VISUAL TOIM: Монгол эмэгтэйчүүд унтаж, амрахад эрчүүдээс 20 минутыг илүү зарцуулдаг бол хооллохдоо эрчүүдээс 8 минутаар бага цаг зарцуулдаг

Ангилал
Visual toim
Огноо
Унших
7 минут 55 секунд

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш /2025.03.08/ тохионо. Эл өдрийг тохиолдуулан бид бүсгүйчүүдийг тойрсон сонирхолтой басхүү анхаарал татсан мэдээллүүдийг бэлтгэн хүргэж байна.

-Хүн амын 50 хувийг ЭМЭГТЭЙЧҮҮД эзэлдэг-

Манай улс 3.5 сая хүн амтай бөгөөд нийт хүн амын 50.7 хувь буюу 1.7 сая нь эмэгтэйчүүд. Тэдний гуравны хоёр нь буюу 69.6 хувь нь хот суурин газарт, үлдсэн гуравны нэг нь буюу 30.4 хувь нь хөдөө орон нутагт амьдарч байна гэх судалгааг ҮСХ-ноос гаргасан байдаг.

-2010 онд 72 байсан эмэгтэйчүүдийн дундаж наслалт 2023 онд 76 болж нэмэгджээ-

Манай улс 1992 онд хүн амынхаа дундаж наслалтыг 62.7 жил гэж тогтоосон нь 30 жилд ийнхүү нэмэгдсэн байна. Гэхдээ эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрчүүдийнхээс 10 орчим насаар илүү байдаг. Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 2010 онд 72 байсан бол сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 76 болж нэмэгджээ.

-Монгол эмэгтэйчүүдийн дундаж ӨНДӨР 157-

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар монгол эмэгтэйн дундаж өндөр 157.7 см аж. Харин дэлхийн хамгийн өндөр эмэгтэйчүүдээр Герман, Австри зэрэг гол төлөв Европын орнуудын бүсгүйчүүд бичигдсэн байх нь бий. Харин БНСУ 161, Япон 158, Хятад 158 см-ийн дундаж өндөртэй бүсгүйчүүдтэй гэнэ.

-ДУНДАЖ ЖИН: 59.4 кг-

Дэлхийн улс орнуудын эмэгтэйчүүдийн жин бүс нутаг, генетик, амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан харилцан адилгүй. ДЭМБ-аас гаргасан судалгаагаар монгол бүсгүйчүүдийн дундаж жинг 59.4 хэмээн нэрлэсэн байх нь бий. Харин Европ бүсгүйчүүдийн дундаж жин 65-75 кг байдаг бол Азийн орны эмэгтэйчүүд харьцангуй бага жинтэйд тооцогддог байна. Мөн Номхон далайн бүс нутгийн орнуудын эмэгтэйчүүдийн дундаж жинг 80-90 кг хэмээн үзэх нь бий.

-Хамгийн их "Хулан"-тай УЛС-

Монголд түгээмэл нэрнүүд дийлэнхдээ 12-15 мянга хооронд байх нь бий. Тэгвэл бүсгүйчүүдийн дунд хамгийн түгээмэл нэр нь ХУЛАН аж. Өнөөдрийн байдлаар манай улсад Хулан гэх нэртэй 13 мянга 722 эмэгтэй байгаа талаар ҮСХ-ны статистикаас харж болно.

-Хамгийн урт, цор ганц нэртэй БҮСГҮЙ-

Манай хүн ам нэрний учир утга, билгэдэлд ихээхэн ач холбогдол өгсөөр ирсэн. Тэгвэл сонирхолтой статистикаас хүргэхэд, бүсгүйчүүд дундаа хамгийн урт нэр бол Гангантогосөлзийбаясгалан аж. Нийт 25 үсэгнээс бүрдсэн эл нэр монголд цор ганц.

-Охидын ТРЭНД нэр-

2024 онд 53.6 мянган хүүхэд мэндэлжээ. Тухайн жилийн хувьд хөвгүүдэд Хангай, Түшиг, Тогтуун, Эрхэс зэрэг нэрс түгээмэл өгсөн бол охид Амин-Эрдэнэ, Анхилуун, Сондор, Мишээл, Аялгуу зэрэг нэрс түгээмэл байжээ. Тэгвэл түүний өмнөх жил буюу 2023 онд хөвгүүд Хангай, Тэнүүн, Ананд, Эрхэс, Түшиг нэрс түгээмэл байсан бол охид Амин-Эрдэнэ, Мишээл, Сондор, Эгшиглэн, Анхилуун нэрс түгээмэл байжээ. Нэг үгээр хэлбэл, шинээр мэндэлсэн хүүхдүүдийн дунд хөвгүүдээс Түшиг, Эрхэс нэр, охидын дунд Амин-Эрдэнэ, Анхилуун, Мишээл зэрэг нэр хамгийн их давтагдсан буюу "трэнд" хэвээрээ байна.

-Дунджаар 26 насандаа ГЭРЛЭЖ байна-

Манай улсын хувьд гэрлэлт харьцангуй залуужиж буй дүр зураг ажиглагдах болсон. Гэтэл статистик мэдээлэл дээр харин ч гэрлэлтийн нас хожуу болох дүр зураг гарч ирж байна. Тодруулбал, монгол эмэгтэйчүүдийн гэрлэлтийн дундаж нас 1989 онд 21.1, 2000 онд 23.7 байсан бол 2020 онд дунджаар 26.7 насандаа гэрлэж байна. Дэлхийн банкны судалгаанаас харахад олон улсын хэмжээнд эмэгтэйчүүд дунджаар 26-28 насандаа гэрлэж байгаа аж.

-Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү хөдөлмөрлөдөг, гэхдээ хөлсгүй-

ҮСХ-ноос цаг ашиглалтын судалгааг өнгөрөгч онд хийсэн байдаг. Эл судалгаанд дурдсанаар tмэгтэйчүүд дунджаар 8 цаг 13 минутыг хөдөлмөр эрхлэхэд зарцуулж байна. Ингэхдээ эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.6 дахин их цагийг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд зарцуулдаг бол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2 дахин их цагийг хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд зарцуулдаг гэсэн судалгаа гарчээ. Эмэгтэйчүүд цалин хөлсгүй асрахуйн ажилд их цаг зарцуулж байгаагаас шалтгаалж эдийн засгийн боломжоос тэгш хүртэж чадахгүй байгаа юм.

-24 цагийн 15 хүрэхгүй хувийг "чөлөөт цаг" болгож ашигладаг-

Мэдээж хүн бүрт цагийн хуваарилалт тун чухал. Цаг ашиглалтын судалгаанд дурдсанаар эмэгтэйчүүдийн дундаж нэг өдрийн 24 цагийн 51.5 хувь нь зайлшгүй хувийн хэрэгцээнд, 34.2 хувь нь хөдөлмөр эрхлэлтэд, 14.3 хувь нь боловсрол болон чөлөөт цагт зориулагдаж байна.

-Монгол бүсгүйчүүд унтаж, амрахад эрчүүдээсээ 20 минутаар ИЛҮҮ-

Цаг ашиглалтын судалгаанд дурдсанаар унтах, амрах, босох зэрэг унтахтай холбоотой үйл ажиллагаанд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс өдөрт дунджаар 20 минут илүү зарцуулдаг гэнэ. Мөн хувийн ариун цэвэр, эрүүл ахуйг сахихад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс дунджаар 5 минут илүү цаг зарцуулж байна.

-Эрчүүдээс 8 минутаар "хурдан" хооллодог-

Өөр нэгэн сонирхолтой судалгаа бол хооллолттой холбоотой судалгаа. Тэгвэл монгол эмэгтэйчүүд хооллоход эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 8 минут бага цаг зарцуулдаг ажээ. Энэ нь хэд хэдэн шалтгаантай байж болно. Тухайлбал, ажлын ачаалал, үүрэг хариуцлага, хооллох дадал, ажил амьдралын нөхцөл байдал гэх мэт. Энэ үзүүлэлт монголд төдийгүй бусад олон улсад ажиглагддаг сонирхолтой соёлын ялгаануудын нэг юм.

-Монголд 54 мянган өрх толгойлсон ээж байна-

Өнөөдрийн нийгэмд эр хүний орон зайг нөхөж, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлж яваа ээжүүд олон. Статистик дүн мэдээллээс харахад, өрх толгойлон ээжүүдийн тоо буурсан дүр зураг харагдаж байна. Гэхдээ энэ нь зөвхөн албан ёсоор бүртгэгдсэн тоон мэдээлэл юм. Харин гэрлэлтээ батлуулаагүй байхдаа салсан хэчнээн мянган өрх толгойлсон ээж байгааг бид хэлж мэдэхгүй билээ.

-Түүхэндээ байгаагүй олон эмэгтэй төр түшилцэж байна-

Төрд эмэгтэйчүүдийн дуу хоолойг хүргэж, эрчүүдээс дутхааргүй улс төрд оролцож яваа эмэгтэйчүүд нэмэгдсээр байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр намууд нэр дэвшүүлэхдээ нийт мандатын 30 хувьд нь эмэгтэй хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэсэн заалт оруулснаар энэ жилийн сонгуульд түүхэндээ анх удаа хамгийн олон буюу 519 эмэгтэй нэр дэвшсэн. Үүнээс анх удаа түүхэндээ хамгийн өндөр буюу 32 эмэгтэй гишүүн сонгогдон парламентад ажиллаж байна.

Н.Учрал: Үндэстэн дамнасан луйврын схемтэй тэмцэхэд дэмжин оролцохыг хүсье
Н.Учрал: Үндэстэн дамнасан луйврын схемтэй тэмцэхэд дэмжин оролцохыг хүсье
 
DJ UNA + DJ SODA ХЭН НЬ ИЛҮҮ ВЭ? 
DJ UNA + DJ SODA ХЭН НЬ ИЛҮҮ ВЭ? 
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!