65 настай, фитнессчин Ш.Цэцэгмаа: Нас бол зүгээр л тоо. Би 25 хоногт 8 кг хассан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 51 секунд

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ны баярын өдөр маргааш тохионо. Уг баяртай холбогдуулан манай сайт 65 настай, фитнессчин Ш.Цэцэгмаа гуайг онцолж байна.

--------------------------

Тэрбээр "Monster GYM Mongolia" фитнесст яваад 25 хонож байна. Энэ хугацаанд 8 кг хасжээ. Ш.Цэцэгмаа гуай барилгын инженер мэргэжилтэй. Гурван хүү нь түүнд "Тэтгэврээ та өөртөө л зориул. Дуртай зүйлээ хий" гэж хэлдэг гэнэ. Тиймдээ ч тэрбээр эрүүл амьдрал зөв, хооллолтын клубт явдаг, түүнчлэн хүүхдүүдийнхээ компанид бичиг хэргийн ажилтан хийдэг гэнэ. Ш.Цэцэгмаа гуайн ажил, эрүүл амьдрал зөв, хооллолтын клуб, фитнесс нь бүгд нэг барилгад байдаг учраас түүнд их тухтай байдаг гэдгийг хуучлав.

Би залуудаа хүүхдүүдийнхээ төлөө амьдралаа тэгш сайхан авч явах гээд хичээж ирснээс биш өөрийнхөө төлөө явсан нь ховор. Одоо бол Nice байна

Тэрбээр энэ талаар "Би залуудаа хүүхдүүдийнхээ төлөө амьдралаа тэгш сайхан авч явах гээд хичээж ирснээс биш өөрийнхөө төлөө явсан нь ховор. Одоо бол Nice байна. Хүн байгаадаа талархаж амьдрах ёстой гэж боддог. Би хүүхдүүдээ зөв боловсон хүмүүжүүлсэн. Тэд маань сайн, сайхан явж байна. Үүнээс илүү надад хүсэх юм юу байх вэ дээ. Би хүүхдүүддээ төвөг болохгүй, эрүүл амьдрах ёстой гэж боддог. Тиймдээ ч 65 насандаа анх удаагаа фитнесст явж үзэж байгаа нь энэ. Хүүхдүүд маань намайг их дэмждэг. Миний ээж үргэлжлүүлээд фитнесстээ яваарай. Төлбөр нь дутвал хүү нь өгнө шүү гэдэг" гэлээ.

Ш.Цэцэгмаа гуайд анх фитнесст хамт явахыг найз н.Ганчөдөр нь санал болгожээ. Фитнесст дандаа залуучууд л явдаг гэж боддог байсан түүний бодол 25 хоногийн хугацаанд эрс өөрчлөгджээ. Түүнчлэн "Monster GYM Mongolia" фитнесс нь настай хүмүүст үнийн хөнгөлөлт үзүүлдэг гэдгийг Ш.Цэцэгмаа гуай онцлов.

Залуу хүмүүстэй мөр зэрэгцэн дасгал хийх гоё юм байна лээ. Бие хөнгөрөөд сайхан болсон

Тэрбээр "Манай фитнесс 40-50 хувийг хөнгөлдөг. Хөнгөлөлттэй гэхээр нь баярлаад л явсан. /инээв/ Тэтгэврийн хүмүүст их хэрэгтэй хөнгөлөлт байна лээ. Фитнессийн багш, заалны хүүхдүүд манай найз бид хоёрт урмын үг их хэлж, халуун дотноор хүлээж авдагт нь баярладаг. Би фитнесст явж байгаагаа өөр найзууддаа хэлтэл маш их гайхсан. "Чи 65 настай байж фитнесст яваад болж байгаа юм уу" гэх жишээний. Би найзууддаа фитнестт явахыг зөвлөсөн. Фитнесст явахаас өмнө миний зүүн мөр их хөндүүртэй байсан. Одоо бол зүүн мөр өвдөхөө больсон. Фитнесстээ ирэх дуртай. Залуу хүмүүстэй мөр зэрэгцэн дасгал хийх гоё юм байна лээ. Бие хөнгөрөөд сайхан болсон" гэв.

Ш.Цэцэгмаа гуай фитнессийн зааланд 1 цаг 30 минут дасгал хийдэг. 25 хоногт 8 кг хассан учраас хувцас нь томдож оёдолчин дээр барьж очих мэдрэмж нь их сайхан байгаа гэнэ.

Тэрбээр "Урт түрийтэй гоё гутал өмсье гэсэн ч орохгүй болохоор нь санаа алдаад цаашаа хийдэг байлаа. Одоо бол тэр гутал маань булчингаараа чөлөөтэй ордог болсон. Аягүй гоё" гэлээ.

Багш нар нь түүнд өнжөөд явахыг зөвлөсөн ч 25 хоногт ажиглаад байхад өдөр бүр явсан ч болохгүй гэх зүйлгүй юм шиг санагдсан гэдгийг ч хэллээ.

Ярилцлагын төгсгөлд Ш.Цэцэгмаа гуай "Настай хүмүүст илүүдэл жингийн хэрэг огт алга. Байх ёстой жиндээ байвал ядаад хөл гар өвдөж нойргүйтэхгүй. Илүүдэл жин бол олон өвчний үүр уурхай. Эрүүл биетэй байна гэдэг гайхамшиг шүү дээ. Нас бол зүгээр л тоо" гэдгийг уншигчдад захилаа.

Д.Амгалан: 1993 оны усан тахиа жилтэй хүнд 33-ны мөчлөг тохиох жил учраас тусгайлсан засалтай
Д.Амгалан: 1993 оны усан тахиа жилтэй хүнд 33-ны мөчлөг тохиох жил учраас тусгайлсан засалтай
 
DJ UNA + DJ SODA ХЭН НЬ ИЛҮҮ ВЭ? 
DJ UNA + DJ SODA ХЭН НЬ ИЛҮҮ ВЭ? 
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!