Т.Маргад-Эрдэнэ: Анухай багшид уян зөөлөн, шавиа гэсэн сэтгэл байдаг. Өөрийнхөө тэр төрхийг л харуулаасай гэж хүссэн

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 0 секунд

Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн оролцогч, “Эротик арт” чиглэлээр уран бүтээл туурвин түүгээрээ хэдийнээ олны танил болсон зураач, дизайнер Т.Маргад-Эрдэнэтэй ярилцлаа.

-Юуны өмнө цаг гарган ярилцаж байгаад баярлалаа. Дугаар бүр нь үзэгчдийн хүлээлтийг үүсгэдэг “Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн хамгийн залуу оролцогч байх. Яагаад шоугаа орхих болсон бэ гэдгээс яриагаа эхэлье?

-Миний хувьд “Anuxai’s fitness show” нэвтрүүлгийн нэг оролцогч нь болж, түүгээрээ жаахан "бүүм" хийчихлээ. Хүмүүсийн анхаарлыг нэлээд татчих шиг боллоо. Бараг нөгөө халтар царайт шиг л юм болсон байх /инээв/.

-Анх яагаад энэ шоунд оръё гэж шийдсэн юм бэ?

-Би нийгмийн асуудлаар түлхүү ярьдаг, сошиалд өөрийнхөө уран бүтээлээ хүмүүст харуулдаг ч гэсэн бодит амьдралд нэг их нээлттэй төрлийн хүн биш л дээ. Энэ шоунд орж өөрийнхөө арай өөр өнгө төрхийг харуулъя, өөртөө өөрчлөлт хийж, илүү сайн хувилбараар өөрийгөө олж харах гэсэн эрмэлзэлтэйгээр нэвтрүүлгийн сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн.

-Багшийнхаа удирдлага дор олон өөрчлөлтүүдийг биедээ гаргаж чадсан нь үнэн-

-Хэдийгээр шоу нэвтрүүлэг гэж байгаа ч цаана нь уйгагүй дасгал, хөдөлгөөн, хоолны дэглэм, сэтгэл зүйн байдал гээд маш их зүйлийг зарцуулдаг байх?

-Би энэ нэвтрүүлэгт орсноороо олон шинэ зүйлсийг сурч мэдэж авсан. Багшийнхаа удирдлага дор олон өөрчлөлтүүдийг биедээ гаргаж чадсан нь үнэн. Тухайн үед миний ам зөрөөд гарч явсныг нэвтрүүлэг үзсэн хүмүүс мэдэж байгаа байх. Гэвч цаана нь юу болж байгааг хэн ч анхаардаггүй. Тухайн агшинд нэлээд юм болсон. Би өөрийгөө өмөөрөөгүй. Нөгөө талаараа шоу гэхээр л заавал ширүүн дүрийг гаргахдаа биш нийгэмдээ аль болох эерэг дүрийг бий болгож, залуучуудад фитнесийн үнэ цэнэ, үр дүнг таниулах хэрэгтэй л гэж боддог.

Анухай багшид уян зөөлөн, шавиа гэсэн сэтгэл байдаг. Өөрийнхөө тэр төрхийг бас харуулаасай гэж хүссэндээ миний хувьд жаахан ам зөрсөн. Тэр маань хүмүүст хэтэрхий багш руугаа хатуу хандсан гэдэг өнцгөөр явчихсан байсан. Нэгэнт ийм зүйл болоод бүгд над руу дайрсан ч гэсэн би түүнийг даваад гарах тэнхэлтэй.Түүнийг давж гарах хатуужлыг багш бас тодорхой хэмжээнд өгсөн байгаа.

-Хэлэх гэснээ шууд хэлчихдэг, шулуун занатай гэж санагдсан. Тухайн үед бэлтгэлийн заалыг орхиж гарахаас илүү ойлголцоод ярилцах боломж байгаагүй юу. Хамтдаа шоунд оролцсон бусад хүмүүстэйгээ хэр дотно байсан бэ?

-Хүмүүс намайг өөрөөсөө эгч хүмүүстэй их муухай, хүндлэлгүй харьцлаа гэж шүүмжилж байна лээ. Хүндлэл гэдэг зүйл миний бодлоор зөвхөн, та чи гэдэгт хязгаарлагдахгүй. Аль ч насны хүмүүс долгионоо тааруулаад явах юм бол маш гоё дотно найзууд шиг хөгжилдөж, заримдаа маргасан ч эргээд ойлголцож болдог. Би эндээс явсан байсан ч хамаагүй, ямар нэгэн асуудал хэн нэгэнд нь тохиох үед хамгийн түрүүнд яваад очих хүмүүсийн нэг нь байж чадна л гэж боддог. Бидний хувьд тийм найзууд болж чадна гэдэгт итгэлтэй байгаа.

-Залуу хүний хувьд анзаардаг бол нийгэмд Gen Z үеийнхэн маш эмзэг, тэднийг аргадаж л ажил хийлгэх болдог, харьцахад маш төвөгтэй хүмүүс гэх зэргээр ярьцгаадаг. Нөгөө талд бие даасан, шинэлэг зүйлийг туршиж үзэх дуртай, хурдан хугацаанд өөрийгөө олон төрлийн зүйлсээр хөгжүүлж чаддагаараа маш том давуу талтай гэх зэрэг эерэг зүйлс байна. Үүнийг юу гэж боддог вэ?

-Манайхан нийгэмд үеийн ялгаа гаргачихдаг. Социализмын үеийн хатуу ширүүн дэгтэй, журамтай байсан байдлаа энэ цагт залуучуудтайгаа харьцуулж шүүмжлэх нь их болсон. Хүлцэнгүйг үг даадаг, тууштай хүнийг л мундаг гэж дүгнэдэг, гэтэл үгүй шүү дээ. Хүн заавал хэн нэгний хатуу ширүүн үгээр урагшлах алба байхгүй. Зүгээр л урмын үгээр, эерэг хандлага, харилцаагаар хүн урагшилж болдог.

-Өөрийн дотоод ертөнц дэх Т.Маргад-Эрдэнийг илэрхийлэх гэвэл ямар төрлийн хүн гэж хэлэх вэ?

-Намайг хүмүүс эротик зураг зурдаг болохоор их айлгүй гэж боддог. Гэхдээ энэ шоунд орсноороо өөрийнхөө хөгжилтэй талыг, уурлахаараа бас хэрхэн реакц үзүүлдэг хүн бэ гэдгийг харсан байх гэж бодож байна. Хүмүүс бөөнөөрөө бүлли хийсэн ч хамаагүй чи хийх ёстой зүйлээ хийж, урагшилж, хөгжих ёстой бол түүнийгээ үргэлжлүүлээд л явах ёстой гэдгийг харсан. Намайг нэг л өнцгөөс харж дүгнээд байгаа хүмүүст хэлэхэд би өөртөө хангалттай сайн өөрчлөлт хийнэ гэсэн зорилго тавьчихсан байгаа.

-Эротик арт чиглэлээр зурж өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсролыг нээлттэй, зөв талаас нь харуулахыг зорьдог-

-Өөрийнхөө эротик арт зургуудаараа хүмүүст нэлээд танигдсан шүү дээ. Яагаад энэ чиглэлээр бүтээл туурвих болсон юм бэ? тухайн бүтээлүүдээрээ дамжуулж нийгэмд ямар мессежийг өгөхийг зорьж байгаа вэ?

-Нийгэмд сөрөг зүйлс маш олон. Инфлюсерүүд ч тэр аливаа зүйлийг сурталчлахаараа дандаа л шоу цэнгээн ч юм уу, гоё, тансаг байдлыг ихэнхдээ харуулах гэж хичээдэг. Миний хувьд амьдралын байгаа өнгийг байгаа чигээр нь л харуулахыг хичээдэг. Бусдад танигддаг боллоо гээд бүх зүйл нь ганган, тансаг, гайхуулсан хэлбэртэй байх нь утгагүй.

Би дизайнер мэргэжилтэй. Хоббигоороо зураг зурж санхүүгийн тодорхой хэмжээний орлоготой болдог. Монголд ганцхан ажил хийгээд амьдрахад маш хэцүү. Хүмүүст нэг буруу ойлголт байдаг. Ганц бие хүмүүс хэрэглээгээ зохицуулж чаддаггүй, гэр бүлтэй хүмүүст л амьдрахад хэцүү байгаа мэтээр ярьцгаадаг. Гэтэл эсрэгээрээ бүх зүйлээ хэний ч дэмжлэггүйгээр өөрөө зохицуулах болдог. Байр, цахилгаан,хоол хүнснээс авхуулаад хүний хэрэгцээ юу байна тэр бүгдийг өөрөө л хангах болдог. Гэтэл гэр бүлтэй хүмүүсийг нөгөө талаас нь харахаар эхнэр нь будаа авчирсан бол нөхөр нь махаа аваад ирдэг ч гэдэг юм уу. Амьдралд хамтдаа зүтгээд, дэм дэмэндээ зовлон жаргал, бэрхшээлээ хуваалцаад туулж яваа нь харин ч давуу талтай. Хоёулаа амьдралд зүтгэх, ганцаараа зүтгэх хоёр тэс өөр зүйл.

Уран бүтээлийн хувьд хэсэг хугацаанд завсарласан байгаа. Яагаад гэхээр миний зурсан зургуудаас ихэнх хүмүүс нэг л талыг хараад байгаа. Садар самууныг сурталчиллаа гэдэг шүүмжлэлийг зарим нь хэлдэг. Уг нь миний зорьж байгаа зүйл Монголынхоо өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн боловсролыг нээлттэй байлгаж, зөв талаас нь харуулдаг байя гэсэн зорилготой.

-Сошиал орчин дахь хүмүүсийн харилцаа, хандлагыг хэрхэн харж дүгнэдэг вэ, аливаа асуудалд шүүлтүүртэй ханддаг орон зайг хэр нээлттэй, эсвэл хаалттай байна гэж боддог вэ?

-Хүмүүст хандаж хэлэхэд бодит амьдрал, шоу хоёрыг ялгаж салгаасай хэж хүсдэг. Өнөөдөр над руу бөөнөөрөө дайрч л байна. Гэтэл хэд хэдэн ууланд гал түймэр гарчхаад байхад дарга нар нь онгоцыг нь аваад нисчихсэн. Нөгөө хэдэн албан хаагчид нь техник хэрэгсэл нь хүрэлцэхгүй, зарим нь 5 литрийн ус хүртэл зөөж аваачиж өгч байна. Энэ өнөөдөр манай нийгмийн хамгийн их анхаарал тавьж санаа зовних ёстой асуудал шүү дээ. Гэтэл нийгмийн сенсацийг надаар л дарах гээд байна гэсэн зүйл ажиглагдах болсон. Чи ямар арчаагүй юм бэ, шоугаа орхиод байхдаа яадаг юм гэх зэргээр зогсоо зайгүй бичиж шүүмжилж байгаа нь нэг талаас харамсмаар л байдаг.

Тиймээс залуучууддаа хандаж хэлэхэд ямар ч мэдээллийг заавал олон талаас нь харьцуулж, олон эх сурвалжаас авч, тэр дундаас бодит байдлыг дүгнэж ойлгох чадвартай, цензуртэй байгаарай л гэж хэлье дээ.

Ярилцсанд баярлалаа

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан, шороон шуургатай
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан, шороон шуургатай
 
ГХЯ: Тайландад Монголын гурван хүүхэд алга болсон мэдээлэл худал
ГХЯ: Тайландад Монголын гурван хүүхэд алга болсон мэдээлэл худал
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!