Ерөнхий сайд кабинетын сайдуудаа ХАНЬ БОЛОГЧИД ба ШИМЭГЧИД гэж хоёр хуваав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 34 секунд

Сүүлийн хоёр жилийн турш хэвлэлийн өмнө жинхэнэ утгаараа гарч ирээгүй байсан Ерөнхий сайдын ярилцлага энэ долоо хоногийн гол сэдэв байна. Улсын Ерөнхий сайдын ярилцлагыг дагасан хэлэлцүүлэг бүхэлдээ улс төр, нийгэм, эдийн засгийн бодлогын хүрээнд өрнөх ёстой. Гэвч харамсалтай нь ярилцлагын араас жүжигчин бүсгүйтэй кофе уух, уухгүйн тухай сошиалаар баахан цуурав.

Үнэндээ нас биед хүрсэн хүмүүс амьдралдаа ямар алхам хийх нь тухай хувь хүний л асуудал. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний хувийн амьдрал дугаар хорооны иргэнд түй ч падгүй. Харин улс орны зөв зүгт чиглүүлж бодлогын түвшинд авч явж чадаж байна уу, эдийн засаг тогтвортой байна уу гэдэг дээр л анхаарах нь зүйтэй. Орчин цагийн залуусын амьдралын хэв маяг шал өөр болсон. Авгай хүүхний асуудал ярьж хүний хөнжил сөхөхгүй. Тиймээс хувийн амьдралаар нь улс төр хийх гэсэн хэсэг бүлэг болон шалдар булдар, шар бор хов живийг том асуудал мэтээр ярих нь Ерөнхий сайд хүнд тохиромжгүй дүр.

Тиймээс нийтээрээ хүний хувийн амьдралыг хувьд нь үлдээж сурцгаая. Үнэн байна уу, худлаа байна мань мэтэд бол огт падгүй зүйл. Одоо тэгвэл миний хувьд Ерөнхий сайдын ярилцлагаас барьж авсан хамгийн сонирхолтой нэг хэсгийнхээ талаар товчхон бичье. Мэдээж олон зүйл хэлсэн байсан. Гэхдээ Ерөнхий сайдын кабинеттайгаа холбоотой хэлсэн хоёрхон өгүүлбэр яалт ч үгүй энэ ярилцлагын гол хэсэг байв. Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн Засгийн газрын кабинетын сайд нараа гал авч Ерөнхий сайддаа хань бологчид ба ажлаас зугтагч шимэгчид гэж хоёр хуваалаа.

Тэрбээр, “Бодлогын асуудлыг би яримааргүй байна. Зүгээр л Вэнс бол Ерөнхийлөгчдөө хань болж, гал авч чаддаг, итгэл үнэмшилтэй залуу лидер. Ийм хүмүүс улс төрд ер нь амьдралд их цөөхөн байдаг юм аа. Дэлхийд ч цөөхөн. Ихэнх нь лидерээ шимэгчилж, сайхан үед нь хамт байж, саар үед нь шалтаг гарган зугтаж амьдардаг. Би ч тэргүүн эгнээнд гал авах дуртай болоод ч тэр үү, таалагдаад байгаа. Итгэл үнэмшил нь тодорхой хүмүүс худлаа биш үнэн байдаг. Залуу Вэнс шиг галыг өөр дээрээ аваад зоригтой алхмууд хийж чаддаг манай Х.Нямбаатар, Н.Учрал, Ц.Туваан, О.Алтангэрэл гээд байна, байна. Бас ажлын ардуур үлдээд байдаг шимэгчид ч байгаа. Ер нь Ерөнхий сайд хүн хэн яаж ажиллаж байгааг хараагүй ч мэдэж байдаг. Хийсэн ажлын үр дүнгээр нь шууд уншигдаж байдаг” гэв.

Өнгөц харахад ажлаа сайн хийж байгаа АН-ын хоёр, МАН-ын нэг сайдыг Ерөнхий сайд онцлов. Дээр нь нэмээд өөрийнхөө гол түшиг тулгуур болсон Хотын даргыг дурдав. Гэхдээ Ерөнхий сайдын ярианы цаана хүнд хэцүү үед хань болох тухай. Хань болдог хүмүүсийн тухай ярьсан байгаа юм. Яг энэ цаг үе бол эдийн засгийн үзүүлэлтүүд хүндэрчихсэн, дөрвөн жил Ерөнхий сайд хийчихсэн учраас улс төр, нийгмийн зүгээс уйдах маягтай түүнд хандаж буй үе. Энэ хавар Ерөнхий сайдын хувиар үзсэн хамгийн амаргүй улирал байх төлөвтэй байна.

Нөгөө талд нь нэрлэгдээгүй үлдсэн сайд нар ажлаас зугтагчид, шимэгчид гэсэн ангилал руу автоматаар орж буй юм. Ерөнхий сайддаа хань болох тал дээр ч тэд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүний хүссэн хэмжээнд хүрэхгүй байгаа бололтой. Энэ нь ч үнэний ортой. Өнгөрсөн өдрүүдэд улс төрд гарч ирж буй гол яриа бол Ерөнхий сайдыг огцруулъя, сольё гэдэг санаачилга, бас шүүмж. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулсан нөхцөлд танхим бүхэлдээ унана. Гэхдээ хамтарсан Засгийн газар үргэлжлэх магадлал өндөртэй тул хэн нь сайдаараа үлдэх вэ гэдэг марафон өрнөх аюултай. Мөн засгийн тэргүүний суудлыг мөрөөдөгчид цөөнгүй байгааг өнгөрсөн өдрүүдийн үйл хөдлөл хангалттай харуулсан. Тиймээс л Ерөнхий сайд найман сарын турш хамт ажиллаж, ажиглаж байгаад энэ том дүгнэлтээ өгсөн биз.

Ямартаа ч сэтгүүлчийнхээ хувьд Ерөнхий сайдын ярилцлагын хамгийн анхаарал татсан улс төрийн хариулт бол танхимынхаа сайдуудаа хань бологчид ба шимэгчид гэж хоёр хувааж дүгнэсэн явдал байлаа.

Г.Лхагвадорж

Д.Нарангэрэл: Улаанбурхан өвчнийг эцэг, эх төдийгүй залуу эмч нар ХАРШИЛ гэж андуурч байна
Д.Нарангэрэл: Улаанбурхан өвчнийг эцэг, эх төдийгүй залуу эмч нар ХАРШИЛ гэж андуурч байна
 
Төсөвт дутсан орлогыг  нүүрс, зэс, алтны олборлолт, экспортыг нэмэгдүүлэх байдлаар нөхнө
Төсөвт дутсан орлогыг нүүрс, зэс, алтны олборлолт, экспортыг нэмэгдүүлэх байдлаар нөхнө
Сэтгэгдэл (14)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!