Нүүрсний зах зээлийн нөхцөл байдал, борлуулалтын талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатаас тодрууллаа.
-Нүүрсний борлуулалтыг энэ онд 30 сая тоннд хүргэх зорилт тавьсан гэлээ. Энэ хэр биелэх боломжтой үзүүлэлт гэж харж байна вэ?
-ЭТТ компани цар тахлын өмнө буюу 2019 онд түүхэндээ хамгийн оргил хэмжээнд тооцогдох 15.5 сая тонн нүүрс борлуулж байсан юм билээ. Бид 2023 оны эхний таван сарын хугацаанд нийт 11 сая тонн нүүрс борлуулаад байна. Өөрөөр хэлбэл, ЭТТ ХК жилдээ 15 сая тонн нүүрс борлуулдаг байсныг бид энэ эрчээрээ явбал дээд талдаа 30 сая тонн нүүрс борлуулах боломж байна гэж харж байгаа. Нөгөө талдаа БНХАУ-ын зах зээл дээр нүүрсний үнэ буурч байна. Гэхдээ энэ нь 2019 оныхтой харьцуулахад өндөр түвшинд байгаа. Сүүлийн 4-5 дугаар саруудад үнэ буурсан гол үе байлаа шүү дээ. Үнэ буурсан хэдий ч экспорт, борлуулалтын хэмжээгээ бууруулсангүй. Сүүлийн хоёр сарын хугацаанд 4 орчим сая тонн нүүрс олборлож зарсан байна. Нөгөө талдаа бид энэ онд биржээр нэг сая гаруй тонн нүүрсийг борлууллаа. Энэ нь 140-187 ам.доллараар арилжсан. Өмнө 100-110 ам.доллараар арилжаалагддаг байсан. Гэхдээ бид зөвхөн сайн чанарын нүүрс гэлтгүй далд эрчим хүчний нүүрсээ ч биржээр арилжаалж байгаа. Жишээлбэл, эрчим хүчний нүүрс гэхэд өмнө 9-10 ам.доллар хамгийн дээд талдаа 15 ам.доллараар худалдаалагдаж байсан. Үүнийг биржээр хамгийн дээд талдаа 70 гаруй ам.доллараар арилжаалсан. Ер нь ЭТТ цаашид сорчлохгүй. Олборлолтод гарч байгаа бүх л нүүрсийг арилжаалах чиглэлд ажиллана.
-Үнэ буцаж өснө гэж таамаглаж байгаа юу?
-БНХАУ-ын зах зээл дээрх нөхцөл байдлыг ажиглаад үзвэл, үнэ одоо л тогтворжиж байна. Зургаадугаар сарын сүүлээс буцаад үнэ сэргэх хандлага ажиглагдаж байгаа.
-ЭТТ ХХК дээр үүссэн их хэмжээний өрийг бууруулах чиглэлд хэрхэн ажиллаж байгаа вэ?
-ЭТТ ХХК-д онцгой дэглэм тогтоох үед 4.3 их наяд төгрөгийн өр байсан. Бүх өр нийлээд урт болон богино хугацааны өр байсан юм. Үүнээс бид 1 их наяд орчим төгрөгийн өрийг барагдуулсан. Одоо 3.2 их наяд төгрөгийн өрийн үлдэгдэл байна. Энэ өрийг барагдуулахын төлөө л ажиллаж байгаа.
-Засгийн газраас БЭТ-ийн хугацааг сунгах шийдвэр гарснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд олон улсын аудитын байгууллагаар аудит хийлгэх болон олон улсын менежментийг ЭТТ-д хэрэгжүүлэх чиглэлд анхаарах үүргийг өгөөд байгаа шүү дээ. Энэ чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ. Аудит хийх байгууллагыг шалгаруулсан уу?
-Олон улсын аудит оруулах үүргийг Засгийн газар болон УИХ-аас өгсөн. Бид энэ чиглэлд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад аудитын байгууллагыг шалгаруулах процесс явагдаж байна. Тухайн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аудитын байгууллагаар аудит хийлгэж, дүнгийг нь олон нийтэд ил тод мэдээлэх болно.
-Одоо УИХ дээр төсвийн тодотгол яригдаж байна. Төсвийн тодотголтой ЭТТ-ийн борлуулалтын байдал хэрхэн уялдаж байгаа вэ?
-Бид нэгдүгээр улиралд 7.5 сая тонн нүүрс борлуулсан. Энэ оны төсвийг оны өмнө ТУЗ-аар батлуулахдаа 23 сая тонн нүүрс борлуулна хэмээн батлуулсан. Эхний таван сард 11.5 сая тонн нүүрс олборлосон байна. Энэ тооцооллоороо бид үргэлжлээд ТУЗ-аараа дахин борлуулалтын хэмжээгээ нэмж тодотгосон. Ингэхдээ 30 сая тонн руу зорих төлөвлөгөөг батлуулсан хэрэг. Энэ тооцооллоос өмнө компани өөрөө тодотгол хийчихсэн гэсэн үг. Бид он гарсаар 1.2 их наяд төгрөгийн татвар төлөөд байна. Энэ бүхнийг үндэслэж байгаад улс төсвөө тодотголоо хийх гэж байгаа юм. Зөвхөн ЭТТ гэлтгүй бүх л нүүрсний компаниуд нийлээд 50 орчим сая тонн нүүрс олборлох боломжтой юм байна гэж үзээд эхний таван сарын гүйцэтгэлээр тооцоод төсвөө тодотгохоор оруулж байна шүү дээ.
-ЭТТ ХК-иас С зөвшөөрлийг энэ оны хоёрдугаар сараас эхлэн хүсэлт гаргасан компаниудад хуваарилан олгож эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор С зөвшөөрлийг зарж байна гэх мэдээлэл ч гараад амжсан шүү дээ?
-C зөвшөөрлийг улирал бүр олгоно. Энэ оны эхнээс С зөвшөөрлийг ан удаа олгож эхэлсэн. Өмнө С зөвшөөрлийг АТҮТ өгдөг байсан. Бид бүх зүйлийг нь нээлттэй ил тод л болгочихсон. 12-13 мянган С зөвшөөрөл авах хүсэлт ирж байгаа. Түүний 60-70 хувийнх нь хүсэлтийг л бид хангаж байгаа. Үүнтэй холбоотойгоор хэл ам дагуулж байгаа зүйл байна. Гэхдээ бүх зүйл нээлттэй байгаа. С зөвшөөрлийг зардаг, аман хэлэлцээ хийсэн зүйл байхгүй. Бид хуулийн байгууллагаар шалгуулаад тогтоолгочихсон.