УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 5 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Нэр дэвшигчийн сонсголтой холбогдуулан гаргасан уг дүгнэлт судлаачид, иргэний нийгмийн байгууллага, олны анхаарлын төвд байгаа. Учир нь нээлттэй, ил тод байдлыг дэмжих зорилгоор төрийн өндөр албан тушаалтнуудыг томилохын өмнө иргэдийн мэдэх эрхийг хангах, олон нийтэд танилцуулах зорилгоор нэр дэвшигчийн сонсгол хийхээр хуульчилсан зарим зохицуулалтыг Цэц түдгэлзүүлээд байгаа юм.
Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар "Ардчилсан бүх Үндсэн хуульд төрийн бүх эрх мэдэл ард түмнээс эх сурвалжтай байна гэж заасан байдаг. Ард түмэнд мэдэх эрхийг нь хангаж байгаа, ард түмнээс эх сурвалжтай байх гэсэн Үндсэн хуулийн зарчимд суурилж хийгдэж байгаа бүхнийг ҮХЦ яагаад үгүйсгээд байдаг юм бэ. Иймээс ҮХЦ-ийг цэгцлэх шаардлагатай байна гээд хуулийг нь шинэчлэн боловсруулах Ажлын хэсгийн Ц.Мөнх-Оргил гишүүнээр ахлуулсан. Нэг жилийн хугацаа өнгөрлөө. Цэц гэдэг байгууллага сүүлдээ шүүх ч юм шиг шүүх биш ч юм шиг, хүнийг хамгаалаад аль эсвэл хамгаалахгүй ч байгаа юм шиг эргэлзээтэй шийдвэр гаргаж байгаа нь нууц биш. Тиймээс Ц.Мөнх-Оргил гишүүн ээ, ҮХЦ-ийн хуулийг яаравчлуулмаар байна" гэв.