СУРВАЛЖИЛГА: Монголоос дүрвэгсэд ханшийн зөрүүнд “хохирч“ байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
11 минут 40 секунд

Ханшийн савлагаа, инфляцын өсөлтөд төгрөг үнэгүйдэж амьжиргаа уруудсаар, гадагшаа "дүрвэх" иргэдийн тоо нэмэгдсээр л байна. Тэд янз бүрийн зорилготой л гадагшаа явж хүний нутгийг зорьж буй. Аялж зугаалах, эмчлүүлэх, амьдрах, сурч, ажиллах. Гэхдээ амралт зугаалгын улирал эхэлж байгаа ч аялж амрах, эмчлүүлэхээс илүү ажиллаж, суралцах сонирхолтой нь жин дарах байх.

-ВАЛЮТЫН НӨӨЦ 5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БАЙСАН БОЛ ХАНШ ӨСӨХГҮЙ БАЙСАН-

Валют арилжааны "Найман шарга" төвд гадагшаа явах гэж буй хүмүүсийн хөлд дарагдаж, байгаа хэдэн төгрөгөө ам.доллар, евро, юань, вон болгож байгаа харагдана. Энэ дунд аялахаас илүү сурч, ажиллаж амьдрах гэж байгаа нь нийтлэг байлаа. Тэдэнд ханшийн зөрүүнээс илүү Монголоос явах нь л чухал байгаа нь анзаарагдана. Эх орноосоо явах гэж байгаа, явахыг хүсэж буй хүмүүс ганц л үг хэлнэ. "Монголоос илүү цалин өндөртэй, стрессгүй тайван амьдарна" гэх нь хэзээний л танил санагдах.

Тэдний нэг бол Д.Билгүүнзаяа. Одоо 29 настай. Монголдоо дунджаас дээгүүрт тооцогдох буюу гурван сая төгрөгийн цалинтай. Удахгүй Чех рүү хөдөлмөрийн гэрээгээр явж ажиллаж амьдарна. Тэрбээр Элчингийн материалын мөнгөө өгөхөөр "Найман шарга төв"-д валют солиулахаар иржээ. Харин долоо хоногийн өмнө 4020 төгрөгтэй байсан евро өнөөдөр 4070 төгрөг болсон байна. Тэрбээр "Гадагшаа хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж амьдарна. Монголд ганц бие залуу хүн цалингаараа амьдрахад хүнд. Чехэд очвол ядаж л утаа, түгжрэлгүй цэвэрхэн орчинд стрессгүй амьдарна. Евро бол өссөн байна. Их биш ч тодорхой хэмжээгээр өснө гэдэг нь чанга шүү дээ. Элчинд ороход л 200 евро төлнө. Тэнд хэрэглээний мөнгөтэй очно гэвэл явах үед евро илүү өссөн байна байх. Гэхдээ яах вэ, энэ эрсдлээ тооцож төлөвлөж л байна " гэж байлаа.

- ВАЛЮТЫН НӨӨЦ 5 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БОЛ ХАНШ ӨСӨХГҮЙ БАЙСАН-

Мөн л иргэн Ч.Даваа 45 настай. БНСУ-д ажиллаж амьдрахаар явж байгаагаа ярилаа. Харин төлөвлөж байснаас нь илүү вон чангарсан болохыг хэлсэн юм. Тэрбээр " Ам.доллар, евро, юань, вон бүгд өсжээ. Вон чангарсан болохоор зөрүү нь өндөр байна. Нэг сая төгрөгт 500 вон болно гэж бодож байсан ч 400 л боллоо. 100 воны зөрүү гарлаа. Ханш чангарах тусам байгаа хэдэн төгрөг нь цаас болоод амьдрахад хүнд байна шүү дээ. Гар дээр авч байгаа цалин нь барааны үнийн өсөлтөд шингэж амьдралд хүрэхгүй байна. БНСУ-д очвол ядахдаа ар гэртээ хэдэн төгрөг илүү явуулж, цааш нь мөнгө хураах юм даа. Эцэст нь хүүхдүүдээ л боловсролтой, үлдэх зүйлтэй болгох нь чухал шүү дээ" гэсэн юм.

Иргэн Ж.Хуягаа: Евро авахаар ханш харсан, үнэ нь өссөн байна. Ханш чангарч байгаа нь геополитикийн тодорхойгүй байдалтай холбоотой. Гэхдээ яах вэ дээ, төр засаг нь арчаагүй байна шүү дээ. Ханшаа барих чадваргүй байна. Монголд мундаг байгаад ч нэмэргүй байна, тийм биз дээ.

Чадваргүй төртэй, эдийн засаг нь унаж байна. Бидний буруугаас илүү эрх баригчид чадваргүй байна шүү дээ. Хэрэв мөнгөгүй гэдгээ үнэнээ хэлбэл ханш нь бүр савална гэж айдаг байх. Тиймээс л валютын нөөцтэй гэж мөнгөтэй мэт царайлдаг.

Практик дээр, валютын нөөц 5 тэрбум ам.доллар бол ханш өсөхгүй шүү дээ. Юу ч үгүй мөртлөө юмтай мэт царайлдаг Монгол хүний нэг л төрх. Логикоор, нүүрэн дээрээ мундаг юм шиг, том гүзээтэй, нарийн хөлтэй 35 ч хүрээгүй мөртлөө 60 настай хүний баавартай л харагдаад байна.

Иргэн Л.Гантөмөр: Ханшийн зөрүүнд дарлуулж байгаа шүү дээ. Төгрөг унасан нь зөвхөн мөнгө солиулахад биш, алхам тутамд бүх хэрэгцээнд л мэдрэгдэж байна. Дэлгүүрт ороход л мэдрэгддэг биз дээ. Гадагшаа явж байгаа болохоор 8000 ам.доллар солиуллаа. Банкууд лимиттэй байх шиг байна билээ, дээд тал нь 1000 ам.доллар гаргана гэж байна.

-ТӨГРӨГИЙН ЕВРОТОЙ ХАРЬЦАХ ДУНДАЖ ХАНШ 500 ТӨГРӨГӨӨР ЧАНГАРЧЭЭ-

"Найман шарга" төвийн ченжүүд ч бас валют солиулж буй иргэдийн дийлэнх нь Европын орон луу ажиллаж амьдрахаар явж байгааг ярьж байлаа. Тэдний төлөөлөл ченж С.Бат "Монголд амьдрал хүнд байна. Бүгд л Европын орнууд руу ажиллаж амьдрах гэсэн залуус евро солиулж байгаа нь даанч харамсалтай. Монголд залуу хүн үлдэхгүй нь байна" гэж халаглав.

Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 2024 оны арванхоёрдугаар сард 3579.57 төгрөг байсан бол өнөөдөр Монголбанкны нэрлэсэн ханш 4050.91 төгрөг болжээ. Харин "Найман шарга" валют арилжааны төвд 4050 төгрөгөөр авч 4065-4070 төгрөгөөр зарж байгаа юм. Энэ нь нэрлэсэн ханшаас 480, "найман шарга" төв дээр 500 төгрөгөөр чангарсан дүн аж.

-НҮҮРСНИЙ ОРЛОГО БУУРСАН, ТӨР БЭЛЭН МӨНГӨ ХЭВЛЭЖ МОНГОЛБАНК ХАНШ ӨСГӨЖ БАЙНА-

Манай улсын хувьд гол ханш ам.доллар. Ноён ногооны ханш өнгөрсөн оны мөн үед 3376 төгрөг байсан бол өнөөдөр нэрлэсэн ханш 3570 төгрөгтэй тэнцэж байна. Энэ нь жилийн хугацаанд ам.долларын ханш 194 төгрөгөөр чангарсан дүн болов.

Өнөөдөр 3600 төгрөг шүргэж буй ам.долларын ханш чангарч буй шалтгааныг "Найман шарга" төвийн ченжүүд нүүрсний үнэ унаж орлого буурсан, төрөөс бэлэн мөнгө хэвлэж тараасан, Монголбанкийг буруутгав.

Тус төвд олон жил ажиллаж буй ченж ярихдаа "Бид ханш өсгөөгүй шүү дээ. Монголбанк ажлаа хийж чадахгүй, ам.долларын ханшийг өсгөж байна. Нэрлэсэн ханш өсөж байгаа учраас л ам.долларын ханш өсөж байгаа шүү дээ. Бас төрөөс бэлэн мөнгө тараасаар байгаа нь эдийн засгийг тэлж байгаа юм шиг мөртлөө ам.долларын ханшийг улам л өсгөж байгаа юм шүү дээ" гэж байлаа. Нөгөөтэйгүүр, ченжүүдийн хэлснээр ам.долларын эрэлт хэрэгцээ их байгаа нь ханш чангарч буй шалтгааны нэг болжээ.

- ХАНШ ЧАНГАРЧ ТӨГРӨГ СУЛРАХ НЬ ИНФЛЯЦЫГ ӨДӨӨЖ ТОГТМОЛ БОЛОН БАГА ОРЛОГОТОЙ ИРГЭДИЙН АМЬЖИРГАА УРУУДАХ ШАЛТГААН-

Ам.долларын ханш чангарах нь манай улсын хувьд гаднаас импортолж буй бүтээгдэхүүнээ илүү өндөр үнэтэй авна гэсэн үг. Үүнийг дагаад төгрөгийн хэмжээ өсч, энэ нь инфляцыг халаах шалтгаан болдог. Инфляци өсөх нь тогтмол орлоготой иргэдэд амьжиргааны түвшинд сөргөөр нөлөөлдөг бол бага орлоготой иргэдэд хүнд тусдгийг гэр хороололд өрийн дэвтэр гэрчилнэ. Ханш чангарч төгрөг суларч буй асуудалд Монголбанкны зүгээс цаашид тогтворжих хүлээлттэй байгаа юм. Ханшийн зөрүү өсөхөд бэлэн валютын зах дээр эрэлт өссөн нь нөлөөлсөн төдийгүй спекулятив үйл хөдлөл байгаа эсэхийг төвбанк Санхүүгийн зохицуулах хороотой хамтран шалгаж байгааг мэдээлж байв. Тэгвэл цаашид ам.долларын ханш 4000 төгрөгт хүрнэ гэх таамаг бий. Гэхдээ энэ нь тодорхойгүй болохыг эдийн засагчдын зүгээс хэлж байлаа.

-ХАНШ ТОГТВОРЖИХ ХҮЛЭЭЛТТЭЙ БАЙНА-

Эдийн засагч Л.Энх-Амгалан: Ам.долларын ханш оны төгсгөлд 4000 төгрөгт хүрэхгүй байх. Бүтээн байгуулалтын улирал эхэлж уул уурхай, барилгын сезон эхэлж байгаа учраас тоног төхөөрөмж, барилгын материалаа татах зэрэг жил бүрийн хавар эдийн засгийн идэвхжлийн үе эхэлдэг. Энэ үе таарч байна. Нөгөөталаар, экспортын орлого буурч эхэлсэнтэй холбоотой асуудал бий. Орлого буурах нь Монголд орж ирэх валютын урсгал саарна гэсэн үг. Үүнтэй нягт холбоотой. Сүүлийн үед улсын төсөв томоохон мега төслүүдийг эхлүүлэхийн тулд томоохон зарлагууд өсөж байна. Үүнээс шалтгаалан гаднаас импортоор авч буй бүтээгдэхүүнд их хэмжээний валют зарцуулагдаж байгаа учраас валютын эрэлт харагдаж байна. Ерөнхийдөө эдийн засгийн нөхцөл сайнгүй байгаа нь төгрөгийн уналтаар илэрнэ. Гэхдээ эдийн засаг муу байна гэсэн үг биш. Эдийн засгийн өсөлтийн хурд удаашралтай нөхцөлд төгрөг чангарах өсөлт нь дагаад удааширдаг. Төгрөгийн ханшийн уналт хурдан байна. Арилжааны банкууд тодорхой түвшинд ам.доллар худалдан авч байна. Цаашид ам.доллар савлах нь бага харагдаж байгаа. Гэхдээ цаашид валютын ханш тогтворжих хүлээлт байна" гэлээ.

-ТӨГРӨГ СУЛРАХ НЬ ЖУУЛЧИД МОНГОЛД ХЯМД ӨРТГӨӨР АЯЛАХ БОЛОМЖИЙГ БҮРДҮҮЛЖ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ОРЛОГО НЭМЭГДЭХЭД НӨЛӨӨЛДӨГ-

Нөгөөтэйгүүр зарим эдийн засагчдын зүгээс эдийн засгийн онолын хувьд авч үзвэл төгрөг сулрах нь сайн гэж үздэг. Нэг талаасаа, манай улсын хувьд үйлдвэрлэл эрхэлдэг, гадагшаа экспорт хийдэг бол гадаадад Монголын бараа бүтээгдэхүүн хямд байх утгаараа их хэмжээгээр худалдан авах боломж бүрдэнэ. Нөгөөтэйгүүр, төгрөг сулрах нь жуулчид Монголд хямд өртгөөр аялах боломж бүрддэг гэх утгаараа аялал жуулчлалын салбарт ашиг орлого өндөр байх боломж бүрддэг байна. Энэ агуулгаараа төгрөг сулрах нь аялал жуулчлалын салбарт болон экспортын орлого өсөх, худалдан авалтыг дэмжих хөшүүргийн нэг болдог аж.

Л.Төмөрбаатар: Хөвсгөл аймаг өөрийн хөрөнгөөрөө 12.7 км зам барина
Л.Төмөрбаатар: Хөвсгөл аймаг өөрийн хөрөнгөөрөө 12.7 км зам барина
 
“Ерөнхий сайдад хань болж чадахгүй байгаа нөхдөд хүний, өөрийнгүй ХАРИУЦЛАГА ТООЦОХ ёстой“
“Ерөнхий сайдад хань болж чадахгүй байгаа нөхдөд хүний, өөрийнгүй ХАРИУЦЛАГА ТООЦОХ ёстой“
Сэтгэгдэл (8)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!