Өнгөрсөн пүрэв гарагийн Засгийн газрын хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар Б.Батжаргалыг томилсон билээ. Тэрбээр өмнө нь НДЕГ-т Ахлах мэргэжилтэн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нийгмийн даатгал, хуримтлалын сангийн газарт ахлах мэргэжилтнээс газрын дарга хүртэл ажиллаж байжээ. Түүнийг НДЕГ-ын даргаар томилогдсонтой нь холбогдуулан ярилцлаа.
-Ярилцлагаа таныг ямар шалгуурын үндсэн дээр яагаад НДЕГ-ын даргаар томилогдох болсон талаар эхлүүлье?
-Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын багц хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд “Энэ байгууллагын албан тушаалтан нь төрийн захиргааны ажилтан байна” гэж заасан. Тиймээс Төрийн албаны зөвлөл холбогдох шалгалтуудыг зохион байгуулсан тул шалгалтад нь бүртгүүлж, тэнцсэн. Улмаар Төрийн албаны зөвлөлөөс тогтоолоо Засгийн газарт хүргүүлсний дагуу шийдвэрлэж, өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажилдаа томилогдлоо.
Миний бие эдийн засагч, санхүүч мэргэжилтэй. Учир нь нийгмийн даатгал гэдэг бол маш их хэмжээний орлого зарлага гэсэн нийгэм, эдийн засгийн том арга хэмжээ байдаг учраас мэргэжлийн дагуу ажиллаж байна гэсэн үг. Ерөнхийдөө нийгмийн даатгалын чиглэлээр 2011 оноос хойш бүх шатанд нь ажиллаж ирлээ. Тийм учраас миний туршлагыг харгалзаж үзсэн болов уу гэж бодож байна.
-Та яриандаа нийгмийн даатгалын чиглэлээр олон жил ажилласан гэлээ. Ийм хүний хувьд Монгол Улсын нийгмийн даатгалын системийг юу гэж харж байна. Зөв чиглэлд яваад байна уу, буруу чиглэлд яваад байна уу?
-Нийгмийн даатгалын тогтолцоог дэлхийн 193 улс орон хэрэгжүүлж байгаа. Олон улсын хөдөлмөрийн байгууллага буюу НҮБ-ын төрөлжсөн байгууллагаас нийгмийн хамгааллын доод хэмжээний конвенцийг баталсан байдаг. Тэгэхээр улс орнууд өөрийн онцлогт тохирсон нийгмийн даатгалын тогтолцоотой байх нь зүйтэй гэсэн жишгийн дагуу Монгол Улс 1994 онд нийгмийн даатгалын багц хуулийг анхлан батлаад, даруй 30 жил өнгөрсөн байна. Энэ улсын тогтолцоо маш сайн гэхээс илүүтэйгээр онцлогт нь нийцсэн тогтолцоо илүү сайн байна гэх ойлголтыг илүү өгч байгаа.
Хоёрдугаарт, төгс тогтолцоо гэхээс гадна байнга сайжирч байх ёстой. Жишээлбэл, бидэнд тулгарч буй нэг асуудал бол насжилтын асуудал бий. Энэ нь 1960-1970 оны их төрөлтийн үеийн хүмүүс эхнээс тэтгэвэрт гараад эхэлсэн. Гэтэл энэ үеийг хэрхэн нөхөх талаар бүх улсууд толгойгоо гашилгаж байна.
-Тэгвэл манай нийгмийн даатгалын тогтолцоо Монгол Улсын онцлогтой нийцэж байна уу?
-Нийцэж чадаж байсан үе бий. Одоо үүсээд буй асуудал нь их насжилтын үе ирж байгаа тохиолдолд 2-3 даатгуулагч нэг тэтгэвэр авагчийн ард байна. Тиймээс үүнд тохирсон шинэчлэлүүдийг хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол бид хожимдоно гэсэн үг.
-Нийгмийн даатгалын тогтолцоог ил тод байдал руу шилжүүлэх шаардлагатай-
-Нийгмийн даатгалын шимтгэл гэхээр л олон нийт дургүйцдэг. НДШ-ийг бууруулахыг ч шаарддаг. Үүнийг юу гэж харж байна?
-Иргэдийн дунд НДШ бол татвар гэх ойлголт бий. Маш их санхүүгийн дарамт болж байна ч гэж ярьдаг. Энэ ойлголт зөвхөн манай улсад ч биш дэлхийн бүх улсад байдаг.
Энд нэг судалгаа ярья. Олон улсын нийгмийн хамгааллын ассоциацаас дэлхийн 163 улс нийгмийн даатгалын шимтгэлд суурилсан тогтолцоотой гэх судалгааны дүн гарсан. Эдгээрийн 90 гаруй хувь нь ажил олгогч, ажилтан хоёр хамтарч төлдөг тогтолцоотой. Тэгэхээр дэлхий нийтээс өөр тогтолцоотой орон биш гэсэн үг.
Гол асуудал нь юу вэ гэхээр нэгдүгээрт, нийгмийн даатгал буюу тэтгэврийн тогтолцоо нь хэр найдвартай байх вэ, хоёрдугаарт, хэр шударга байх юм бэ. Би төлсөн шимтгэлтэйгээ адилхан тэтгэвэр авч чадах уу, үгүй юу гэдэг асуудал байгаа юм. Тиймээс ил тод, нээлттэй байх ёстой. Ил тод бус байгаагаас залуучууд “Бидний төлсөн мөнгө хаашаа ороод, юунд зарцуулагдаад байгаа юм бэ” гэх асуултыг хамгийн их тавьдаг. Нийгмийн даатгалын байгууллага хураагаад л байхаас дэлгэрэнгүй тайлангаа тавьдаг болооч ээ гэж шаарддаг. Тэгэхээр ил тод, нээлттэй байх тал руу маш хурдтай өөрчлөлт хийх хэрэгтэй.
-Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль ШУДАРГА БУС байдлыг бий болгосон-
-УИХ-ын хаврын чуулганаар татварын багц хуулийг хэлэлцэх гэж байна. Иргэд, ААН-үүдээс татвар, НДШ-ийг бууруулах санал хамгийн их ирж буй талаар хууль санаачлагчид ярьсан. Ингэх боломжтой юм уу?
-НДШ юунаас үндэслэж гардаг вэ гэх асуулт гарч ирнэ. Шимтгэлийг анх тогтоохдоо хэдэн хүн хамрагдах вэ, хэдий хугацааны дараа тэтгэвэрт гарах вэ, ямар хэмжээний шимтгэл байвал тогтвортой ажиллах вэ гэдэгт тааруулсан урт хугацааны тооцоололд үндэслэж, шимтгэлийн хэмжээг гаргадаг.
Энэ шимтгэлийг бууруулж болно. Ингэхийн тулд тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт хийгдэх ёстой. Үүнтэй холбоотой ойролцоо жишээ хэлье. НДШ огт төлөөгүй байсан хүмүүст гурван удаагийн нөхөн төлөх хуулийн хэрэгжилт явагдсан. Хамгийн анхны хууль бол 1990-2000 оны хоорондох ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль. Энэ хууль шударга бус байдлыг бий болгосон.
Иргэд юу гэж асуудаг вэ гэхээр “Би сургууль төгсөөд, аймаг, сум, дүүрэгтээ насаараа багшлаад 700-800 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Гэтэл миний найз огт НДШ төлөхгүй явж байгаад, хуулийн боломжийг ашиглаж нөхөн төлөлт хийгээд, надаас илүү тэтгэвэр авч байна. Энэ чинь шударга юм уу” гэдэг.
Тиймээс шударга бус байдлыг гаргахгүйн тулд хуулийн нөхцөл байдлыг бүрдүүлэх нь чухал гэж үзэж байгаа.
-НДШ байхгүй бол та бидний нийгмийн баталгааг хэн хангах вэ-
-Ер нь цаашид НДШ байх ёстой юу. Зарим иргэдийн дунд НДШ-ийг больчихвол яасан юм бэ гэх саналууд ч гардаг. Үүнийг та юу гэж харж байна?
-Огт НДШ-ийн тогтолцоогүй байх асуудлыг гаргаж ирэхийн өмнө нийгмийн хамгааллын асуудлаа яаж шийдэх гаргалгааг гаргаж ирэх хэрэгтэй. Байгаа зүйлийг байхгүй болгох маш амархан.
Энэ тогтолцоо байхгүй болчихвол та бидний нийгмийн баталгааг хэн хангах вэ. Нас ахихын хэрээр хөдөлмөрийн чадвар, бүтээмж буурч ямар нэг байдлаар дэмжлэг хэрэг болдог. Энэ хамгаалалт нь нийгмийн даатгал байгаа юм.
Тэгэхээр залуу, хөдөлмөрийн бүтээмжтэй байгаа дээрээ хөдөлмөрлөж, авсан цалингаасаа өөрийнхөө нийгмийн хамгааллыг бий болгох зарчим 1898 онд анх Германд үүссэн. Өдгөө дэлхийн 163 оронд хэрэгжиж байна. Мэдээж алдаатай зүйлс байгаа, үүнийг засах ёстой.
-Капитал, Чингис хаан банкан дахь НДС-ийн хөрөнгийг төлүүлэхийн тулд эцсээ хүртэл явна-
-Иргэдийн төлсөн шимтгэл төвлөрдөг НДС-ийн хөрөнгө Капитал, Чингис хаан банканд гацаад, өр үүсчихсэн. Энэ өрийн асуудал ямар шатанд яваа вэ?
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөөд, нийт таван санд мөнгө нь төвлөрч байгаа. Хоосон сангуудад /үйлдвэрлэлийн ослын сан, тэтгэмжийн даатгалын сан/ чөлөөт үлдэгдэл гардаг. Харин тэтгэврийн болон ажилгүйдлийн даатгалын санд чөлөөт үлдэгдэл байдаггүй. Тэтгэврийн даатгалын сан бол татаас авдаг схемээр явж байгаа.
Чөлөөт үлдэгдлийг удирдахад алдаа гарсан. Тантай санал нэг байна. Холбогдох хүмүүст нь эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа. Энэ бол даатгуулагчдын мөнгө. Үүний төлөө эцсээ хүртэл явах ёстой.
Харин цаашид ийм алдааг давтахгүйн тулд 2023 онд нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн батлахдаа тохиолдлын банканд бус Монголбанкнаас тодорхойлж өгсөн, найдвартай гэсэн банканд байршуулж болно” гэж хуулийн зохицуулалт орсон.
-НДС-ийн чөлөөт үлдэгдлийг бодлогын хүүтэй уялдуулж аль банканд хэдийг байршуулах талаар санал авч байгаа-
-Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэсэн. Энэ нь хэр баталгаатай зүйл вэ. Магадгүй дээрх хоёр банкных шиг асуудал үүсэх юм биш үү гэсэн болгоомжлол байна?
-Яг үнэн. Иргэд биднээс “Миний мөнгө хэд болж байна, хаашаа орж байна” гэдгийг асуух бүрэн эрхтэй. Саяхан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөр чөлөөт үлдэгдлийн тодорхой хувийг хадгаламжид байршуулах шийдвэр гарсан.
Үүнд нэг шинэ зүйл орж ирсэн нь чөлөөт үлдэгдлийг байршуулахаас өмнө Мэргэжлийн хороо байгуулагдсан. Тус хорооны есөн гишүүн нь бүгд мэргэжлийн хүмүүс бөгөөд тэд дүгнэлтийг нь гаргаад өгчихсөн.
Харин одоо бид юу хийж байна гэхээр Монголбанкны бодлогын хүүтэй уялдуулж, аль банканд хэдийг байршуулах талаар санал авч байгаа. Үүний дараа дахин Мэргэжлийн хороогоор хэлэлцээд, Хараат бус олон нийтийн зөвлөл шалгаж дүгнэлтээ гаргана. Өөрөөр хэлбэл, нэлээд хатуу процесс руу орсон гэсэн үг.
-Цахимжилт руу эргэлт буцалтгүй шилжиж байна-
-Байгууллагын удирдлагаар томилогдсон учраас танай байгууллагын үйлчилгээний талаар асууя. Төрийн үйлчилгээнүүд цахимжиж эхэлсэн. Жишээлбэл, танай байгууллага тэтгэвэр, тэтгэмжийн хүсэлт, байгууллагын тайлан тооцоог цахим авч эхэлсэн ч хүндрэл чирэгдэл үүсдэг байдал хэвээр байна. Тэгэхээр үйлчилгээ нь сайжрах бус уруудаад байгаа юм биш үү?
-Үйлчилгээ цахимжих нь гурван талд нөлөө үзүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, ажил олгогч болон даатгуулагчдын ачааг хөнгөлөх шаардлагатай. Мөн үйлчилгээ үзүүлж буй ажилчдын ачааллыг хөнгөлөх ёстой юм.
Үүнээс гадна цахимжилт гэдэг нь ажлыг хөнгөвчлөхөөс гадна ил тод байдал, хяналтыг бий болгож буй учраас манайх цахимжилт руу эргэлт буцалтгүй шилжиж байна.
Өмнө нь ажилтан байнга нягтлангаасаа нийгмийн даатгалын дэвтрээ авч канондаад, тамга даруулж, нотариатаар батлуулж, цалингийн зээл авахын тулд банканд очдог байсан бол өнөөдөр банк руугаа цахимаар хүсэлтээ явуулахад л таны зээлийг шийдэж өгч байгаа нь өөрөө дэвшил мөн.
Түүнчлэн, бидний аав, ээжид тэтгэврийн дэвтэр гэж байсан. Сар бүр банканд очиж “Тэтгэвэр олгов” гэсэн тамга даруулдаг байсан нь мөн цахимжсан.
Мөн иргэд өвдөхөөрөө эмнэлэгт эмчлүүлж “Лист” гэж ногоон хуудсыг аваад явдаг байсан бол хүсэлтээ илгээгээд л асуудал шийдэгдэж байна. Тэгвэл бидний дараагийн цахимжилт, дэвшил бол их өгөгдөлд суурилж иргэдийг ирүүлэхгүйгээр ТЭТГЭВЭР ТОГТООДОГ байх юм.
-Төрийн захиргааны ажилтан гээд хүн загнаж, хүнд суртал гаргаж болохгүй-
-Та энэ байгууллагын удирдлагаар ажиллах хугацаандаа ажилчдынхаа ур чадвар, харьцаа хандлага дээр хэрхэн анхаарах вэ. Иргэдийн дунд “Нийгмийн даатгал руу орохоор хэдэн ААШТАЙ ЭГЧ НАР сууж байдаг” гэх яриа байдгийг та мэдэх байх?
-Би өнгөрсөн пүрэв гарагт томилогдоод, баасан гарагаас хойш холбогдох хурлуудаа хийж байна. Хурал бүр дээр хамгийн эхэнд хэлж буй асуудал бол харьцаа хандлага, үйлчилгээний чанар.
Үйлчилгээний чанар гэдэг нь иргэдийг олон удаа бүү явуул. Нэг удаагийн ирэлтээр бүх асуудлыг нь шийдэж өгөхийг зөвлөж байгаа. Хоёрдугаарт, манай нийгмийн даатгалын байгууллага бол бүх орлого, зарлага нь хуулиар зохицуулагддаг.
Тухайлбал, 2025 оны төсвийн тухай хуулийн дагуу энэ онд 5.9 их наяд төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг 800 гаруй мянган хүнд олгоно. Үүнийг улсын хэмжээнд 1485 албан хаагч хариуцан ажиллаж байна. Одоогоор 100-110 ажилтны орон тоо дутуу байгаа.
Бидний дунд маш сайн, түргэн шуурхай үйлчилдэг ажилчид ч бий, ганц хоёр асуудалтай хүмүүс бий. Үүнд өөрчлөлт хийхээр ажиллаж байна. Төрийн захиргааны ажилтан гээд хүн загнаж, хүнд суртал гаргаж болохгүй. Авлига авч болохгүй. Хүнтэй хүн шиг харьцах ёстой гэдэг зарчмыг баримтална.
-Иргэд, ААН-үүдтэй хамгийн ойр харилцдаг хүмүүс бол байцаагч нар. Нийгмийн даатгалын өртэй ААН дээр очоод, шууд дансыг нь хаачихдаг эсвэл тэтгэвэр, тэтгэмжийг чинь олгохгүй гэх байдлаар дарамт үүсгэдэг талаар иргэд ярьдаг. Ийм зүйл байж болох юм уу?
-Хэрвээ ийм асуудал гаргасан тохиолдолд үйлчилгээг зөв үзүүлэх хүртэл нь сургалтад хамруулна. Гэхдээ хүнтэй нүүр тулж байж шийдэгддэг үйлчилгээг цахимжуулж байж эдгээр асуудлууд бүрэн шийдэгдэх юм билээ.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!