МСНЭ-ээс “Мөрдөн байцаалтын нууц задруулсан алба хаагч, ажилтанд оногдуулах ялыг чангатгах” заалтыг хасах шаардлагыг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт хүргүүллээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяраас тодруулахад тэрбээр,
"Хэвлэл мэдээллийн салбарын эсэргүүцэж буй нэг заалт байгаа. Энэ нь мөрдөн байцаалтын шатанд явж байгаа гэмт хэргийн нууцыг задруулбал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалтыг эсэргүүцэж байгаа юм.
Хуулиар хулгай хийх боломжийг эрүүгийн хуульд оруулж өгч байгааг хардаж байна. Нууц гэдэг үгний цаана дандаа хулгай луйвар явж байдаг, луйвраа нуух гэж оролдож байдаг. Гэтэл Эрүүгийн хуульд мөрдөн байцаалтын шатны асуудлыг нууж байгаа нь эргээд хуулийнхан тэр завхарлыг бий болгох нөхцөлийг бүрдүүлж өгч байна гэж харж байна.
Шүгэл үлээж буй төрийн албан хаагч ялтан болбол яах вэ энэ асуудал ч мөн гарч ирнэ. Нөгөө талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шүгэл үлээгээрэй төрийн албан хаагчдаа" гэж баруун мөрөн дээр нь алгадаж байгаа. Гэтэл ХЗДХ-ийн сайд "Мөрдөн байцаалтын явцад шүгэл үлээвэл чи ялтан болно шүү" гэж зүүн мөрөн дээр нь сүрдүүлж байгаатай ялгаагүй сонсогдож байна.
Хэвлэл мэдээллийнхэн иргэдийн мэдэх эрхийн төлөө ажилладаг. Тиймээс энэ нууцын асуудлыг эсэргүүцэхээс өөр аргагүй. Учир нь мөрдөн байцаалтын шатанд явж байгаа завхралыг олж тогтоох үүргийг хэвлэл мэдээллийн салбар гүйцэтгэдэг. Энд эх сурвалжууд байна гэсэн үг. Гэтэл мөрдөн байцаалтын нууц задруулсан хүнийг олохын тулд хэвлэл мэдээллийнхнийг байцаах болон хүч хэрэглэх эрсдэлтэй учраас үүнийг эсэргүүцэж, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүллээ" хэмээв.