СЭДЭВ: Гурван жилийн хугацаанд 887 хүн суррон, скүүтерээс унаж бэртжээ. Үүнээс ихэнх нь 15-19 насны хөвгүүд

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 50 секунд

Түгжрэлд түгжигдсэн нийслэлийнхэн 2021 оноос хойш дулааны улиралд скүүтер, суррон хөлөглөх болсон. Зам дээр машинд гацаж, автобус хүлээхийн оронд энэ нь цагаа хэмнэх ашигтай. Жолооны үнэмлэх шаардлагагүй, чадах чадахгүй нь хамаагүй тул хүүхэд хөгшидгүй скүүтер, сурронтой машинтай зэрэгцэн хурдалж, явган хүний замаар сүлжилдэх нь нийтлэг. Гэвч дээрх тээврийн хэрэгслүүдэд эрх зүйн зохицуулалтгүй өдийг хүрсэн.

2024 оны наймдугаар сард нийслэлээс сурроныг техникийн болон хурдны үзүүлэлтээр мотоциклтой адилтган үзэж “А” ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн унах зохицуулалтыг хийх саналыг гаргаж байв. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сараас эхлэн сурроныг 18 нас хүрсэн “А” үнэмлэхтэй иргэд унаж замын хөдөлгөөнд оролцохоор болжээ. Хэрэв 18 нас хүрээгүй хүүхэд суррон унаж хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулиар 200 мянган төгрөгөөр торгох аж.

Ирэх сараас сурроныг 18 нас хүрсэн “А” үнэмлэхтэй иргэд унаж замын хөдөлгөөнд оролцоно. Ингэхдээ заавал улсын дугаар, толь, дохиотой байх ёстой

Энэ талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Ганхуяг:

-Өнгөрсөн жил суррон дугуйтай холбоотой осол 64, скүүтер холбогдсон 150 осол, хэрэг бүртгэгдсэн байна. Тэгвэл энэ төрлийн тээврийн хэрэгсэл дээр тавих хяналт шалгалтыг нэмэгдүүлэх стандарт батлагдлаа. Энэ төрлийн тээврийн хэрэгслийн дэд ангилалуудыг оруулж өгсөн стандартын дагуу скүүтерийг техник үзүүлэлтээр нь мопедын ангилал руу оруулсан учраас 16-аас дээш насны хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд оролцоно.

Суррон дугуйнуудыг мөн хөдөлгүүрийн багтаамжаас шалтгаалж 18-аас дээш насны хүн А ангиллын жолооны үнэмлэхтэйгээр унана гэсэн үг. Мөн техникийн байдалд тавих шаардлагууд нь өөрчлөгдөж байна. Тухайлбал, улсын дугаар авах, тольтой, дохиотой байх ёстой. Яг мотоциклтэй адилтгаж авч үзнэ гэсэн үг. Тиймээс энэхүү зохицуулалт нь дөрөвдүгээр сарын 1-ээс үйлчилж эхэлнэ. Цагдаагийн байгууллагаас шалгалтыг хийнэ. Зөрчилтэй тээврийн хэрэгсэл дээр хариуцлага тооцно.

2024 онд сурроны ослын улмаас гурван хүн нас баржээ

Жилээс жилд скүүтер, сурроны эрэлт хэрэгцээ нэмэгдэхийн хэрээр хөгжлийн бэрхшээлтэй залуу үе бэлдэж, бий болж байгааг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс харж болохоор. Тухайлбал, улсын хэмжээнд 2021-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтэл бүртгэгджээ.

Үүнээс хамгийн их нь буюу 532 тохиолдол нь 2024 онд бүртгэгдэж тэдгээр хүмүүс ихэвчлэн толгой, тохой ба шуу, өвдөг ба шилбэ зэрэгт гэмтэл авчээ. Түүнчлэн 2024 онд дээрх шалтгааны улмаас гурван хүн нас барсан байна.

ГССҮТ: Осол гэмтлийн ихэнхийг 15-19 насны хөвгүүд эзэлж байна. Ихэвчлэн суррон, скүүтерээс унах буюу онхолдож гэмтэж, бэртдэг

2021-2024 онд бүртгэгдсэн 887 тохиолдлын 93.0 хувь буюу 495 нь нийслэлд бүртгэгдсэн бол, 91.2 хувь буюу 485 нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ.

Мөн нийт тохиолдлын 67.1 хувь нь буюу 357 нь эрэгтэй, 32.9 хувь нь буюу 175 нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд 15-19 насны хөвгүүд давамгайлж байна.

Осол гэмтлийн шалтгаанаар авч үзвэл,

  • Мопед, суррон, скүүтерээс унах буюу онхолдож гэмтэж, бэртсэн тохиолдол 72 хувь
  • Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлсэн тохиолдол 17.5 хувь
  • Явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлсэн тохиолдол 9.0 хувь
  • Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн тохиолдол 1.5 хувь бүртгэгджээ.

15-19 насны хөвгүүд өөрсдөө бэртэж гэмтээд зогсохгүй бусдыг мөргөж гэмтээх болсон жишээ өч төчнөөн.

Ялангуяа хүүхэд, залуус скүүтер, сурронтой хурдалсны улмаас явган хүний зам дээр 30-аас дээш дунд насны хүмүүсийг мөргөж гэмтээх нь нийтлэг болсныг эмнэлгийн зүгээс мэдээлж байлаа.

ЦЕГ: Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх асуудлыг нэгдүгээр сарын 31-ээс шалгаж эхэлсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
ЦЕГ: Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх асуудлыг нэгдүгээр сарын 31-ээс шалгаж эхэлсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна
 
Хүний эд, эрхтэнг зөвшөөрөлгүй авсан хэрэгт буруутгагдаж, 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн П.Батчулууны давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
Хүний эд, эрхтэнг зөвшөөрөлгүй авсан хэрэгт буруутгагдаж, 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн П.Батчулууны давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!