Нүүрсний дутсан орлогыг алтаар нөхөж чадахгүй бол төсөвт тодотгол хий!

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 14 секунд

Нүүрсний үнэ 44 хувиар унаснаар экспортын орлого тасарч, валютын нөөц шавхрах улмаар төсвийн орлого тасалдах эрсдэл дагуулав. Хэрэв төсвийн орлого бүрдэхгүй нөхцөлд төсөвт тодотгол хийх хуулийн нөхцөл үүснэ. Хэдий Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсын 2025 оны төсөвт тодотгол хийх нөхцөл бүрдээгүй байна” гэх байр суурийг илэрхийлж байгаа ч нидэр дээрээ улсын сан хөмрөгийг нүүрсний хоосон орлого нөхөж чадахгүй бол алт, зэсээр хэрхэн орлуулах вэ гэдэг нь эрх баригчдын толгойн өвчин болсон нь тодорхой. Гэхдээ алтны үнэ дэлхийн зах зээлд өсч байгаа нь хонгилын үзүүрийн гэрэл болж байна.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Тувааны хэлснээр алтны үнэ унци нь 2900 ам.долларыг давж, килограмм нь 90 гаруй сая ам.доллартай тэнцэх үнэд хүрсэн нь манай улсын экспортын тэргүүлэх орлого тасалдаж болзошгүй энэ цаг үед эрсдлээс хамгаалах гал унтраах бололтой. Харамсалтай нь, үнэ металлын үнэ хэчнээн өссөн ч нүүрсний хоосон орлогыг нөхөж чадахгүй гэх дүнсгэрдүүхэн байр суурийг эдийн засагч Н.Энхбаяр илэрхийлж байгаа нь оргүй биш.

АЛТНЫ ЭКСПОРТ ЯАГААД Ч НӨХӨЖ ЧАДАХГҮЙ

- Өнгөрсөн жилүүдэд нүүрсний экспорт 40 сая тонноос доош байхад алт энэ үүргийг гүйцэтгэж байсан. Одоо 80 сая тонн 8.7 тэрбум ам.доллар байхад алтны үүрэг үүнийг нөхөж чадахгүй. Одоо дутаж буй экспортын орлого оны эцэст нэг, хоёр тэрбум ам.долларын орлого дутах тухай ярьж байна шүү дээ.

Алтны экспорт яагаад ч нөхөхгүй. Магадгүй таван жилийн алтны экспорт үүнийг нөхөх байх. Нэг жилдээ олборлож нэмлээ, Монголбанканд байгаа алтаа бүгдийг нь зарлаа гэхэд 200, 300 сая ам.долларын л орлого орж ирнэ. Тэр тасалдаж буй орлогын дөнгөж 20-30 хувийг нөхөж чадна.

Тэгэхээр нүүрсний биет хэмжээг өсгөсөөр байгаад орлогоо зориуд хэт их өсгөсөн. Үүнийг нөхөх орлого байхгүй. Энэ гурван жилд яах вэ гэдгээ бид маш сайн бодох ёстой. Эдийн засаг төрөлжөөгүй., 50 хувь нь нүүрсэн дээр байхад хэлсээр байтал ингэж болохгүй гэсэн юм.

Засгийн газраас Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төвбанк алтны тодорхой нөөцтэй байх, сүүлийн үед нүүрсний экспорт, үнийн уналттай холбоотой холбоотой улсын төсвийн бүрдүүлэлт багасаж байгаа гэх мэт энэ шалтгаанаар алтны олборлолтын асуудлыг хэлэлцэж тодорхой үүрэг чиглэл өгсөн болохыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдэгдээд нэг сар ч өнгөрөөгүй байна.

Уул уурхай, улс төрөөс эдийн засаг нь хамааралтай манай улсын хувьд орлогын эх үүсвэр нь ганц нүүрсэн дээр тогтдог. Тэр дундаа, экспортын 91 хувь нь Хятадаас хамааралтай. Харин урд хөрш Монголын нүүрсийг өмнөх шигээ сонирхохоо больсон нь энд хямрал дагуулах болов. Нүүрсний экспорт нь цар тахлын өмнөхөн хамгийн ихдээ 40 сая тоннд шүргэж байсан манай улсын хувьд хямралын дараа буюу 2022 оноос хойш биет хэмжээгээр огцом өсөж анх удаа 83 сая тоннд хүрч рекорд эвдсэн нь эрх баригчдыг амжилтдаа бардаж хоосон орлого мөрөөдөхөд хүргэсэн бололтой.

Харамсалтай нь, их санасан газар хоосон хононо гэгчийн үлгэрээр энэ онд өмнөх шигээ 83 сая тонн нүүрс экспортолж, төсөөллөөр 33 их наядын орлого төвлөрүүлэх нь бараг л мөрөөдөл болох нь. Өнөөдрийг хүртэлх хугацаанд бид нүүрснээс өөр түүхий эдгүй юм шиг явж ирсний нөлөөг Хятад дахиад л санууллаа.

Экспортын бүтцийг харвал, чулуун нүүрс 44.1 хувийг эзэлж байгаа бол араас нь зэсийн хүдэр, баяжмал 25.9 хувийг эзэлж байна. Харин алт хамгийн бага буюу ердөө 7 хувийг эзэлж байгаа юм. Энэ бол энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр гаргасан ҮСХ-ны дүн мэдээ. Мөн л өнгөрсөн онд нийт экспортын 5.7 хувийг л алт эзэлж байж. Өөрөөр хэлбэл, алтны экспорт нүүрстэй харьцуулахааргүй маш бага хувийг л Швейцар луу гаргадаг гэсэн үг. Хэдий үнэт металлын үнэ дэлхийн зах зээлд гялалзсаар байгаа ч төсвийн орлогод нөлөөлөх хэмжээнд биш. Зөвхөн энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр гэхэд л алтны үнэ өмнөх оны мөн үеэс 50.2 сая ам.доллараар өссөн ч экспортын орлого 247.2 сая ам.доллароор буурахад нүүрс 340.2 сая ам.доллараар буурсан нь гол нөлөө үзүүлсэн. Мөн Монголбанкны энэ оны хоёрдугаар сарын алт худалдан авалтын мэдээгээр буурсан дүнтэй байна. Тоон дүнгээр, нийт 645.1 килограмм үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 15.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Алт нь нүүрсийг бодвол овор хэмжээ бага, заавал автомашин, төмөр замаар тээвэрлэх шаардлагагүй, онгоцоор экспортлох бүрэн боломжтой. Тиймээс ч ковид-19 цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын экспортын гол түүхий эд болох нүүрсний экспортын орлого 2021 онд 39 хувиар буурахад алтны экспорт 2020 оны үетэй харьцуулахад 240 орчим хувиар буюу үнийн дүнгээр 800 орчим сая ам.доллараар өсөж, нүүрсний экспортын бууралтыг нөхөж байсан түүхтэй. Харин одоо гадаад худалдааны статистик мэдээлэл алт нүүрсний дутуу орлогыг нөхөж улсын сан хөмрөгт эерүү нөлөө үзүүлж чадахгүй гэдгийг харуулсаар байтал эрх баригчид алтаар өөдрөг төсөөлсөн орлогоо нөхнө гэж хий дэмий ярьж суухын оронд хөрсөн дээрээ бууж УИХ-ын хаврын чуулганаар төсөвт тодотгол хийсэн нь дээр бололтой!

УЧРАЛ: Цахим мөрийтэй тоглоомыг өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг “Агент“ нэртэй зуучлагчид, олны танил “influencer”-үүд одоо болоо
УЧРАЛ: Цахим мөрийтэй тоглоомыг өөгшүүлж 2-5 хувийн шимтгэл авдаг “Агент“ нэртэй зуучлагчид, олны танил “influencer”-үүд одоо болоо
 
Г.Тэмүүлэн: Төсвийн орлого бүрдэхгүй байх бодит эрсдэл нүүрлэсэн тул тодотгол хийх зайлшгүй шаардлагатай
Г.Тэмүүлэн: Төсвийн орлого бүрдэхгүй байх бодит эрсдэл нүүрлэсэн тул тодотгол хийх зайлшгүй шаардлагатай
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!