Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын ардчилал СОНГОЛТ хийх хувь хүний ЧАДАМЖААРАА л хоцорч байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
6 минут 51 секунд
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн айлчлал /Washington DC/

Ардчилал бол сонголт юм. Төр барихаа ч сонгоно. Хэн байхаа ч сонгоно. Энэ бол эрх чөлөөний, ардчиллын үнэ цэнэ. Социализм, коммунизм, хаант засаглал, тоталитар гээд алинд ч бид төр засгаа, хэн байхаа сонгож чадахгүй. Бүгд нэг өнгийн хувцас өмсөж, адилхан талх идэх ёстой гэвэл идэж, өмсөхөөс өөр гарцгүй. Тиймээс хүний нийгэмд хэн байх аа, улсын хувьд ямар байхаа бид сонгох гэж ардчиллын замаар тууштай 30 жил зүтгэжээ.

Алдаа оноо мэдээж бий. Гэхдээ алдаа нь ардчиллаас огт болоогүй гэдгийг хэдэн өдрийн турш эрх чөлөөний орон гэгддэг Америкт ажиллахдаа мэдэрсэн юм. Бидний олсон ардчилал тэдний хэдэн зуун жил бэхжүүлсэн ардчиллаас дутах зүйл үнэндээ алга. Ардчиллыг төгс оршоодог зүйл нь хөндий харанхуй цээж, чанга дуутай хоосон толгой биш. Гагцхүү дэг журам, хууль дүрэм бөгөөд чиний эрх бусдын эрхийн өмнө очиж дуусах тэр мөч юм. Энд чи нийгэмд эзлэх байр суурийнхаа хувьд хэн ч биш. Угаасаа хэн ч биш байж болох эрхийг ардчилал өөрөө олгодог учраас л хүмүүс энэ эрх чөлөөнд хайртай байдаг биз. Тиймээс л өнөөдөр дэлхий дээр ардчиллаас өөр дэвшилтэд засаглал байхгүй байх. Харин хэн нэгэн гэдгээ мэдэрч, хийж бүтээе гэвэл бусдаас илүү боловсорч, бусдаас илүү хөгжиж, хөдөлмөрлөх эрх нь бүгдэд тэгш олгогджээ. Энд мөнгөтэй юу, мөнгөгүй юу хамаагүй. Бүгд сонголт хийх эрхтэй. Өөрөөр хэлбэл, хувь хүнийхээ хувьд хэн байх сонголтыг ардчилал танд өгч буй юм. Бид тэр сонголт дээрээ л алдаж байна. Бусдаар бол бидний ардчилал өнгөлөг байна.

Өнөөдөр харааж ерөөж байгаа улс төрийн хүчнийг, улстөрчийг чи, бид л сонгосон. Ажил орлоготой эсвэл амандаа хийх талхны мөнгөгүй байгаа бол үүнд хувь хүн та өөрөө л буруутай. Оюун санаа, боловсролын түвшингээ ахиулаагүй, ажил хөдөлмөр эрхлээгүй бидний л алдаа. Энд ардчилал, төр засаг, эсвэл хамар хашааны хэн нэгэн ширхэгийн төдий ч буруугүй.

Гэхдээ сонголт хийх эрх чөлөө өөрөө эрсдэлтэй. Эрх чөлөөний шоронд оршин байдаг бид ямар сонголт хийх ёстойгоо мэдэхгүй учраас заримдаа алддаг. Вашингтоны төв шахуу гудамжаар хар тамхиндаа мансуурсан хүмүүс багагүй зөрнө. Нээлттэй учраас хэрэглэх эсэх нь бас л хувь хүний сонголт. Хэрвээ чи хар тамхийг сонговол гудамжиндаа homeless-н дүрээр хархнуудын эгнээнд шилжиж болно. Хар тамхийг тойроод гарвал амьдралын дараагийн алхам руугаа урагшилж болно. Яг л манайд архиа сонгох уу, амьдралаа сонгох уу гэдэг шиг. Сонирхолтой нь “харх” болох сонголт дээр үлдэх нь тухайн хүний л эрх чөлөө. Гэхдээ энэ нь мэдээж сайн сонголт биш. Тиймээс л оюун санаагаа хөгжүүлцгээж буй юм.

Тэгвэл аж амьдралаас ахиулаад улс орны хэмжээнд сонголтын тухай бодож үзье. Сая гэхэд л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг анх удаа АНУ Дэд Ерөнхийлөгчийн түвшинд хүлээн авч, шууд нислэгээс эхлээд цөөнгүй чухал асуудлыг шийдвэрлэв. Энэ ч гэсэн бид ардчилалтай байхыг улсаараа сонгосон сонголтын гавьяа. Манайх шиг жижиг статустай хэдэн арван улсын элчин сайдууд төрийн тэргүүдийнхээ айлчлалыг Америкт зохион байгуулах гэж үйл тамаа үзэж, бичиг цаасаа шидэлж суугаа. Америкийн өндөр албан тушаалтантай уулзуулаад гар бариулчихвал бүс нутагтаа геополитикийн хувьд анхаарлын төв ороод ирнэ. Харамсалтай нь хүссэн болгон ийм айлчлал зохион байгуулуулж, харилцан асуудлуудыг шийднэ гэж байхгүй. Гагцхүү өнөөх ардчиллын сонголт л үүнийг авч ирж буй юм. Манай хувьд бусдаас онцлогтой хоёр зүйл бий. Нэг нь газар зүйн байршил. Худалдаа, хөрөнгө санхүү, технологиороо дэлхийд ноёрхох гэсэн Хятад. Хэзээнээсээ дэлхийд жанжлахыг хүсэн тэмүүлэгч ОХУ бол АНУ-ын хамгийн том өрсөлдөгчдийн нэг. Үүнийг АНУ, Хятад, ОХУ-ын гурвалжин ч гэж нэрлэх нь бий. Тэгвэл тэдний дунд Монгол оршино гэдэг бол геополитикийн хувьд өндөр ач холбогдолтой гэсэн үг. Нөгөө талдаа ардчилсан бус дэглэмтэй хоёр улсын дунд ардчиллын баянбүрд болон оршиж байгаа нь бидний сонголт юм. Тиймээс л бид сонгосон сонголтынхоо ачаар АНУ-д айлчилж, олон асуудлаар хамтран ажиллахаар болж буй юм. Тиймээс л манай Ерөнхий сайдыг Америкийн тал өндөр дээд түвшинд хүлээн авч буй хэрэг.

Эцэст нь хэлэхэд ардчиллыг анархизмаас авардаг зүйл нь хэм хэмжээ юм. Тэрхүү хэм хэмжээнд дунд оршихын тулд хувь хүн ч, улс орон ч өөрийн гэсэн сонголтоо хийдэг аж. Гурван зуун жилийн түүхтэй Америкийн ардчиллаас 30 жилийн түүхтэй Монголын ардчилал дутах зүйл нэгээхэн ч алга. Харин сонголтоо хийх эрх чөлөө дунд оршиж буй хувь хүний сэтгэлгээ, хүний хөгжлөөрөө л бид хойно нь байна. Боловсролдоо анхаарч, хувь хүний хөгжилдөө анхаарч сонголт хийж чаддаг үеэ гаргаад ирвэл парламентын засаглалдаа дулдуйдсан ардчилсан Монгол улам бүр урагшлах болно.

Ардчилал бол сонголт хийх эрх чөлөө юм. Хэн хүнгүй хамгийн зөв сонголтыг хийх хэмжээнд хүрч сэтгэе.

Г.Лхагвадорж

Комедиан Кенна: Эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлыг комеди хэлбэрээр ярихаар эрэгтэйчүүд яаж инээхээ мэддэггүй. Тийм болохоор эмэгтэй комедиануудыг дутуу үнэлдэг
Комедиан Кенна: Эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлыг комеди хэлбэрээр ярихаар эрэгтэйчүүд яаж инээхээ мэддэггүй. Тийм болохоор эмэгтэй комедиануудыг дутуу үнэлдэг
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.