Өнгөрсөн өдрүүдэд Сэлэнгэ аймаг, Богд хан ууланд ой хээрийн түймэр гарч, үлэмж хэмжээний газар "үнс" болж хувирсан. Хаврын хуурайшилттай энэ өдрүүдэд гал түймрийн аюул нөмрөх эрсдэл маш өндөр байгааг албаныхан анхааруулсаар. Гэвч, байгалийн давагдашгүй хүчин зүйл гэхээсээ илүү хүний хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болж, гал түймэр гарсаар байна. Ууланд муу хувцсаа шатаах, дутуу унтраасан тамхины иш, хүүхэд шүдэнзээр тоглох, гагнуурын оч үсэрч гэх мэт шалтгааны улмаас гал гарсан олон жишээ бий. Үүн дээр нэмээд хавартай зэрэгцээд зусландаа гарсан иргэд хашааны шар өвсөө шатаах гэж байгаад газар “хуйхалдаг" бичигдээгүй хуультай.
Тухайлбал, хоёр өдрийн өмнө Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодой амны задгайд хашаа шатаж байна гэсэн дуудлага 16:45 цагийн үед бүртгэгдсэн байгаа юм. 0.1 га орчим га газар галд өртсөн байна. Начир дээрээ юу болов гэхээр хашаандаа шар өвс бөөгнүүлж шатааж байгаад гал алдсан нь энэ. Улмаар уг гал нь гурван айлын хашаа болон хашааны гаднах хэсгийг хамаржээ. Энэ хавийн иргэд хамжиж байж галыг унтраасан гэв. Уг нь шар өвсөө хадаж авч цэвэрлэх нь хамгийн зөв бөгөөд аюул, эрсдэлгүй арга байлтай. Гэтэл иргэдийн залхуу зан, хэнэггүй байдал нь гал түймэр болон дэгдэж байна гэдгийг албаныхан онцолж буй. Шар өвс нь шатахуунтай адил галыг дэмждэг аж.
Тодруулбал, 2025 он гарсаар улсын хэмжээнд 76 удаагийн ой хээрийн түймэр, нийслэлийн хэмжээнд 2 ой хээрийн түймэр бүртгэгдсэн бол шар өвсний 191 удаагийн дуудлага бүртггэдэж 310 га орчим га газар шатжээ.
Урьдчилсан байдлаар ойн 2791 га, хээрийн 691,998 га талбай, 1 байшин, 41 гэр, 2 автомашин, 6 мотоцикл, 75 малын хашаа, 25 өвөлжөө, 5932 бог, 391 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Дээрх ой, хээрийн гал түймрийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 40.7 хувь, сүүлийн 5 жилийн мөн үеийн дундажтай харьцуулахад 38 хувь өссөн үзүүлэлт юм.
Зуслан дээрээ очлоо гэхэд өнжмөл шар өвсийг шууд шатаах бус залхууралгүй хадаж авах хэрэгтэй. Шар өвс бол хуурай цаас л гэсэн үг
НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар "Сүүлийн үед ялангуяа амралтын өдрүүдэд ой хээрийн түймрийн дуудлага эрс нэмэгдэж байна. Учир нь, амралтын өдөр иргэд агаар салхинд, зуслан руу гарахдаа сонор сэрэмжээ алдаж байгаагаас үүдэн ойн түймэр гарч байна. Иргэдийн хувьд жил бүрийн өдийд зуслан дээрээ шар өвсийг ихээр шатаадаг. Дуудлага, мэдээлэл ч ихсэх хандлагатай байна. Сэлхэд гэхэд өнөөдөр хоёр удаагийн шар өвсний дуудлага бүртгэгдсэн. Галын улмаас иргэдийн 3-5 байшин шатсан. Зуслан дээрээ очлоо гэхэд өнжмөл шар өвсийг шууд шатаах бус залхууралгүй хадаж авах хэрэгтэй. Шар өвс бол хуурай цаас л гэсэн үг. Нэгэнт гал алдах юм бол маш хурдан тархаж ойр орчмын байшин, цаашлаад ногоон бүс рүү орох өндөр эрсдэлтэй. Хэрэв хуучин хувцсаа шатаахаар бол зориулалтын таглаатай саванд хийж аюулгүй байдлыг бүрэн хангах хэрэгтэй" гэв.
Хэрэв санаатай галдан шатаах зэрэг гэмт хэргийн шинжтэй, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг
Хэн нэгэн санаатай ч бай, санамсаргүй ч бай гал алдаж, түймэр гаргасан тохиолдолд бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан болохоор хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Бага насны хүүхдүүд чүдэнзээр тоглож, гал алдсанаас Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх, гэмт хэргийн шинжгүй бол торгууль ногдуулж, хохирол барагдуулах тохиолдол бий. Тодруулбал, иргэнийг 100 мянган төгрөгөөр аж ахуйн нэгж байгууллагыг нэг сая төгрөгөөр торгох хуулийн заалттай. Хэрэв санаатай галдан шатаах зэрэг гэмт хэргийн шинжтэй, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг аж.
Гал түймрийн үед шанага ус, үер усны гамшигт хүрз шорооны үнэ цэнийг хамгийн сайн мэддэг хүмүүс бол онцгойгийнхон. Тэд дүрэлзэн асах гал, үерлэн шуугих ус, нүүр нүдгүй шуурах цас, элдэв гамшгийг сөрж, аврал эрсэн нэгний төлөө ухрах эрхгүй зүтгэдэг.
“Тэдний хийх ёстой ажил шүү дээ, ингэж зүтгэснийхээ төлөө цалин авдаг” гэж хэлэх хүн цөөнгүй байж болох ч иргэн бүр дор бүрнээ хариуцлагатай байвал гал түймрийн аюул, учирч болох эрсдлээс эх орон, байгаль дэлхий, өмч хөрөнгөө хамгаалж чадна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!