Хятад найтаахад Монголд хатгаа тусах нь!

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 47 секунд

Монгол Улсын экспортын орлогыг бүрдүүлэхэд гол жин дарж ирсэн нүүрсний үнэ 40 гаруй хувиар унасан нь төсвийн орлого нэг их наяд гаруй төгрөгөөр буурахад нөлөөлөв. Зөвхөн нэгдүгээр сарын урьдчилсан урьдчилсан гүйцэтгэлээр ийм дүнтэй байна. Гэхдээ энэ бол нүүрсний салбарт сонсогдож буй хамгийн муу мэдээ биш. Бээжин гангийн үйлдвэрлэлээ бууруулахаа Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурал дээрээ саяхан зарласан нь Монголын хувьд том цохилт. Нүүрсээ зарж амьдардаг монголчуудын хувьд модон могой жил хүндхэн эхэлж байна.

Гангийн гол орц болсон нүүрсний хэрэглээ буланд шахагдаж, Хятад импортоо бууруулж байгаа нь хил дээр хэдэн сая тонноор Монголын нүүрс овоорч, дотогш урсах валютын урсгал татарна гэсэн үг. Эдийн засагч Г.Батзоригийн хэлснээр өнөөдөр АНУ, Хятадын худалдааны дайнаас илүү гангийн үйлдвэрлэлийн хямрал нь эдийн засагт хүндхэн тусах бололтой. Айлаар зүйрлэвэл, орлогын эх үүсвэр тасалдвал илүү их бүсээ чангалах нь тодорхой болно. Энэ жил 83 сая тонн нүүрс экспортлох найдвар улам бүрхэг болж байна. Харамсалтай нь, бидэнд нүүрснээс өөр орлогын эх үүсвэр байхгүй. Экспортын 40 гаруй хувийг ганц түүхий эд эзэлж байгаа өнөө үед алт, зэсийн үнэ өссөн ч нүүрсийг орлох боломж даан ч бага.

ӨНДӨР ТӨСӨӨЛӨЛТЭЙ ТӨСӨВ БАТАЛСАН Ч НҮҮРСНИЙ ОРЛОГО ХҮЛЭЭЛТЭД ХҮРЭХГҮЙ НЬ ОЙЛГОМЖТОЙ БОЛСОН

Эдийн засагч Т.Бямбахорлоо: Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлаас гангийн үйлдвэрийг бууруулах шийдвэр гаргасан нь Монголд хүнд тусах ч бид шууд нөхцөл байдлыг дүгнэж хэлэхэд бэрх.

Гэхдээ тус улс эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэнэ тус улс үзэж байгаа. Тиймээс гангийн салбар өндөрт ордог учраас үүнийгээ буулгахгүй байх гэж харж байна.

Ер нь газрын ховрын элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Ер нь бид чинь нүүрснээс хамааралтай учраас түүхий эдийн үнэ унах нь төсвөөс авхуулаад асуудал их болно.

Нүүрсний дутсан орлогыг зэсийн үнэ өссөн ч нөхөж чадахгүй. Энэ жил 83 сая тонн нүүрс экспортлох өндөр төсөөлөл гаргасан. Гэвч үүнээс илүү ханшийн уналт их боллоо. Тиймээс өнгөрсөн жилийн нүүрсний орлогыг энэ жил яагаад ч гүйцэхгүй.

Валютын нөөцөөс авхуулаад доош орж буй үзүүлэлтүүд байна. Цаашид төсөв, мөнгөний асуудлууд үүснэ. Энэ жил өндөр төсөөлөлтэй төсөв баталсан. Нүүрсний орлого хүлээлэлтэд хүрэхгүй ньойлгомжтой болсон.

Тэгэхээр орлого бүрдүүлэлтэд өөр ямар суваг байна вэ, хөрөнгө оруулалтын ямар арга байна вэ гэдгийг харах ёстой гэлээ.

Муу мэдээ нь, шинжээчдийн таамагласнаар гангийн үйлдвэрлэлийг бууруулсан нь Монголын хувьд эдийн засгийн хямралд хөтөлж болзошгүй. Сануулбал, 2016 онд Хятад гангийн үйлдвэрлэлийг бууруулсан жил Монголд түүхий эдийн уналттай, эдийн засгийн хямрал болж байв. Өөрөөр хэлбэл, Хятад найтаах төдийд Монголд хатгаа тусах нь бий.

ХЯТАД ДОТООДЫН ЭРЭЛТЭЭ ДЭМЖИХЭД БИД ЯАЖ Ч ЧАДАХГҮЙ, ЗАРДЛАА ТАНАХААС ӨӨР АРГАГҮЙ Л БОЛНО

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Хятадын гангийн экспортын дийлэнх нь Европ, Латин руу гардаг. Гэхдээ АНУ, Хятадын тариф үйлчилж эхэлбэл АНУ дангааршиж бусад нь хоорондоо интеграцид орох уу гэдэг олон асуудал байна. Хятадын гангийн үйлдвэрлэлийн хэмжээнд Монгол Улс нөлөөлөх хэмжээнд биш. Тус улс жилд 4 тэрбум гаруй тонн нүүрс хэрэглэдэг. Гэтэл манай улсын экспортолж буй 70-80 сая тонн нүүрс бол өчүүхэн хувь нь. Хамгийн гол нь, Хятадууд дотоод эрэлтээ дэмжихийн тулд импортоо хязгаарлаж магадгүй. Мөн энергийн байгууллагын судалгаагаар, нүүрсний эрэлт ирэх жил өсөх ч Хятадад энэ өсөлт харагдахгүй байна. Тус улс сэргээгдэх эрчим хүчний салбарт илүү их анхаарах төлөвтэй байна. Ер нь Хятад бол цар тахлын үед болон тарифын арга хэмжээний эсрэг хэрэгжүүлж буй гол арга хэмжээ нь дотоодын эрэлтээ дэмжихийг эрмэлздэг. Шууд хэлэхэд, бид яаж ч чадахгүй. Оны аравдугаар сарын байдлаас эхлэн нөхцөл байдал нэлээн хүндэрнэ. Бид гадаад өрөө нэмнэ, эсвэл төсвөө танана. Хөрөнгө оруулалтуудаа царцаана. Бид эрсдлээс хамгаалах бүх арга хэмжээгээ л авах ёстой. Тэгэхээр бид зардлаа хэмнэхээс өөр аргагүй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх тухай өнгөрсөн жилээс хойш л сануулсан шүү дээ.

Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
Хотын өнгө үзэмжийг сайжруулах ажлын хүрээнд хяналт хийж, зөрчил арилгах ажлыг эхлүүллээ
 
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Н.Учрал: “1XBET”-ийн Монголоос хандах эрхийг хязгаарлалаа
Сэтгэгдэл (10)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!