Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОТОКОЛ: ҮАБЗ-өөс бидэнд чиглэл, зөвлөмж өгсний дагуу л бид англи хэлний заалтыг байнгын хорооны хурал дээр унагасан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 41 секунд

Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэлсэн. Гэвч МАН-ын бүлэг дахин байр сууриа нэгтгэх шаардлагатай гэж үзэн, ажлын гурав хоногийн завсарлага авлаа.

Хуралдааны үеэр гишүүд дараах байр суурийг илэрхийлж байв.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Боловсролын багц хуулийг хэрүүл уруул болгохгүй явуулмаар байна. Энэ хуулиар шийдэх гээд байгаа гол зүйл бол хувийн болон төр, орон нутгийн сургуулийн ялгааг арилгаж, тэгш байдлыг үүсгэх зорилготой. Англи хэлний том хэрүүл болж байна. Би гадаад хэлийг бага наснаас нь заах ёстой гэж боддог. Би зургаан наснаасаа англи хэл үзэж, дараа нь дахиад 2,3 хэл үзэж байсан учир гадаад хэлний ач тусыг ойлгодог хүн.

Зарим гишүүд Монгол Улсын хар хайрцагны бодлого гэж ярьж байна лээ. Тийм байж болно. Гэхдээ нөгөө талаас хувийн сургууль, цэцэрлэгүүд чинь бага наснаас нь англи, япон, орос хэл зааж байгаа биздээ. Тэгэхээр тэр логикоор бол энэ хувийн сургуулиудыг ч гэсэн болиулах ёстой болох нь. Тиймээс гадаад хэлийг бага наснаас нь заах нь зөв. Гэхдээ хэддүгээр ангиасаа, хэрхэн яаж заахыг яам нь өөрөө шийдэг. Зарчмын асуудал чинь энэ шүү дээ. Боловсролын багц хуулийг яаралтай явуулах хэрэгтэй. Чуулган завсарлахаас өмнө баталж, хэрэгжүүлмээр байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Англи хэлийг УИХ нь шийдэж чадахгүй байхад сайд шийднэ гэж байхгүй. Хар хайрцагны бодлого гэдэг чинь энэ биш. Харин улс эх орныхоо төлөө, хар хайрцагныхаа бодлогын төлөө англи хэлний заалтыг дүлий дүмбэ царайлж байгаад батлаад явуулах ёстой шүү. Англи хэлтэй гагнуурчин, англи хэлгүй гагнуурчин хоёрын үнэлэмжийг бид маш сайн мэдэж байгаа" хэмээлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг "ҮАБЗ-өөс бидэнд чиглэл, зөвлөмж өгсний дагуу л бид англи хэлний заалтыг байнгын хорооны хурал дээр унагасан. Ажлын хэсгийн ахлагч мэдэж байж яагаад ингээд попроод байдаг юм бэ" хэмээлээ.

УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Тоглоом тоотой нь дээр гишүүдээ. Энэ хуулиар ганцхан англи хэлний асуудлыг шийдэх гээгүй. Хувь болон төрийн, орон нутгийн сургуулиудын ялгааг арилгана. Тиймээс Боловсролын хуулинд 5 том шинэчлэл хийх гээд байна. Түүнээс биш нэг хууль дээр, тэр тусмаа Боловсролын Ерөнхий хууль дээр тэддүгээр ангиас, тэр хэлийг, тэдэн цагаар орно гэж зааж болохгүй.

Боловсролын ерөнхий хуулийг ганцхан Англи хэлний асуудалтай холбож, хэн нь ард түмэндээ хайртай вэ гэдэг уралдаан болгоод дуусгаж болохгүй. Энэ бол санхүүжилтийн тогтолцоог шинэчлэнэ. Сургууль, цэцэрлэгийн засаглалыг улстөрчдийн гараас ангижруулж, мэргэжлийн тогтолцоо руу шилжүүлж байгаа юм.

Монгол Улсад Боловсролын чанарыг өнөөдрийн түвшинд хүргэсэн хуурамч үнэлгээ дүнгийн тогтолцоог энэ хуулиар халж байгаа. Багш ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих, сайн багш хамгийн өндөр цалин авах, нийгмийн хангамж боломжийг бүрдүүлж байна. Сургалтын хөтөлбөрөө шинэчилж байгаа юм.

Хүүхэд бүрд багаас нь Англи хэлний чанартай боловсрол олгох гэж байгаа бол энэ хуулийг эрт батлах нь Монголын ирээдүйд ач тустай.

Тоглоом тоотой нь дээр. УИХ-ын гишүүд хуулиа бүтэн уншихгүй байж, нэгдүгээр ангиас нь Англи хэл заах боллоо, гуравдугаар ангиас нь заах гэж байсныг болиуллаа гээд иргэдийг бухимдуулаад байх юм. Ийм хувийн аминчхан улс төрийн тоглолт хийж болохгүй. Аль улсын хууль дээр ямар хэлийг хэддүгээр ангиас нь заах талаар тусгасан байдагг юм. Бид үндэснийхээ хөтөлбөр дээр Англи хэлийг гуравдугаар ангиас нь заана, Англи хэл анхдагч гадаад хэл байна гээд заагаад өгчихсөн байна. Сурагчдад гуравдугаар ангиас нь мэдээлэл технологи, Англи хэлний хичээлийг дэлхийн түвшинд хүрсэн шилдэг платформоор заана гэдэг хөтөлбөрийг батлаад явж байгаа" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Англи хэлийг бага ангиас заана гэдгийг хөтөлбөртөө заавал тусгах хэрэгтэй. Болвол хуульчихвал зорилтынхоо төлөө илүү зүтгэнэ. Англи хэл дэлхийн хэл болчихлоо. Тэгэхээр англи хэлний багш нарын чадавхыг сайжруулахад илүү сайн ажиллах ёстой. Тэгэж байж бид дэлхийн хэлнээс хоцрохгүй. Хүүхдүүддээ ялгамжгүйгээр англи хэл заах ажлыг хийнэ. Хэл сурлаа гээд хил хязгаараа алдчихна гэж байхгүй. Тэр өчүүхэн бодлоо хаях хэрэгтэй. Монголын тусгаар тогтнол тийм жижиг, сажиг зүйлээр хэмжигддэг зүйл биш. Тиймээс энэ зорилтоосоо айх хэрэггүй. Урагшаа алхах хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Монгол Улс хөгжмөөр байна. Хөгжихийн тулд гарцаа яаж сонгох вэ гэдэг сонголтод ирээд байна. Ард түмний боловсрол гол түлхүүр юм. Англи хэл дэлхийн 53 улсын албан ёсны хэл. Бараг ихэнх орны албан ёсны хоёрдахь хэл. Англи хэл бол аялал жуулчлалын, техник технологийн, бизнесийн хэл. Болж буй бүх арга хэмжээний дийлэнх нь англи хэлээр явагдаж байна. Монголын хилээс гараад хурал цуглаан, үзэсгэлэн, экспо бүгд англи хэл дээр явагдаж байна.

Монгол Улс хөгжлөө түргэсгэе, боломжийг хурдан ашиглана гэвэл англи хэлэнд онцгой ач холбогдол өгөх ёстой.

Англи хэлийг хуульчлахгүйгээр хөтөлбөрт тусгаад явуулна гэж яриад байна. Энэ бол үлгэр. Хэрвээ хүүхдийн мөнгийг олгоно гэж хуулиндаа заагаагүй бол хүүхдийн мөнгө олгогдохгүй. Хуулинд заасан учир олгогдож байгаа. Тиймээс энэ асуудалд ухаан уралдуулж, овжин зальжин зан гаргалгүйгээр анхнаасаа өргөн баригдахад нь дотор нь байсан англи хэлний заалтыг тусгах хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Англи хэлийг хуульчилснаар бид түүх бүтээнэ. Энэ түүх өнөөдрийн хоёр айлчлалаас чинь чухал шүү. Англи хэлийг хуульдаа тусгаж байж багш бэлтгэхээс эхлээд төсөв хөрөнгө тавигддаг юм. ХҮН нам англи хэлийг хуульчлах ёстой гэсэн байр сууриа хатуу хамгаална" хэмээлээ.

Г.Амартүвшин: Англи хэлийг бага наснаас нь орох нь хар хайрцагны бодлого юм бол хувийн сургуулиудыг ч гэсэн багаас нь гадаад хэл заахыг болиулж таарах нь
Г.Амартүвшин: Англи хэлийг бага наснаас нь орох нь хар хайрцагны бодлого юм бол хувийн сургуулиудыг ч гэсэн багаас нь гадаад хэл заахыг болиулж таарах нь
 
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Сураггүй болоод байсан Уулчин Л.Пүрэвсүрэнгийн цогцсыг олжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.