УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.04.30) Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр өргөн барилаа.
“Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тодорхойлсон “Бүсчилсэн хөгжлийн бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”, “Эдийн засгийн бодлого”, “Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого” гэсэн бодлогын 4 тэргүүлэх чиглэлийг үргэлжлүүлэхээр уг төслийг боловсруулжээ.
Монгол Улсын хөгжлийн 2026 онд баримтлах бодлогын тэргүүлэх чиглэл нь “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцсэн “Эдийн засгийн эрх чөлөөг цогцлоох”-ыг зорьж, төсвийн зардлыг реформ, төрийн албаны реформ, үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформыг хэрэгжүүлэх бөгөөд тус реформууд нь ядуурлыг бууруулахад чиглэгдэнэ гэдгийг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр онцоллоо.
Тус төлөвлөгөөнд:
1. Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд эдийн засгийн эрх чөлөөг бүсийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлнэ.
2. Хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлнэ.
3. Эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлооно.
4. Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хиймэл оюуныг төрийн бүх шатанд нэвтрүүлж, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгоно гэж тусгасан байна.
Дээрх дөрвөн бодлогын тэргүүлэх чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хадгалж, 1 хүнд ногдох ДНБ-ийг 8,090 ам.долларт хүргэж, ядуурлын түвшнийг 5 хувиар бууруулна гэж тооцжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!