Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны зургадугаар сарын 12-ны Баасан гаригт болов. Хуралдаанаар хүн ам орон сууцны 2020 оны тооллогын дүнг танилцуулав.
-ХҮН АМ-
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3.296.866, өрхийн тоо 897.427 болжээ. 2010 оны улсын ээлжит тоологоос хойш Монгол улсын хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өссөн байна. Жилийн дундаж өсөлт өмнөх тооллогоос 0.7 пунктээр нэмэгдсэн нь хүн амын цэвэр өсөлт сүүлчийн арван жилд их байсантай холбоотой юм.
Тооллого хоорондын хүн амын жилийн дундаж өсөлтийн дүр төрх өмнөх 10 жилээс бүх аймаг, нийслэлийн хувьд өссөн байна.
Хүн амын насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр буюу 0-14 насны хүүхэд 31.5 хувь, 15-64 насны хүн ам 64.4 хувь, 65 түүнээс дээш насны хүн ам 4.1 хувийг эзэлж байна.
Хүйсийн харьцаа өмнөх тооллогын үетэй харьцуулахад 96.6 болж 1.5 пунктээр буурчээ. Мөн хүйсийн харьцаа нь 30, түүнээс дээш насны бүлэгт буурч байгаа нь эрэгтэйчүүдийн дунд нас баралт харьцангуй илүү байдагтай холбоотой.
Хүн амыг насны бүтцийн хувьд таллан хувааж байгаа голч нас 27.9 болсон нь хүн амын тэн хагас нь 27.9-өөс доош, үлдсэн 50 хувь нь түүнээс дээш насныхан байна. Нийт хүн амын 3.7 хувь нь буюу 122.3 мянган хүн гадаадад 6, түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна.
Хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох тэжээлгэгч хүн амын тоо 55.3 байна. Хүн ам зүйн ачаалал 2020 онд 2010 оноос 10.3 пунктээр өссөн. Хүн ам зүйн цонх үеийг ашиглан урт хугацааны бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, ялангуяа ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарснаар улс орны нийгэм, эдийн хөгжилд хүн ам зүйн хүчин зүйл эергээр нөлөөлөх юм.
-ХҮН АМЫН ҮНДЭС, УГСАА-
Монгол Улсын харьяат иргэдийн үндэс, угсааны талаарх мэдээллийг өмнөх тооллогод 29 бүлгээр цуглуулж байсныг Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогоор 31 болгож өргөжүүлсэн. Тооллогын үр дүнгийн танилцуулгад бүлэгт 100-аас цөөн хүн амтай бүлгийг “Бусад” гэж нэгтгэсэн болно.
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор Монгол Улсын харьяат суурин хүн амын 83.8 хувийг халхууд эзэлж, өмнөх тооллогоос 1.4 пунктээр өссөн байна. Казахуудын нийт хүн амд эзлэх хувийн жин 3.8 хувь байгаа нь халхуудын дараа орж байна. Харин Дөрвөд, Баяд, Буриад угсаатнууд 2010 оноос буурсан байна.
-ШАШИН-
Арван тав, түүнээс дээш насны хүн амын 59.4 хувь нь шашин шүтдэг, 40.6 хувь нь шашин шүтдэггүй гэж тоологдлоо. Шашин шүтлэгтэй хүмүүсийн 87.1 хувь нь буддын шашинтан байна.
Хүн амын дийлэнх нь буддын шашинтан боловч насны бүлгээр авч үзэхэд 15-19 насны өсвөр үеийнхний хувьд христ, исламын шашинтан олонх байна. Мөн үндэс, угсаанаас хамааран шашин шүтэх, эс шүтэх нь харилцан адилгүй бөгөөд Казах угсаатнуудын 84.7 хувь нь шашин шүтдэг ба 81.9 хувь нь ислам шашинтан байна.
-ХҮН АМЫН СУУРЬШИЛ-
Монгол Улсын хүн амын суурьшлыг бүсээр ангилж үзэхэд нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатар хотод, 19 хувь нь хангайн бүсэд, 16 хувь нь төвийн бүсэд, 13 хувь нь баруун бүсэд, 7 хувь нь зүүн бүсэд оршин сууж байна.
Төв суурин газар уруу 1990-ээд оны эхэн үеэс эхэлсэн шилжилт сүүлийн 20 гаруй жилд үргэлжилсэн хэвээр байна. Ерөнхийдөө хүн амын шилжилт хөдөлгөөн Улаанбаатар руу чиглэж байгаа нь олон баримтаас харагддаг.
Монгол Улсын хүн амын нягтрал 2000 онд нэг квадрат километр нутаг дэвсгэрт 1.5 хүн ногдож байсан бол 2010 онд 1.7 хүн, 2020 онд 2.1 болж өссөн нь үндэсний түвшинд хүн амын ердийн цэвэр өсөлтийн нөлөө юм.
Аймаг, нийслэлийн хүн амын нягтралын өөрчлөлтөд дээр дурдсан хүчин зүйлсээс гадна дотоод шилжих хөдөлгөөн ихээхэн нөлөөлсөн байна. Улаанбаатар хотын хүн амын нягтрал 2010 оноос 2020 оны хооронд 33.4 хувь, Орхон аймгийнх 28.0, Дархан-Уул аймгийнх 17.8 хувиар тус тус өссөн нь шилжих хөдөлгөөнтэй холбоотой.
-БОЛОВСРОЛ, БИЧИГ ҮСГИЙН МЭДЛЭГ-
Арав, түүнээс дээш насны хүн амын 95.1 хувь нь ямар нэгэн боловсролын түвшин эзэмшсэн байна. Харин 15, түүнээс дээш насны хүн амын 98.7 хувь нь бичиг үсэг тайлагдсан байна. Боловсролын түвшин өмнө жилүүдээс харьцангуй өссөн ба бичиг үсэг мэддэггүй хүн амын түвшин буурчээ. Арав ба түүнээс дээш насны хүн амын дүнд бичиг үсэг мэддэггүй хүн амын эзлэх хувь багассан байна. Харин дийлэнх нь буюу 29.3 хувь нь бүрэн дунд боловсролтой байна.
Дээд боловсролтой хүн амын түвшин урьд оноос өссөн үзүүлэлттэй гарч байна. Арав ба түүнээс дээш насны Монголын харьяат суурин хүн амын 26.3 хувь нь дээд ба түүнээс дээш боловсролтой болсон нь 2010 оны үр дүнтэй харьцуулахад 8 пунктээр өссөн байна.
Б.ЛХАГВАЦЭРЭН
www.ubn.mn