"СУРГУУЛИЙН ЭМЧ" ...
Сургуулийн амьдралыг харуулсан гадны кинонууд дээр өвдсөн, уйлсан, унасан, бүдэрсэн гээд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ авах шаардлагатай хүүхдүүд эмчийн өрөөнд очиж, эмчилгээ, үйлчилгээ аваад хаалтаар тусгаарлаж бэлдсэн орон дээр хэвтэж, амарч байгаа дүр зураг түгээмэл харагддаг.
Харамсалтай манайд ийм дүр зураг түгээмэл биш. Бие нь жаахан тавгүйрхвэл эмчдээ хэлж, чөлөө авах зорилготойгоор сургуулийн эмчийн өрөөг зорьдог гээд хэлчихэд буруудахгүй. Учир нь анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлчихээд шинж тэмдгийг нь арилтал түр амраах боломжтой тусгай өрөөг бэлдсэн улсын сургууль бараг л байдаггүй. Тиймээс бид сургуулийн эмчийн өрөөг сурагчдад зориулсан амрах хэсэгтэй болгох нь ямар ач холбогдолтой талаар болон сургуулийн эмчийн ажлын өдөр хэрхэн яаж өнгөрдөг, хэчнээн хүүхдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.
Бидний сонгосон сургууль бол Монгол III дугаар сургууль. Учир нь тус сургууль эмчийнхээ өрөөнд сурагчдад зориулсан амралтын хэсгийг шийдэж өгсөн цөөхөн хэдэн улсын тодотголтой сургуулийн нэг.
Бид тус сургуулийн эмч Ц.Мөнхтуяатай цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу. Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Б.Мөнхтуяа гэдэг. Монгол III дугаар сургуулийн эмчээр ажиллаад таван жил болж байна.
-Ажлынхаа онцлогын талаар бидэнд товчхон мэдээлэл өгөөч. Хүүхдүүдтэй ажиллахад хүндрэл бэрхшээлтэй зүйл байдаг уу?
-Манай сургууль 2000 гаруй хүүхэдтэй. Эдгээр хүүхдүүдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлж, зөвлөгөө мэдээлэл өгч ажилладаг. Эрүүл энхийн манаанд зогсох тангараг өргөсөн эмч хүний хувьд бидний ирээдүй хойч үе болсон хүүхдүүдтэй ажиллана гэдэг нь хамгийн сайхан ажил. Тусламж гуйж орж ирсэн хүүхдүүддээ бүх талаар нь тусалж, дэмжихийг хичээдэг.
-Өдөрт хэчнээн хүүхэд таныг зорьж орж ирдэг вэ. Ихэвчлэн ямар шалтгаанаар таньд ханддаг бол?
-Өдөрт дунджаар 20-30 хүүхэд орж ирдэг. Ихэвчлэн толгой өвдлөө, дотор муухайрлаа, шүд өвдлөө гэх мэтчилэн зовиур шаналгаатай хүүхдүүд эмчдээ ханддаг. Энэ нь цэвэр эцэг, эхчүүдийн асаргаа сувилгаатай холбоотой. Өглөөд цайгаа уугаагүй гарч ирсэн хүүхдүүд олон хүүхэд бужигнасан чимээ шуугиантай бүгчим орчинд орж ирэхээрээ толгой өвдөх, дотор муухайрах шинж тэмдэг илрэх нь түгээмэл байдаг. Тиймээс эцэг, эхчүүд энэ асуудалд онцгой анхаарах шаардлага зайлшгүй тулгарч байна. Мөн улирал солигдож, ханиад томуу ихсэж байгаа энэ цаг мөчид дархлааг нь маш сайн дэмжиж, хувцаслалт дээр нь анхаарч, дулаан хувцаслах хэрэгтэй. Энэ мэт жижигхэн юм шиг харагдаж байгаа асуудал хүүхдүүдийг хямрааж, хичээл сургалтын үр дүнд нөлөөлдөг гэдгийг эцэг, эхчүүд маш сайн ойлгох хэрэгтэй.
-Танд хандаж, тусламж эрж орж ирсэн хүүхдүүдэд та ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Миний хүүхдүүддээ нийтлэг өгдөг зөвлөгөө бол сайн унтаж амрах, өглөөний цайгаа заавал уух, дулаан хувцаслах, хамар хоолойгоо тогтмол угаах гэх мэтчилэн зөвлөгөөг өгч, шаардлагатай тохиолдолд шинж тэмдэг арилгах эмчилгээ, үйлчилгээ үзүүлж амралтын хэсэгтээ хэвтүүлж, унтуулж амраагаад хичээлд нь оруулдаг.
-Таны өрөөнд өвдөж, зовиурласан сурагчдыг амраах зориулалттай өрөө байдаг нь надад маш том давуу тал юм шиг санагдлаа. Ийм өрөөтэй байхын гол ач холбогдол нь юу юм бол оо?
-Давуу тал байлгүй яахав. Зовиур шаналгаа ихтэй орж ирсэн хүүхдүүдэд халуун баахуй цай өгөөд 30 минут хэвтүүлж, амраахаар маш гоё сэргээд баярлалаа эмчээ гээд гараад явдаг. Өвдлөө гээд орж ирсэн хүүхэд болгоныг гэртээ хариад амар гээд чөлөө өгөөд явуулаад байж болохгүй шүү дээ. Тэгэхээр сургууль болгон ийм өрөөтэй болоод хүүхдүүдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг болчихвол маш их ач холбогдолтой. Манайх одоохондоо хүүхдэд зориулсан ганцхан ортой. Энэ орыг 2-3 болгоод, эрэгтэй, эмэгтэй хүүхдийнх гээд тусгаарлаад өгчихвөл илүү үр өгөөжтэй байх болов уу гэж боддог.
-Сургуулийн эмчийн хувьд эцэг эхчүүдэд хандаж юуг хэлмээр байна?
-Хатуухан хэлэхэд, эцэг эхчүүд үүргээ биелүүлэхгүй байна. Хүүхдээ эрт унтуулахгүй, дутуу нойртой хонуулчихаад өглөөний цайг нь уулгахгүй гаргадаг байж болохгүй. Дутуу нойртой, хоосон ходоодтой хүүхэд хичээлдээ төвлөрч, таны хүсээд байгаа сурлагын амжилтыг гаргаж чадахгүй. Бие физиологи нь хариу үйлдэл үзүүлээд бие нь тавгүйрхээд ирэхээр эмчээ би яах уу гээд ороод ирдэг. Тиймээс наад захын үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлэх хэрэгтэй.
-Сургуулийн эмч нарын ажиллах орчин нөхцлийг гадны улс орныхтой харьцуулахад хэр хэмжээнд байна гэж та хардаг вэ. Хүндрэл бэрхшээлтэй зүйл нь юу байна?
-Ажиллах орчин нөхцөл хангалттай сайн байж чаддаггүй. Манай сургуулийн тухайд бусад улсын сургуулиудтай харьцуулахад орчин нөхцөл сайтай гэдгийг та бүхэн харж байгаа байх. Харамсалтай нь энэ гадны сургуулиудтай харьцуулахад хангалттай хэмжээнд биш. Хаана нь ч хүрэхгүй. Тэгээд бодоод үзэхээр ажиллах орчин нөхцлийг сайжруулах, сургууль бүрийг амрах өрөөтэй болгох гээд сайжруулах зүйл олон бий.