Тэд Еврейчүүдийг баривчлахаар ирэхэд Би Еврей биш учир дуугарсангүй…
Тэд дараа нь Коммунистуудыг барихаар ирэв. Би Коммунист биш учир юм хэлсэнгүй…
Удалгүй тэд үйлдвэрчний эвлэлийнхнийг баривчлахад Би үйлдвэрчинтэй холбоогүй учир чимээгүй л байлаа... Эцэст нь тэд католик шашинтнуудыг баривчлав. Би протестант учир эсэргүүцсэнгүй...
Гэтэл нэг өдөр тэд намайг барихаар ирлээ. Харин тэр үед миний төлөө дуугарах хүн эргэн тойронд минь үлдээгүй байлаа...
Засгийн газраас томилсон Бүрэн Эрхэт Төлөөлөгч нөхөр “Ухаа Худагийн 34 хувийг төрд авна” гэхэд бид баярлан алга ташив.
Хувиа дээрэмдүүлэх занаанд өртсөн өнөө хэд нь Гайтай утаагүй түлшний үйлдвэрийн нүүрсийг үнэгүй нийлүүлж байсан юм.
Өнөө гайхал БЭТ ахиад л “Ачит ихт”, “Эрдмин”, “Зэс Эрдэнийн хувь” 34 хувийг төрд авна гэж барьцаа лавшруулахад бид мөн л баярлан алга ташив.
Шинэ цагийн хэлмэгдүүлэлтэд өртөж, хувиа дээрэмдүүлэх гэж буй эдгээр компаниуд ашиггүй хэмээн овоолоод хаячихсан байсан овоолгийг бүтээгдэхүүн болгож баяжсан юм.
Ж.Батзандангийн энэ хэтэрсэн сүржигнэл, хэтийдсэн попролоос өмнө ТӨР-ийн дээрэм яаж эхэлсэн түүхийг сөхөж харъя, одоо.
НЭГ: Салхитын мөнгөний ордыг Их хурлын дарга нь эрээн хувцастай очиж байгаад лацдан төрд авч байв, тээр жил. Төрд авсан Цагаан суваргын мөнгөөр өндөр настнуудын зээлийг тэглэсэн учраас өнөөдөр тэр орд дампуурчихсан.
ХОЁР: Цагаан суваргын ордын 34 хувийг төрд авна гэж зарласнаар 1200 ажилтантай үйлдвэр барих ажил зогсч байлаа. Европын Сэргээн босголтын банк 750 сая ам.долларын зээл олгох байснаа түдгэлзээтхэв. Төр тухайн үед хувийн компанийнхаа хувийг дээрэмдэнэ гэж сүржигнээгүй бол өнөөдөр 1200 ажлын байртай, хэдэн тэрбумаар тоологдох мөнгө татвар хэлбэрээр төрд очих байв. Гэтэл манай төр “МАК”-ын Нямтайшир хэтэрхий олон лиценз эзэмшиж, их мөнгө олоод байгаа учраас” гэж попроод л энэ боломжоо хийсгэж орхисон. МАК гэдэг компани СТРАТЕГИЙН ОРД хэмээх нэр сураг ч үгүй байхад өөрсдийн хөрөнгөөр энэ орд газрын эрэл хайгуулыг хийснийг энэ дашрамд тодотгоё.
Их говийн цайдамд эрээн байшин босгож, өдөр шөнөгүй ажил нүргэлж байсан “Энержи Рессурс”, Ухаа худагийн ажилчид өнөөдөр айдас дүүрэн аж төрж байна. Төр Ухаа худагийг авах учраас Баянхонгорт шинээр нээгдэж буй уурхай руу бүх ажилчдаа татна гэсэн шивнээ яриа сонсогдож байна. Магадгүй Баянхонгорын тэр уурхайг ч удахгүй ТӨР авч магадгүй. Яагаад гэвэл НҮҮРС стратегийн бүтээгдэхүүн учраас.
Гэснээс ТЭД (Ж.Оджаргал тэргүүтэй 14 үндэсний компанийн захирлууд) өнөөдрийн ТӨР-ийн саалийн үнээ болсон Тавантолгойг элгэн дороо даран байж авч үлдэж байв. Таван толгойн ордын лиценз бүр анх Австралийн BHP Billiton компанийн мэдэлд байсан юм. Аз гэх үү, түүхэн тохироо гэх үү тухайн үед дэлхийн зах дээр нүүрсний үнэ шалдаа унаж, Австралийн компани лицензээ өгчихөөд арилж өгсөн. Яг тэр үед Таван толгойн лицензийг гадны хэнд ч алдалгүйгээр, лицензийн төлбөрийг нь төлсөөр авч үлдсэн хүмүүс нь хувийн хэвшлийнхэн.
Дараа нь ТӨР Таван толгойн багахан хэсгийг л хувийн хэвшлийн компанид үлдээгээд ихэнхийг нь хураан авч байв. Шуудхан хэлэхэд лицензийг нь шууд булаагаад авчихсан гэсэн үг. Өнөөгийн Эрдэнэс Таван толгой-н товч түүх энэ юм. Одоо ТӨР үлдсэн цөөхөн хувиас нь ч дээрэм хийхээр улайрч байна.
Төрийн энэ дээрэм хэнд муухай харагдаж байгаа гээ. Хөрөнгө оруулагчдад. Монголд хөрөнгө оруулж болохгүй, нэг л өдөр, нэг сайд нь ТӨР-дөө авна гээд хашгираад ороод ирнэ гэсэн сигнал аль хэдийнэ асчихсан. Ерөөсөө Монголд хөрөнгө оруулах маш аюултай, нэг л өдөр цагаан хөөс сахруулсан БЭТ нэртэй галзуу ТӨР-дөө авна аа гээд хашгираад босоод ирнэ гэдгийг хөрөнгө оруулагчид аль хэдийнэ харчихсан. Тэгж хараад мөнгөө татаад эхэлсэн учраас сайд, дарга нар маань эхнээсээ “Гадаад хөрөнгө оруулалт таг зогсчихлоо. Алт амлаад ч болтугай оруулж ирэх хэрэгтэй байна” гээд байгаа биз дээ.
Гэвч уучлаарай, одоо нэгэнт оройтсон.
Одоо нэг л зүйл хэлье. Гэхдээ дээрэмчин ТӨР-д биш, иргэдэд хэлье. “Орд газруудыг ТӨР маань аваад бидэнд хишиг хүртээнэ” гэж баярлаж суугаа АРД ТҮМЭН минь ээ, Гитлерийн өдөөсөн дэлхийн аймшигт дайны үеийн дээрх жишээг санаарай. Энэ бол хэтрүүлэг биш, энэ бол биднээс алс айдас биш.
“Гал цогтой, галзуу” БЭТ Батзандан одоо ТӨР-д авна гэж буй 26 орд газар дээр нэмээд 38 ордыг хомроглоно гэж чарлахаар бэлтгэж буй сураг дуулдаж байна. Түүний үг хөрөнгө оруулагчдад аянга л гэсэн үг. Гэхдээ алсуураа монголчуудаа хорлох аянга шүү.
Хуучны нэг уран сайхны кинонд дүрдээ итгэсэн хувьсгалч бүсгүйчүүдийн гэзэг үсийг хайчилж дөвчигнөдөг үзэгдэл гардаг даа. Сэтгэлийн хөөрөлтэй тийм нөхдийг зуудаг нохой болгон турхирч ашигладаг ийм технологи хуучин зөвлөлтийн үеийнх юм. Манай төр одоо яг энэ технологийг ашиглаж байна. Зуудаг нохой нь Ж.Батзандан.
БЭТ Батзандангаар хувийн хэвшлийнхний, чөлөөт зах зээлийн эсрэг хэлүүлж буй энэ үгс ганц тэжээгч болсон уул уурхайн салбараа унагах том аюулын дохио болж бидний дээр бууна гэдгийг мартаж болохгүй.
Өнөөдөр, БЭТ Батзанданд та алга ташиж байгаа бол...
Орд газруудыг ТӨР-д авна гэхэд та алга ташиж байгаа бол...
Нэг л өдөр тоосгоны үйлдвэрийг ТӨР-д авна гэхэд та алга ташаарай, сратегийн бүтээгдэхүүн учраас тэд тоосгоны үйлдвэр рүү дайрах өндөр магадлалтай.
Нэг л өдөр талхны үйлдвэрүүдийг ТӨР-д авна гэвэл та алга ташаарай, талх стратегийн хүнс учраас гээд л зүтгэчих эрсдэл их ойрхон байна.
Нэг л өдөр монгол хоолны хамгийн гоё хоолтой газрыг ТӨР-д авна гэвэл та алга ташаарай, Монголын нүүр царай учраас стратегийнх гээд чичирч мэдэх нөхцөл үүсчихлээ.
Гудамж талбайг муухай харагдуулаад байна гэж ТӨР ТҮЦ-нүүдийг ачаад явахад та алга ташиж л байгаа биз дээ???
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!