Н.Тэгшбаяр: Уран үнэхээр хортой гэж үзвэл түүнийг нь мөнгө төлөөд аваад явж байгаад талархах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
13 минут 44 секунд

Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай Ураны гэрээ, түүнийг тойрсон цаг үеийн асуудлаар ярилцлаа

"Цөмийн энергийн салбарт цэвэрлэгчийн ч ажил хийхгүй байгаа"

-Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчны хотонд урд хоёр хөлгүй ботгон төрснийг уранаас болж хордсон байж болзошгүй гэж "Үнэн ба зөв нам"-ын дарга А.Отгонбаатар тэргүүтэй хүмүүс ярьж байна. Физикч хүний хувьд үүнийг юу гэж харж байна?

-Ботгоны хувьд Улаанбадрах сумын уран олборлох гэж байгаа газрынх биш. Эргэлзээтэй байвал Мал эмнэлгийн газар очиж ураны хордлого байгаа эсэхийг шинжлүүлж болно. Учир нь уран дэлхий дээр 4.5 тэрбум жил байгаа зүйл. Үнэхээр тэр ботго уранаас хордсон бол биед нь байж л байгаа гэсэн үг. Түүнийг нь шинжлүүлэхэд бүх асуудлын учир тайлагдана.

-Монгол, Францын хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш хэсэг хүмүүсийн эсэргүүцэлтэй өдөр бүхэн тулгарч байна шүү дээ. Нийгмийн нэг хэсэг нь уран хортой, нөгөө тал нь хоргүй олборлолт явуулна гэх зэргээр ярьж буй. Эсэргүүцэл, шүүмжлэлийн тухайд та юу хэлэх вэ?

-Хоёр улсын хамтарсан гэрээг нөхөр Н.Тэгшбаяр хүсээд хийлгэчихсэн зүйл биш л дээ. Монгол Улсын парламентын зүгээс усны хүнд элемент, түүний физик, гидрохимийн асуудлаар судалж, эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтдийн нэг гэж намайг дуудаад асуусан. Би асуултад нь хариулсан төдий.

Түүнээс биш би энэ цөмийн энергийн салбарт цэвэрлэгчийн ч ажил хийхгүй байгаа. Өөрөөр хэлбэл над руу дайраад байгаа хүмүүс байгаа буруу онож буудаж, сумаа дэмий үрж байна гэж хэлмээр байна.

Монгол, Францын хамтарсан гэрээ “Бадрах Энержи” ХХК-иар дамжиж хэрэгжинэ. Энэ компани бол хоёр улсын дипломат харилцаа, бизнес худалдаа гээд олон зүйлсийг шингээсэн компани гэж ойлгох хэрэгтэй. Үүнийг дагаад Францын хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой. Цаашлаад европын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх боломж бүрдэх юм. БНФУ бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орны нэг.

Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд тусгаар тогтнол, аюулгүй байдлаа дипломат гэрээ, хэлэлцээрийн шугамаар хангана гэсэнд нийцэж байгаа. Тэр утгаараа Аюулгүйн зөвлөлөөр орж дэмжигдээд зөвлөмж гарсан. Түүнийг нь Засгийн газар хэлэлцэж, УИХ-тай зөвшилцөөд хийгдсэн гэрээ. Өөрөөр хэлбэл Монгол төрийн бүх институт дэмжээд төрөөс цөмийн энергийн талаар баримтлах бодлого, хуулийг хэрэгжүүлж байгаа процессыг эсэргүүцэж байгаа энэ хүмүүс хэрэв бусдын гар хөл болж байгаа бол тэдгээртэй хариуцлага тооцох ёстой. Мэдэхгүйгээр эсэргүүцэж байгаа бол гэгээрүүлэх хэрэгтэй.

Ер нь сүүлийн үед сэтгэл байхад бусад нь болно гэдэг балай яриа их дэлгэрч. Мэдээж сэтгэл зүрх чухал. Сайхан сэтгэлтэй байлаа гээд мэргэжлийн бус хүнээр олгойгоо авхуулдаггүй биз дээ. Үүнтэй адилхан энэ цөмийн энергийн салбарт мэргэжлийн хандахгүй бол маш аюултай.

Цацрагийн дозаметр гэж маш нарийн багажаар хэмждэг. Атал хэсэг хүмүүс уран маш хортой. Тэнд гаж хөгжилтэй ботго төрсөн байна гэх зэргээр амны хэмжээгээр яриад байж болохгүй шүү дээ. Мэргэжлийн бус, эрүүл биш хандлагатай тэр хүмүүс Монголын нийгэмд бэтгэ болж байгаа. Төрийн бодлогыг эсэргүүцэж байгаа хүмүүст зохих хариуцлага хүлээлгэх ёстой. Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө гэж үг бий.

Нийгмийн сэтгэл зүйг дагаж шийддэг асуудал тусдаа бий. Энэ нь магадгүй сонгууль. Харин уран, цацраг идэвх, өндөр технологитой холбоотой асуудлуудыг санал асуулгаар ч юм уу, хүмүүсийн сэтгэл зүйгээр шийдэж болдоггүй. Энэ бол мэргэжлийн асуудал. Сайн дурын ажил биш юм. Сая харин Монгол Улсын парламент ураны хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ эрдэмтдээ сонсож, шийдвэр гаргасан нь маш сайн хэрэг. Энэ гаргасан шийдвэрээ хамгаалж зогсох нь эргээд төрийн үүрэг.

-Саяхан Франц Монголын хамтарсан Бадрах энержи компанийн гүйцэтгэх захирал Ноён Маркын биед халдсан асуудал үүссэн. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?

-Монголчууд бид Чингис хаанаа шүтдэг. Архины шилэн дээр зургыг нь тавьж шүтэх биш үзэл санаа, философийг нь судлах шаардлагатай. Их хааны үзэл санаагаар бол Чингис хаан элчид халдаж болохгүй гэж хатуу үздэг байв. Тэр утгаараа бол гадна дотны Хөрөнгө оруулагчийг элч гэж үзвэл түүний биед халдах нь өөрөө их хааны үзэл санааг зөрчиж байгаа зарчимгүй зүйл гэсэн үг. Өөрөөр хэлбэл түүний биед халдаснаараа хөрөнгө оруулагчдийг үргээж буй хэрэг. Хэрэв тэр хүний биед халдагч этгээд нь галзуу бол эмнэлэгт нь хэвтүүл. Эрүүл бол хуулийн хариуцлага хүлээлгэ. Ийм л энгийн зарчим

"Хөдөлмөрийн баатар Ч.Хурц гуай буруу мэдээлэл түгээснийхээ төлөө уучлалт гуйх ёстой"

- Шар нунтгийг олборлох тухай асуудал яригдаж байгаа шүү дээ. Хүн, байгальд хортой гэж үзэж буй. Олборлох технологийн хувьд хэр баталгаатай зүйл гэж хэлэх вэ?

-Шар нунтаг бол шорооноос нь салгачихсан байгалийн уран. Энэ байгалийн ураныг идчиж ууж болохгүй. Уул уурхайн бусад бүтээгдэхүүнтэй адилхан л зүйл. Дээр намайг мэтгэлцээнд ороход үүнийгээ идэж, уу гэж дайраад байна лээ. Хүн барааны саванг идээд байдаггүйтэй адил шүү дээ. Харин тэгж дайрч байгаа хүмүүс бол байгалийн шинжлэх ухааны суурь боловсролгүй л байгаагийн шинж. Тэгээд уран үнэхээр хортой гэж үзвэл хортой юмыг нь мөнгө төлөөд аваад явж байгаад талархах хэрэгтэй шүү дээ

Дашрамд хэлэхэд, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц гуай газар доор уусган баяжуулах аргыг маш буруу тайлбарлаж байна лээ. Химийн хорт бодис маш ихээр агаарт дэгддэг гэж яриад байгаа нь худал. Битүү циклээр олборлолт хийж байгаа нөхцөлд тийм зүйл байхгүй. Харин Ч.Хурц гуай ийм балай юм ярьсныхаа төлөө уучлалт гуйх ёстой. Яах вэ, Монголчууд настай хүний үгийг сонсож, хүндэтгэдэг учраас л үгийг нь сонсож байгаа болохоос мэргэжлийн хүний өнцгөөс харвал алдаатай дүгнэлт хийж байна лээ.

"Цөмийн энергийн агентлагийг сэргээн байгуулах шаардлагатай"

-Уул, уурхайн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл яаралтай горимоор УИХ-д орж ирсэн ч буцааж татуулсан. Уг төсөлд Цөмийн энергийн агентлагийг сэргээн байгуулах тухай асуудал туссан юм билээ. Үүнийг та хувьдаа дэмжиж байгаа юу? Биржийн хуульд оруулж ирсэн гол шалтгааныг юу гэж харж байна?

- БНФУ-ын “Орано майнинг” компани хооронд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд Олон Улсын биржийн дундаж үнээр үнээ хоёр тал тогтооно гээд заачихсан учраас биржийн үнийг авахаас аргагүй гэдэг утгаар хуульд холбож өгч байгаа нь тэр. Яагаад гэхээр, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай Олон улсын конвенц, хэлэлцээрүүд гэж бий. Тэнд зааснаар шар нунтгийг олборлоод экспортлох болбол Олон улсын Атомын энергийн агентлагт заавал бүртгүүлэх ёстой байдаг. Гэтэл үүнийг Монголын ямар нэгэн хуулиар зохицуулаагүй байдаг учраас холбогдох хэсгүүдийг хуульд нийцүүлэх ёстой болсон гэсэн үг. Энэ бол зөв зүйл.

2005 оны үед гэж санаж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болж, УИХ-ын даргаар З.Энхболд байхад Цөмийн энергийн агентлагийг татан буулгасан. Түүгээрээ энэ салбарын ажлыг 10 жил хойш татсан, хортой шийдвэр байсан..

Тэрийг нь энэ парламент, ЗГ засаж байгаагаараа маш чухал зүйл гэж мэргэжлийн хүний хувьд үзэж байгаа.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ураны гэрээг хийхээс гадна Монгол Улс атомын цахилгаан станцтай болох судалгааны ажлыг 2024-2028 онд хийнэ гэж тусгасан. Үүнийгээ цаг алдалгүй хийж эхлэх хэрэгтэй. Энэ ажлыг хийхэд зүгээр нэг Цөмийн энергийн комисс нэртэй ажлын алба биш, төрийн захиргааны байгууллага байх нь стратегийн ач холбогдолтой юм.

-Цөмийн энергийн агентлаг байгуулагдвал та орж ажиллах уу?

-Бороо ороогүй байхад цув нөмрөөд яахав гэдэг үг бий. Энэ асуудал одоо яригдах нь эрт байна гэж хэлмээр байна.

-Цөмийн энергийн агентлагийг татан буулгаснаар ямар хор хохирлыг улс амсаж байна гэж та үздэг вэ?

-Хэрэв энэ агентлагийг татан буулгаагүй байсан бол Атомын цахилгаан станцын ажил эхэлсэн байх байсан. “Орано Майнинг” компанитай хамтарч ажиллах хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах байсан. Монголын ураны нөөцийг 1.5 сая гэж үзэж байгаа.Бадрах энержи компанийн хөрөнгө оруулалтын гэрээнд хамаарах нөөц бол дээрх таамаг нөөцийн 10 хувь хүрэхгүй гэж үзвэл үүний дараа дараагийн ураны хөрөнгө оруулалтын гэрээнүүд хийгдээд явчихсан байх цаг хугацааг бид алдсан гэсэн үг. Дээр нь газар доорх уусган баяжуулах аргаар ажиллаж чадах олон залуучууд төрөн гарч, эх орондоо төдийгүй дэлхийн зах зээлд гарч ажиллах боломжтой байсан.

-Монгол Улсын эдийн засаг нэг салбараас хэт хараат болчихсон байгаа нөхцөлийг олон талт болгож, эдийн засгаа солонгоруулах боломжийг хэрхэн дүгнэдэг вэ. Уул уурхай, ашигт малтмалын салбарын цаашдын хөгжлийн чиг хандлага хаашаа явах ёстой гэсэн бодолтой байна?

-Нэг сонирхолтой мэдээлэл хэлье л дээ. 2040 он гэхэд дэлхий дээр үйлдвэрлэгдэж байгаа машины 50 орчим хувь нь устөрөгчийн эрчим хүчээр ажиллахаар яригдаж байна. Тэгэхээр бид устөрөгчийн эрчим хүчийг ашиглахтай холбоотой судалгаа, хөрөнгө оруулалтыг хийж шаардлага үүснэ. Мөн хүн төрөлхтөн хиймэл оюун ухаанаас хамааралтай болж байгаа энэ цаг үед шинэ тутам түрэн орж ирж байгаа салбар хүний бэлтгэж сургах ёстой. Бидний өнөөдөр, маргааш зөвхөн нүүрснээс хамааралтай яваад байж болохгүй. Зэсийн түүхий эдээ боловсруулж гаргадаг болох хэрэгтэй. Газрын ховор элементээр олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Приус машины яндан хулгайлаад байдгийн гол шалтгаан нь түүн дотор газрын ховор элементээр шүүлтүүр хийсэн байдаг учраас тэр. Энэ мэт дэлхий дахинд эрэлттэй байгаа зүйлсийг үйлдвэрлэдэг болж, технологид суурилсан хөгжлийн бодлогын төлөө явахгүй бол Монгол Улс хөгжлийн пуужингаас хоцорлоо.

Эцэст нь хэлэхэд өнөөдөр нийгэм хоёр талцаж, уран хортой, хоргүй гэдэг маргааны гол үр дагавар нь ЕБС-иудад физик, хими, байгалийн ухааны хичээлийг сонголтоор ордог болсонтой холбоотой. Боловсролын байгууллага үүнд анхаарч ажиллах ёстой. Үгүй бол бид шинжлэх ухаанаас зугтах боломжгүйтэй адил ирээдүйд бүрхэг нийгмийг л бий болгоно гэсэн үг. Сайд П.Наранбаяр харин асуудлыг хүлээж авдаг, ойлгодог хүн шиг санагдсан. Энэ яриагаар дамжуулж ЕБС-иудад сурагчдын заавал судлах хичээлд хими, физик, байгалийн ухааны хичээлийг оруулаасай гэж хүсэж байгаагаа уламжилъя. Баярлалаа.

Ярилцсанд баярлалаа

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн, Цагааннуур суманд гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна
 
Нью-Йорк хотноо болж буй “Монголын хөрөнгө оруулалтын форум 2025”-д Шадар сайд Т.Доржханд оролцож байна
Нью-Йорк хотноо болж буй “Монголын хөрөнгө оруулалтын форум 2025”-д Шадар сайд Т.Доржханд оролцож байна
Сэтгэгдэл (20)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!