Хотын төвөөс алсрах тусам гэр хорооллын эгэл бор амьдрал улам тодорно. Энэ хооронд амьдарч буй хүмүүсийн амьдрал өдөр, шөнө шиг ялгаатай. Уул мэт өгсүүр гудамжаар залхуутай гэгч өгсөх хүмүүсийн дүр зураг гэр хорооллын хаана ч адил. Хоногийн хоолоо аргацаахын тулд дэлгүүрт өр тавих ээж, айлын эзэнгүй хашаанд ганц нэг юм мултлан суух залуус, гудамжны үзүүрт эвдэрхий унадаг дугуйгаар тоглох хүүхдүүд.
Ийн бодож явсаар зорьсон газраа буюу Цагаандавааны төвлөрсөн хогийн цэг дээр ирлээ. Энд 60 гаруй хүмүүс "хог" түүж амьдралаа залгуулж байна. Бидний хог гэж хаясан зүйлсийг эдгээр хүмүүс ангилан ялгаж, ченжүүдэд тушаадаг.
"Уулын мод урттай богинотой. Олон хүн сайнтай муутай" гэгчээр янз бүрийн л хүмүүс энд бий. 80 настай хөгшнөөс авхуулаад 8 настай хүүхдүүд хүртэл байна.
Хамгийн гол нь тэд өөрсдийгөө хотын захад амьдардаг шигээ төрийн бодлогын гадна үлдэж, хог түүдэг гэдгээрээ бусдад нүд үзүүрлэгддэг гэж ярьж суугаа нь даанч гунигтай.
Хогийн цэг дээр яаадгаа алдсан архичин л биш бол амьдралын төлөө зүтгэж яваа олон хүмүүс ажилладаг. Тэдний төлөөлөл бол өрх толгойлсон эцэг Болд юм. /Нэрийг нь өөрчлөв/
Тэрбээр 28 насандаа буюу 2012 оны эхээр барилга дээр ажиллаж байсан ч цалингаа өгөхгүй хулхидуулаад тэр жилдээ хогны машины ачигчаар ажиллаж эхэлжээ. Ингэж л Болд Цагаандавааны хогийн цэгтэй танилцсан нь энэ. Улмаар эндхийн танилууд нь түүнд хамт хог түүхийг санал болгосон байна. Болд ажлын эхний өдрөө хаанаас юу олж мөнгө болгохоо мэдэхгүй будилж явсан өдрөөс хойш аль хэдийн 12 жил өнгөрчээ.
Тэрбээр хогон дундаас нотебүүкийн тог бууруулагч залгаврыг олж бөөгнүүлээд хагалж хайлш, зэсийн ороомгийг нь түүдэг. Түүнчлэн ус буцалгагч, будаа агшаагчийн ширмэнд хайлш байдаг гэнэ. Хайлш гэдэг нь металл. Эндээс хамгийн үнэд хүрдэг нь зэс. Нэг кг нь 20 мянган төгрөг.
Түүний хувьд амрахгүй ажиллавал сарын орлого нь 4 сая төгрөгт хүрдэг гэнэ.
Тэрбээр "Амралтын өдөр амарвал сарын орлого 2 сая төгрөг. Хүүхэд харах хүнтэй байвал би өглөө ирээд орой буухад хамгийн багадаа 300 мянга, ихдээ 600-700 мянган төгрөг, бүр ёндоорсон үедээ 1 сая төгрөг олдог" гэв.
Энэ хугацаанд Болд халуунд халж хүйтэнд хөрч явсны эцэст өөрийн нэр дээр хашаатай болжээ. Тэрбээр саяхан лизингээр машин худалдаж авсан гэнэ. Сард 630 мянган төгрөг төлдөг. Дөрвөн жилийн дараа зээлээ төлж дуусахаар энд ажиллахаа больж, өөр ажил хийнэ гэдгээ бидэнд хуучлав. Түүнийг хогийн цэг дээр ажилладгийг хүүхдүүд, хамаатан садан нь ер мэдэхгүй. Тэрбээр ажилдаа явахдаа "Аав нь ажилдаа явлаа. Орой гоё амттан авчирнаа" гээд л гардаг аж. Тиймдээ ч зургийг нь дарахгүй гэсэн тохироо хийсний эцэст бид ийнхүү ярилцсан юм.
Ер нь Болд ч гэлтгүй эндхийн бүх хүмүүс хэвлэлийн байгууллагуудад дургүй. Зураг хөргийг нь дэлгээд хамаатан садныхаа нүүрийг нь харахын эцэсгүй болгосон гээд нэг нүдээрээ ч үзэхгүй. Харвал хөөж тууж, хараал зүхэл урсгана. Элдэв үгээр айлган сүрдүүлнэ.
Болд үргэлжлүүлэн ярихдаа "Намайг анх энд ирэхэд өөрийн гэсэн машинтай ганц ч хүн байгаагүй. Гурван жилийн дараагаас эхлээд хүн бүр машинтай болсон. Миний нэг танил маань байлаа. Эхнэр нь хог түүж, нөхөр нь хогны машины ачигч хийдэг байсан. Нөхөр нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байсан юм байна лээ. Тэд эндээс байрны урьдчилгаа цуглуулж, ипотекийн зээлээр байранд орсон. Хог түүгээд ч хамаагүй ажиллаж л байвал үр ашгаа өгч байгаа биз дээ" гээд инээмсэглэв.
Болд хүүхдүүдийнхээ ээжээс салаад хоёр жил болжээ. Эхнэр нь архинд донтоод хүүхдүүдээ хаяаад явсан гэх. Одоо Болдын амьдралын утга учир нь 2,5,6 насны гурван хүүхэд нь л болж. Хоёр бага нь цэцэрлэгт, том нь сургуульд сурдаг. Бага хоёрыгоо өглөө 08:30-09:00 цагт цэцэрлэгт, том хүүхдээ 13:30-аас хичээлд нь хүргэж өгдөг. Ингээд ажилдаа 14:00 цагт ирдэг аж. Олсон хэдэн хөнгөн цагаан, зэс, хайлшаа ченжүүдэд тушаачхаад 16:30 цагт буугаад хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулиас нь хамаад харина. Түүний нэг өдөр ингэж өнгөрдөг. Ийн ярилцах зуур тэрбээр надаас асуулт асуув.
Болд: Миний дүү хүүхэдтэй юу ?
Сэтгүүлч: Байхгүй ээ.
Болд: Тэгвэл чи мэдэхгүй байх нь аргагүй. Ээж, аавуудын амьдрах, сайн сайхан явах шалтгаан нь хүүхэд болчихдог байхгүй юу. Амьдралын амтыг тэд маань л мэдрүүлж байна. Би энд өдөржингөө ажиллаад ядарсан ч гэсэн хүүхдүүдээ цэцэрлэг, сургуулиас нь орой аваад гэртээ ороод галаа түлээд хоолоо хийхдээ жаргалтай байдаг. Хүүхдүүд маань ирээд намайг тэврэхэд тэр чинь л жаргал байхгүй юу. Ер нь хүн жаргалтай үед ядарснаа мэддэггүй юм байна лээ" гэв.
Түүний энэ үг халуун дулаан тэврэлт шиг л сонсогдож байв.
Хогийн цэгт ирэх машинуудыг зохицуулах хот тохижилтын газрын ажилтан “Ганган хувцастай бүсгүйчүүд өглөө таксигаар хүргүүлж ирээд нүдний шил, амны хаалт зүүж өдөржин хог түүж, 70-80 мянган төгрөг олчхоод орой хот руу буцдаг. Зарим эрэгтэйчүүд машинаа хогийн цэгээс хол тавьж, хувцсаа сольж өмсөөд энд ажилладаг. Найман жил хог түүж хоёр ч хүүхдээ их дээд сургууль төгсгөсөн хүн бий. Гэтэл нийгэм энд ажилладаг хүмүүсийг архичин, гэмт хэрэгтэн гэж буруу боддог. Үүнд их харамсаж явдаг" гэлээ. Энд ажилладаг эмэгтэйчүүд хуванцар сав тушааж өдрийн 30-50 мянган төгрөг олдог. Энэхүү орлогоороо ар гэрээ, тэжээдэг аж. Ихэвчлэн өрх толгойлсон, олон хүүхэдтэй эмэгтэйчүүд энд ажиллаж байна.
Цагаандавааны хогийн цэг дээр найм дахь жилдээ ажиллаж буй Долгор "Би хоёр хүүхэдтэй. Манай хүүхдүүд ийм ажил хийдэг гэж мэдэхгүй. Ээж нь хог руугаа явлаа гэвэл нүдний булай болно. Эндээс буухдаа нүүр амаа угаагаад хувцас хунарааа солиод талх боорцог аваад гэртээ ордог" гэв.
Дээрх хүмүүс дунд хөгшин настай эхийгээ асарч, хоолыг нь залгуулахын тулд хог түүж байгаа хүн ч байна. “Ингэж амьдарч байгаа нь миний буруу ч эхийгээ амьдад нь зовоохгүй гэсэндээ хог түүдгээ нуудаг” гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн 2021 оны есдүгээр сард "Иргэн баян бол улс баян гэдэг үг бий. Судалгаанаас харахад сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын ядуурлын түвшин харьцангуй хурдтай буурсан хэдий ч хүн амын 1/3 нь ядуу хэвээр байна. Тиймээс ядуурлыг бууруулахад онцгой анхаарч, ойрын 10 жилийн дотор нэн ядууралгүй орон болох зорилтыг тавьж хамтдаа ажиллана. Энэ бол төр засгаас хийх ёстой ажил” хэмээн мэдэгдсэн.
Гэвч түүний энэхүү мэдэгдэл нь бодит амьдрал дээр биелэлээ олох эсэх нь эргэлзээ дагуулсаар.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!