Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг бүхэлд нь эцэслэн батлах санал хураалт явуулахад 43 гишүүн дэмжиж, 87.8 хувийн саналаар хууль эцэслэн батлагдлаа. Засгийн газраас энэ оны төсөвт тодотгол хийх болсон үндэслэлээ, ард иргэдийн орлого амьжиргааг дэмжих зайлшгүй шаардлагууд үүссэн хэмээн онцолсон.
Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас улбаатай инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлого зэрэг нь манай улсын эдийн засагт томоохон сорилт болсон ч Засгийн газраас экспортыг эрчимжүүлж, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, эдийн засгийг сэргээхэд чиглэсэн арга хэмжээг үе шаттай авсны үр дүнд ийнхүү төсөвт тодотгол хийх боломж үүссэн юм.
Тодруулбал, 2022 оны нэгдүгээр улиралд 3,9 хувиар агшаад байсан эдийн засаг 2023 оны нэгдүгээр улиралд 7,9 хувиар өсөж, 2,4 тэрбум ам долларт хүрч унаад байсан гадаад валютын албан нөөц энэ оны эхний 5 сарын байдлаар 3,8 тэрбум ам долларт хүрч сайжраад байна.
Төсөв батлагдсанаар төрийн албан хаагчдын цалин дараах байдлаар нэмэгдэнэ.
Мөн хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан бүх хүүхдэд олгоно. Түүнчлэн тэтгэвэр нэмэгдэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын цалинг нэмэхэд 996, тэтгэвэрт 396, хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоход 167 тэрбум төгрөг зарцуулна гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн байдаг.