Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДИИИИД: Эхнэр, хүүхдэдээ гар хүрдэг залуус манай бичлэгээс өөрсдийгөө олж хараад ганц ч гэсэн зүйл ухаарч бодвол бидний зорилго биелж байгаа нь тэр

Ангилал
Нийгэм Ярилцлага
Огноо
Унших
16 минут 19 секунд

Сошиал сүлжээнд контент бүтээгч залуус хүрээллээ тэлж буй энэ цаг үед өөрсдийн хийж буй уран бүтээл, хүргэж буй санаа, хийц зэрэг нь тэдний өнгө төрхийг тодорхойлж байдаг. Тэдний эгнээнд цугтаа алхаж, өөрсдийн гэсэн үзэгчидтэй болоод амжсан "Дииииид" уран бүтээлийн нэгдлийн залуустай ярилцлаа.

-Юун түрүүнд ярилцлагын маань урилгыг хүлээж авсан баярлалаа. "Дииииид" нэгдлийн залуусын контентыг цахим сүлжээнд олон залууст инээд баяслаас гадна эерэг, зөв хандлагыг түгээдэг гэж хардаг. Энэ утгаараа жүжигчин залуустай нь танилцахыг хүсч байгаа байх. Өөрсдийгөө бидэнд танилцуулаач?

-Э.Тодбаяр: Сайн байцгаана уу. Намайг Э.Тодбаяр гэдэг. Ж.Ямаранз бид хоёрын хувьд Сити дээд сургуулийн кино драмын ангийг МУГЖ Төмөрхуяг багшийн удирдлага дор 2021 онд төгссөн. Д.Очирсүрэн дүү маань одоогоор КУДС-ийн гуравдугаар курсийн оюутан. Манай найз Н.Энх-Эрдэнэ маань СУИС-ийн жүжигчний мэргэжлийн гуравдугаар курст суралцаж байна.

-Та бүхний хийж байгаа контентуудыг харахад сошиалд зориулсан богино видео юм шиг мөртлөө илүү өргөн агуулгатай богино хэмжээний кино ч юм шиг санагдах үе байдаг. Инээдмийн, тулаант гээд олон ч жанраар хийдэг юм билээ?

-Бид инээдмийн контент гэхээсээ илүүтэйгээр аль болох жүжигчний ур чадвараа харуулахыг хүсдэг. Муухайгаар хэлэхэд бид 2000-аад оны хошин шиг гэдэг жанраас өөрсдийгөө ангид байлгах, өөрсдөө парик зүүгээд эмэгтэй хүн болж жүжиглэхээс илүүтэйгээр жүжигчний уран чадварыг харуулсан контент гаргахыг хичээдэг. Жишээлбэл, тулаант төрлийг сонгох нь тухайн бүтээлд нюанс нэмдэг. Түүнчлэн өнөөгийн нийгэмд байгаа гэгээтэйгээс гадна харанхуй, бүүдгэр сэдвүүдийг контентоороо хөндөж хүргэхийг оролддог нэг үеийн залуучууд.

-Ер нь Диииид нэгдэл анх хэрхэн сошиалд видео хийж байршуулж олон нийтэд хүргэж эхэлсэн бэ. Та бүхний хувьд бүгд жүжигчин мэргэжилтэй юм байна. Магадгүй цаг үеэ дагаад сошиал сүлжээг олон нийтэд уран бүтээл, контентоо хүргэх том орон зай гэж харж байв уу?

-Э.Тодбаяр: Ямаранз бид хоёр өөрсдөө тулаант төрлийн зүйлд маш их дуртай хүмүүс л дээ. Анх гуравдугаар курст байхдаа богино бичлэг хийхээр шийдэж тухайн үед батлагдаж байсан 450 мянган төгрөгийн хуультай холбоотой нэг бичлэг хийсэн юм. Бичлэгээ хийх гэтэл мөнгө санхүүгийн хувьд асуудал тулгарсан тул барилга дээр ажиллаж олсон мөнгөөрөө анхныхаа бичлэгийг хийсэн. Гэвч сайн хандалт авч чадаагүй. Манай пейж хуудас руу орж харвал одоо ч байдаг. Гэхдээ шантраагүй. Хичээлийнхээ хажуугаар барилгын ажил хийж түүнээс олсон мөнгөнөөсөө илүүчилж хадгалж байгаад дөрөвдүгээр курсдээ ангийн залуустайгаа нийлж арван ангит контент хийсэн боловч бас л төдийлөн олон хүнд хүрч чадаагүй. Амьдралын эрхээр ангийн залуус маань ч өөрсдийн зам мөрөө хөөхөд бид хоёр л үлдсэн. Тухайн үед хоёулаа хэсэг хоёр талд өөр өөр ажил хийсэн. Тэгсэн хэрнээ нөгөө л эхлүүлсэн зүйлээ үргэлжлүүлээд хийчихмээр бодол сэтгэлд маань байгаад л байсан. Үеийнхэн маань төгсөж гараад уран бүтээлээ хийх нь хийгээд явж л байсан. Жилд жүжигчин мэргэжлээр 500 хүн төгсөж байхад тэндээс уран бүтээлээ хийгээд явах боломж олдож буй нь цөөн. Багш нар ч "Та нараас 1-2 нь л жүжигчин болно. Урлаг хатуу. Шулуухан хэлэхэд бусад нь сайн үзэгч л болно" гэж хэлдэг байв. Тэгээд л нэг өдөр найз руугаа залгаад богино бичлэг хийж үзье гэж хэлсэн. Инээдмийн, тулаант контентууд хийж эхлээд зургаан сар хэртэй явсан. Дунд нь шантрах үе гарсан ч буцаад л контентоо хийе гэж шийдсэн. Хүсэл мөрөөдөлд маань зорилго нэмж нэгдсэн залуус, дүү нар, найзууд маань ч хүч болсон.

-Диииид гэдэг нэрний утгыг асууж болох уу?

-Ж.Ямаранз: Муугаар ярьвал, зарим контент дээр хараалын үг хэлэх шаардлагатай үе гардаг. Түүнийгээ дарах зорилгоор "дииииид" гэж нэрлэчихэж байсан юм. Гэхдээ дииииид гэдгийн ард ямар ч үг байж болох байхгүй юу. Бас энд нэг тайлбарыг хийхэд бидний анхны хийж хүргэсэн контент нь диииид гэдэг нэртэй байсан болохоос "Хаалга" гэх нэртэй нэгдэл байхгүй юу. Дотроо бид тэгж л ярьдаг. Хүмүүс бол биднийг дииииид гэдгээр нь мэддэг болсон болохоор энэ нэрэндээ ч хайртай.

No photo description available.

-Сошиал контент гэлтгүй кино уран бүтээлд ч өөрсдийгөө сорихоор шийдсэн бололтой. Саяхан шинэ киноны сураг дуулдсан?

-Э.Тодбаяр: Бид богино хэмжээний бичлэгээс гадна кино хийж үзэхийг хүссэн. Тун удахгүй "Тайгын тэнүүлч" уран сайхны кино маань нээх гэж байгаа. Хэн биднийг продьюсерлэхэв дээ. Муу юм хийхийг хүсэхгүй шүү дээ. Киногоо хийхийн тулд их зүйлтэй нүүр тулсан. Мөнгө санхүүгээс шалтгаалж бүгд гар утасаа зарж ломбардаж, хоолны мах шөлгүй болж, машины бензингүй болсон үе ч бий. Хүсэл мөрөөдлөөрөө нэгдээд чадахаараа хийгээд явж байгаа. Тиймээс хичээл зүтгэлийг маань үнэлж киног маань үзээрэй гэж хэлмээр байна. Цаашид хөгжихийн тулд хичээж байгаа гэдгийг үзэгчдэдээ хэлмээр байна.

-Ж.Ямаранз: Анхны кино уран бүтээл учраас алдаа, оноо байгаа гэдгийг хэлмээр байна. Гэхдээ аль сайнаараа л хийхийг хичээсэн

-Хараалгуулах яах вэ. Эхнэртээ, үр хүүхдэдээ гар хүрдэг залуус манай бичлэгээс өөрсдийгөө олж хараад ганц ч гэсэн зүйл бодвол бидний зорилго биелж байгаа нь тэр-

-Өмнө хэлсэнчлэн анх бичлэг нь хүмүүст хүрэхгүй шантрах үе байсан гэлээ. Хүмүүст хүрээд эхлэхээр өөрсдөд тань ямар санагдаж байв?

-Бид ханаж үзээгүй. Харин ч бичлэгээ тасалдуулж болохгүй юм байна гэж боддог. Бид ихэвчлэн эмэгтэйчүүдээ өмөөрч бичлэг их хийдэг л дээ. Энэ бичлэг хүмүүст хүрч байгаа нь энэ сэдэв өөрөө нийгэмд тулгамдаж буй асуудал мөн юм байна гэж хардаг учраас бичлэгээ хийдэг. Монголын нийгэм ямар байгаа билээ гэдгийг ядаж 76 гишүүн нь олоод харчихаасай гэдэг зорилго тээдэг. Тэд мэдэхгүй шүү дээ. Ямар ч байсан өшөө яаж, өшөө яаж сэтгэвэл болох вэ гэж үргэлж өөрсдийгөө хурцалдаг.

-Нээрээ л та хэдийн бичлэгийн хараад байхад эмэгтэйчүүдтэй холбоотой нийгэмд байдаг сөрөг хандлагуудыг аль болох зөв болгож ойлгуулах гэсэн санаа тээж дээ гэж харагддаг. Сүүлд л гэхэд дагавар хүүхэдтэй эмэгтэйчүүдийн талаар сэдвийг хөндсөн байсан. Жижиг хэрнээ энэ мэт гүн агуулгатай сэдэв санаануудыг хоорондоо ярилцаж байгаад сэдэв болгож тогтдог уу?

-Э.Тодбаяр: Үнэнийг хэлэхэд бид чинь баян цатгалан айлд өссөн хүүхдүүд биш шүү дээ. Би гэр хороололд амьдардаг байлаа гэхэд миний гэрт биш юмаа гэхэд манай гудамжинд болдог л асуудал. Эхнэрээ зоддог, дарамталдаг. Нөгөө талдаа дам яриагаар сонсоход хүртэл бидэнд анзаарагдаж байсан хандлагууд. Жишээлбэл, дагавар хүүхэдтэй бол янхан шүү дээ гэдэг ч юм уу. Гэтэл тэр эмэгтэйд ямар ч буруу байгаа гэж. Нэг залууд итгэснийхээ төлөө тэр эмэгтэй янхан нэр зүүгээд явж болохгүй биз дээ. Гэтэл нөгөө талд хуурсан залуу нь өөрөө худлаа яриад явж байвал яах вэ. Тэр талаас нь хараад юу нь эмзэг тусаж байна түүнийг нийгэмд зөв ойлгуулах, хандлагаа өөрчлөх талаас нь залууст хүргэхээр контентдоо сэдэв болгож авч хийдэг.

-Энэ мэт сэдвээр хийхээр яалтчгүй нийгмийн хөндүүр сэдвийг хөндсөн болж таарна. Гэтэл гэрэл гэгээтэй юм хийсэнгүй, стресс нэмлээ гэх хүмүүс харагддаг. Та бүгдэд элдвээр хэлүүлэх үе гарна биз?

-Ж.Ямаранз: Анх шантармаар санагдтал хараалын үгс их ирдэг байсан. Гэхдээ сүүлдээ ч дасчихдаг юм билээ.

-Э.Тодбаяр: Гэгээлэг юм хийчихэж болохгүй байна уу, "диииид" гээд л хүмүүс хараадаг л байлаа. Одоо оруулж байгаа бичлэгний маань давтамжаас шалтгаалаад нийгэмд цочроо өгөхгүйц залуус гарч ирж байгаа юм байна гэж харах хүмүүс ч байх болсон. Ядаж манай бичлэгийг үзээд сууж байгаа үр хүүхдээ орхисон, эхнэрээ зоддог залуус өөрийгөө ямар харагддагийг манай бичлэгээс хараад мэдэг, мэдрэг гэж боддог. Тэгж л чадвал бидний зорилго биелнэ. Хараалгаж байгаагаа ч тоохоо больсон.

-Тулаантай контент хийж буй нь хүүхэд, залуусыг зодолдоход бус спортод уриалж байгаа хэлбэр гэж ойлгодог-

No photo description available.

-Тулаант төрлийн контент нэлээн их хийдэг. Гэтэл манайхны хувьд хийж чадахгүй юмаараа оролдлоо, гадныхныг дуурайлаа, өсвөр насныханд зодоон хийхийг зааж байна гэх мэтээр шүүмжлэх нь элбэг байдаг шүү дээ?

-Тийм ээ. Тулаант контент хийхээр түүнийг нь дагаж хүүхэд, өсвөр үеийнхэн зодоон их хийж байна гэж харах хүмүүс байдаг. Гэхдээ мэдэхгүй юм. Бидний хүүхэд насанд Чаки Чан, Жет Ли, Бруслейг харж үзэж өссөн. Тэглээ гээд бид юу юугүй хүн очиж зодож цохиод яваа зүйл байхгүй. Харин тэр хүмүүсийг харж спортод хоббитой болсон гэж боддог. Таеквандогоор хичээллэе, ингэж өшиглөж цохиж сурья гэдэг ч юм уу. Магадгүй намайг хараад чатаар "Та аль клубт явдаг вэ, би таеквандогоор хичээллэмээр байна" гэж байгаа хүүхдүүд ч байдаг. Бид хүүхэд залуусаа компьютер, гар утасны ард байлгаад байхаас илүүтэйгээр спортод уриалж байна гэж боддог. Бид өөрсдийн сонирхол талаасаа ч бие хаагаа өв тэгш байлгах, залуу дүү нартаа спортод уриалья гэж боддог.

-Хүргэхэд ч учир бий байх. Техникээс авхуулаад?

-Зодооныг муухайгаар харвал цус нөж гээд л эхэлнэ шүү дээ. Бид харин түүнийг үзүүлбэр байдлаар үзэмжтэй болгож хүмүүст хүргэж байна гэсэн үг шүү дээ. Зодооныг зодооноор нь хүргэвэл өөр. Зохиолоосоо хамаарна. Хичээж л яваа залуучууд даа, бид.


-Н.Энх-Эрдэнийн хувьд Диииид-тэй хэрхэн нэгдэж байв. Д.Очирсүрэнтэй багадаа танилцаж байсан гэсэн үү?

-Тийм ээ. Очироо бид хоёр бага ангид байхдаа л Спортын төв ордонд боксын дугуйланд хамрагдаж танилцаж байсан. Нэг багшийн шавь нар. Нэлээн хугацаанд уулзалдахгүй явсаар нэг мэдэхэд Очироо КУДС-д, би СУИС-д элссэн байсан. Хамгийн сонирхолтой нь хоёул жүжигчин мэргэжлээр элссэн. Би Диииид-ийн кинонд проб өгч танилцаж байсан. Тэгэхэд Очироо ирчихсэн байсан. Тэгээд л тэр үеэс хойш нэг хүсэл зорилго дор нэгдэж, уран бүтээл дээр ажиллах болсон. Хамт ажиллахад эр хүн шиг эр хүн санагдсан учраас нөхөрлөх болсон доо.

-Танай жүжигчид дундаас Очироог гадаад уу гэж асуух хүмүүс их байсан. Үүнд хариулт өгч болох уу?

-Д.Очирсүрэн: Энэ асуулт надад маш их ирдэг. Хаанаас ирсэн бэ, эрлийз үү гэх мэтээр хэлэх хүмүүс их. Чи Монгол уу ч гэж асууна. Дэлгүүрт орохоор "Аан чи Монгол юм уу. Чамтай яаж хэл нэвтрэлцэнэ дээ гэж бодлоо" гэж хэлэх хүмүүс их таардаг. Сүүлд гадаад гэж харагдсан залууг хоёр залуу очиж дээрэмдэхийг оролдож байгаагаар нэг бичлэг хийсэн шүү дээ. Энэ ч үүнээс сэдэвлэсэн агуулгатай. Надад эмзэг тусдагтай ижил зовлонтой залуус их байдаг байх. Гаднах төрхөөр нь хүлээж авахгүй байгаасай, яриад л үзэхэд Монгол хүн гэдгийг нь мэдэх боломж бүрэн бий гэдгийг л хэлэхийг хүссэн. Миний хувьд төрсөн аав маань Армени хүн. Би харж байгаагүй л дээ. Гэхдээ өсгөсөн аав маань Монгол. Өсгөсөн аав минь миний аав. Нэг тиймэрхүү л байна даа.

-Та хэд уран бүтээлийнхээ хажуугаар өөр ажил хийдэг үү. Ер нь цаг заваа зориулж байгаагийн хувьд гэр бүлийнхэн нь хэр дэмждэг вэ?

-Дэмжинэ. Гэхдээ яг урлагаар хийж байгаа зүйлээрээ мөнгө олоод, ийм зүйл явсан даа гээд хэлэх ч зүйл ховор. Хүсэл сонирхлоороо л явж байгаа залуус. Хийдэгээ хийгээд, ашиг харахгүй явж байхад үр шимээ хэзээ нэгэн цагт хүртээд бүгдээрээ инээлдээд сууж байх цаг ирнэ дээ гэж боддог.

-Ярилцлагын төгсгөлд залуустаа хандаж хэлж, уриалмаар байгаа зүйл байна уу?

-Залуус маань архи тамхинаас хол, гэр бүлдээ их цаг зав гаргадаг байгаарай. Дуртай зүйлээ хийгээрэй. Хүн бүрт ч өгөгдөл бий. Чиний чадах зүйлийг чи л чадна. Чаддаг юмандаа тууштай байгаарай гэж хэлмээр байна. Бид ч бас шантрахгүй. Нийгэмд хэлэх санаатай олон контентуудыг үзэгчдэдээ хүргэх болно оо. Баярлалаа.

-Ярилцсанд баярлалаа.

ЕРӨНХИЙ САЙД: Үерийн эрсдэлтэй бүсэд газар олгосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг даалгалаа
ЕРӨНХИЙ САЙД: Үерийн эрсдэлтэй бүсэд газар олгосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг даалгалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.