээрээ явах нь тодорхой болчихвол залуус, жижиг нам эвслийнхэн, жендерийн эрх тэгш байдлын хувьд арай бага хүйсийн хэсэг нь өөрөө өөрсдийнхөө улс төрийн капитал нөөцөө бүрдүүлдэг, улс төр хийж сурдаг соёлыг өдөөж өгөх байх гэж бодож байгаа. Урт хугацаандаа үр дүн өөрчлөлт нь гарч ирнэ.
Хэрэв дөрвөн жилийн дараа нөгөө томсгосон тойргоо буцаагаад хэвэнд нь оруулчихвал бид ерөөсөө сонгуулийн соёлд суралцаж чадахгүй. Сонгууль бол жинхэнэ утгаараа шударга өрсөлдөөний үндсэн дээр хамгийн их дэмжигдэж байгаа мөрийн хөтөлбөр, бодлогыг уралдуулж гаргаж ирж байгаа зүйл шүү дээ. Цаана нь олон ургальч үзэл заавал хамт гарч ирж байх ёстой. Тэгэхээр эдгээрийг шингээхүйц байдлаар сонгуулийн тойргуудтай холбоотой зохицуулалтыг хийх ёстой гэж харж байна.
Ярилцсанд баярлалаа.