МЕГА ХЭРҮҮЛ: Л.Оюун-Эрдэнийн “MCS”-тэй хийх тэмцэлд утасны үзүүрт байгаа С.Баяр, Сү.Батболд гэх Ардын намын хоёр дарга өртөх үү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 4 секунд

“Хөнжилдөө” багтахгүй болтлоо чихэлдсэн Засгийн газрын хамтралаас бүгд л мега төсөл хүлээж байлаа. Гэтэл гай газар дороос, гахай модон дотроос. 10 жил биднийг талцуулсан төмөр замын хил холболт босож ирээд мега төсөл нь мега хэрүүл болгоход төдийлөн удсангүй.

Тогтсон ёсоор “MCS”-ийн бодийг хөтлөх олон жилийн сонирхолтой “эх орончид”-оос голцуу бүрдсэн хэсэг нь нэг талдаа, “MCS”-ийн “тавиулууд” нөгөө талд нь жагсав. Одоо хаваржин нэгнийхээ тоосыг гөвнө. За, тэр ч яах вэ. Нэг ч гэсэн “хиамчид” ажилтай, орлоготой улс оронд л хэрэгтэй байх.

Одоо гол асуудалдаа оръё. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжаар байгуулагдсан ажлыг хэсгийг ХЗДХ-ийн сайд толгойлж, “MCS”-ийнхэн Ухаа худаг ордыг хулхидаж авсныг бараг тогтоосон гэнэ. Цагаан сараар буузны ард базах үүнээс илүү “20к”-гийн хов гэж байхгүй.

НЭГ, Бүх хувьчлалын хулгайг дэлгэх нөр ажил бидэнд гарч ирлээ

10 хоног ажилласан ажлын хэсэг товчхондоо Ухаа худаг ордыг тухайн үеийн улс төрийн эрх мэдэлтнүүд албан тушаалаа ашиглан Үндсэн хуулиас эхлүүлээд Ашигт малтмалын тухай хууль хүртэлх бүх хуулийг зөрчиж хувийн аж ахуйн нэгжид өгсөн гэнэ. Шүүх, Цэц хоёр энд огт хамаагүй мэт тайлбарлав. Ингээд бүх хувьд очсон орд газрууд, компани, үйлдвэр, өмч хувьчлалыг шалгаж төрдөө буцааж авах эцэс төгсгөлгүй нийгэмчлэлийн ажлын гараан дээр бид ийнхүү гарч зогслоо. Яг л манай улс хэзээ ч юм бүү мэд хөгжлийн гараа дээрээ ирсэн шиг. Ер нь төр байгаа цагт мөнгө заавал холбогддог. Аль ч улсын түүхэнд мөнгөтэй компаниуд төртэй хэтэрхий хутгалддаг. Ер нь бол “MCS” өөрсдөө улс төрийг үеийн үед залуурдах гэж ордож, эрдэж, бярдаж явсныхаа шанг хүртэж буй үнэн. Гэлээ гээд олон улсын хөрөнгийн бирж дээр гарчихсан компаниасаа төр өгсөн юмаа буцаагаад олон жилийн дараа авчихвал арбитр дээр очоод бид “нүд рүүгээ хуруугаа биш хөлөө хийнэ”. Энэ “Энержи Ресурс” компанийн толгой компанийн 37 хувь нь “MCS” эзэмшдэг. Үлдсэн 63 орчим хувь нь Америк, Хонгконгийн гадны хөрөнгө оруулагч компаниуд байдаг юм.

ХОЁР, Мега хэрүүлийн ХОХИРОГЧИД

Мега хэрүүлийн гол зорилгыг тайвнаар нэг эргэцүүлээрэй. Хувийн аж ахуйн нэгжтэй дайсагнах бодолгүй гэдэг өнцгийг өчигдөр ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хоёр ч удаа ярьсан. Харин хувийн компанид хууль зөрчиж давуу байдал олгосон төрийн эрх мэдэлтнүүдийг эрүүгийн гэмт хэрэгт буруутгасан. Нотлогдвол “шонд өлгөж, шоронд хийх” биз. Тэгвэл хамтдаа дахиад бодоод үзье. Тэр төрийн эрх мэдэлтэн нь хэн юм. 2007 оны УИХ-ын тогтоолыг зөрчиж, 2008 онд Ухаа худгийг “MCS”-д өгсөн Засгийн газрын тэргүүн бол Ерөнхий сайд асан С.Баяр. Өчигдөр Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүг гарын үсэг зурсныг зарласан явдал бол “хээрийн сургуулилалт”. Яг одоогоос эхлээд хаврыг дуустал төрийн хэлээр биш сошиалын хэлээр С.Баяр, Сү.Батболд хоёроос нэгэн зэрэг ял асууна.

ГУРАВ, Албан тушаалаараа нөлөөлөх боломжтой байсан лиценз эзэмшигч гэж хэн бэ

Мега хэрүүлийн дараагийн эзэн холбогдогч бол Ерөнхий сайд асан Сү.Батболд. ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлийн хэлсэн өөр нэг ноцтой өнцөг бол “Анх энэ лицензийг албан тушаал эрх мэдлийн байдлаа урвуулан ашиглаж өөр дээрээ авсан байж болзошгүй хүний асуудал. Өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлж улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй хүн зэрэг тодорхой этгээдүүдтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэх үг. Лиценз эзэмшиж байсан хүмүүсийн тэргүүн эгнээнд, бас улс төрийн албан тушаалтай байсан хүний тэргүүнд яригдах хүн бол Сү.Батболд. Ингээд бодохоор Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гол уяа Ерөнхий сайд байсан Сү.Батболд, С.Баяр гэсэн Ардын намын хоёр дарга руу чиглэх нь зүгээр л цаг хугацааны л асуудал юм.

ДӨРӨВ, ЗГ хариуцлагыг УИХ руу түлхэж, зүгээр хэвтэж байсан 126 гишүүн авлигач уу, дээрэмчин үү гэдгээ шалгуулна

Одоо хамгийн хоржоонтой хэсэг нь. Зүгээр хэвтэж байсан 126 гишүүнтэй парламент одоо хог новш болж, иргэдэд чичлүүлнэ. Учир нь олон улсын хөрөнгийн бирж дээр 63 хувь нь гарчихсан “MCS” компанийн эзэмшлийн орд газрыг Засгийн газар булаахаас наагуур буцаагаад авчихвал ОУ-ын арбитр дээр улсаараа бид дааж давшгүй өрөнд орно. Яг “Хан Ресурс”-т нөхөн төлбөр төлсөн шиг тавиланг бид туулна. “MCS”-ийн асуудлаас үүдэх арбитрын нөхөн төлбөрийн хажууд “Хан Ресурс”-т төлсөн мөнгө бол юун наадам, цагаан сар. Товчхондоо задгай мөнгө л гэсэн үг.

Тиймээс Засгийн газар “гал”-ыг өөрөөсөө зайлуулж УИХ руу түлхэж орхилоо. Хулгай явсныг засаг илрүүлээд УИХ руу хулгайг буцаах тогтоол оруулна. Бараг тавин хувь нь “MCS”-ээс хандив авчихсан УИХ яаж булайгаа дэлгэж, буланд шахуулахыг хамтдаа харна. Компанийн талд шийдвэл УИХ худалдагдсан болж үлдэнэ. “Нисдэг бор морийг нь алчихаад ир” гээд ЗГ-ын өргөн барьсан тогтоолын төслийг дэмжчихвэл эцсийн дүндээ УИХ арбитр дээр “ял” үүрнэ. Буруутан нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар биш. Д.Амарбаясгалангийн парламент болох учиртай.

ТАВ. Ардын нам хоёр даргынхаа үнэ цэнээр АВЛИГАЧ НАМ болохоо батлан харуулах уу

Ингээд хэрэг явдал баахан бужигнаж байгаад УИХ нь өөх ч биш, булчирхай ч биш шийдэл гаргаж, Засгийн газар нь нэмэх оноотой сална. Харин эцсийн дүнд нь ард түмний өмч байгалийн баялгийг хувийн компанид давуу тал олгож өгсөн нэрийг Ардын нам зүүнэ. Муухай дээрээ улцан гэгчээр улам бүр новш болно. Үе үеийн дарга нар болох С.Баяр, Сү.Батболд хоёр нь муу нэр луу дансныхаа жагсаалтыг сайтар арвижуулна. Ял зэм хүртэх хэмжээнд хүртэл шоглуулах гэж үзнэ. Шүүгдээд балардаггүй юм уу гэхэд сошиалын шүүлт гэх “эрүү шүүлт”-ийг давах эсэх нь ч эргэлзээтэй. Ингээд хэрэг явдал жил гаруй үргэлжилж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028 оны УИХ-ын сонгуульд Ардын нам байж болох хамгийн шалны рейтингтэйгээр орно. Ардын намыг ялагдуулах эрх ашиг, сонирхол хэнд байна..?

Г.Лхагвадорж

Улаанбаатарт +3 хэм дулаан байна
Улаанбаатарт +3 хэм дулаан байна
 
Ирэх жилээс нэг, хоёрдугаар ангийн сурагчид шинэ сурах бичиг үзэж, унших чадварын хоцрогдлыг нь арилгана
Ирэх жилээс нэг, хоёрдугаар ангийн сурагчид шинэ сурах бичиг үзэж, унших чадварын хоцрогдлыг нь арилгана
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!