СЭДЭВ: Орлогоосоо давсан зарлага өрийн хавханд оруулж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 49 секунд

Монголчуудын нийтлэг төрх амьдрахын төлөө биш өр, хуримтлагдсан хүүний төлөө ажилладаг болжээ. Өнөөдөр Иргэн Батаас бизнес эрхлэгч Болд хүртэл бүгд л их бага хэмжээгээр банканд өртэй. Асуудал нь, бизнес эрхлэгчдээс илүү иргэдийн зээл банк санхүүгийн салбарынхны толгойн өвчин болжээ. Зөвхөн өнгөрсөн онд аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 37 их наяд төгрөгт хүрсэн нь өмнөх оноос 35.3 хувиар буюу 9.7 их наяд төгрөгөөр өссөн дүн юм. Гэтэл нийт өрийн үлдэгдлийн дийлэнх нь аж ахуйн нэгжүүд бус иргэдийн зээл. Энэ хэмжээ жилээс жилд томорсоор өнгөрсөн жил иргэдийн зээл 61 хувьд хүрч аж ахуйн нэгжүүдийнх эсрэгээрээ 36.5 хувийг л бүрдүүлж буй. Нэг талаасаа арилжааны банк болон банк санхүүгийн салбарын иргэдэд олгож буй зээл нэмэгдсэн нь эдийн засгийн идэвхжлийг харуулж буй сайн үзүүлэлт. Нөгөөтэйгүүр иргэд зарлагаа өрөөр санхүүжүүлдэг болсныг илтгэнэ. Өөрөөр хэлбэл, өрхийн зарлага орлогоосоо давж улмаар эмзэг байдалд хүргэж байна. Үндэсний статистикийн хорооны тайлангаас өрхийн орлого жил бүр өссөн болохыг харж болно.

НЭГ ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ ОРЛОГО 2.6 САЯ ТӨГРӨГТ ХҮРСЭН Ч ЗАРЛАГА НЬ 2.7 САЯ ТӨГРӨГ БОЛЖ ӨСӨВ

Цар тахлын дараа 2022 оноос өрхийн сарын дундаж ороого 1.8 сая төгрөг, 2023 онд 2 сая 162 мянган төгрөг болсон нь 14.5 хувиар өссөн үзүүлэлт болов. Тэгвэл 2024 онд өрхийн сарын дундаж орлого 24 хувиар өсөж 2 сая 600 мянган төгрөгт хүрэв. Харин зарлагыг нь авч үзвэл 2022 онд 1.8 сая буюу нэг сая 851 мянган төгрөг бол 2023 онд 2 сая 196.6 мянган төгрөг болж 17.8 хувиар өссөн байна. Мөн л 2024 онд өрхийн сарын дундаж зарлага 2.7 сая төгрөгт хүржээ. Эндээс харвал, орлогоосоо давсан зарлагатай байгаа юм.

Ялангуяа, хүн амынх нь тэн хагас амьдардаг нийслэлд нэг өрхийн сарын дундаж зарлага 3.1 сая төгрөг байгаа бол сарын дундаж цалин өнгөрсөн онд 2.5 сая төгрөг байгаа нь цалингаасаа давсан зарлагатай байгаа нь анхаарал татна.

Өрхийн орлогын бүтцийг харвал хөдөө орон нутагт 36.9 хувийг хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, 23.9 хувийг тэтгэвэр тэтгэмж бүрдүүлж байгаа бол нийслэлд дангаараа 65.4 хувийг цалин хөлсний орлого бүрдүүлж байгаа юм.

Нийслэлд амьдарч буй иргэдийн тухайд авч үзвэл өнгөрсөн оны байдлаар зарлага 3.1 сая төгрөг болж нийт зарлагын 68 хувийг хүнсний бус бараа үйлчилгээний зарлага эзэлжээ. Мөн л хөдөө орон нутагт амьдарч буй иргэдийн сарын дундаж зарлага 2.2 сая төгрөгт хүрч 56.4 хувийг нь хүнсний бус зарлага эзэлж байна. Гэхдээ орлогоосоо хамаарч зарлагын төрөл харилцан адилгүй байгааг энд дурдах нь зүйтэй. Жишээ нь, 700.000-1.6 сая хүртэл төгрөгийн зарлагатай өрхийн сарын дундаж зарлагын дийлэнх нь хүнсний бүтээгдэхүүн эзэлж байгаа бол 2.1 сая төгрөгөөс дээш зарлагатай өрхийн 71.6 хувийг хүнсний бус бараа эзэлж байгаа юм.

ӨРХИЙН ЗАРЛАГА ТЭЛЖ ОРЛОГООС ДАВСАН ЗАРДАЛ НЬ ӨРИЙН ХАВХАНД ОРОХ ЭРСДЛИЙГ ДАГУУЛАВ

Хэдий сүүлийн хоёр жил эдийн засаг тэлж, манай улсад хөдөлмөрийн зах зээлийн төлөв сайжирч өрхийн дундаж орлого нэмэгдсэн ч хүнсний бус бараа, үйлчилгээний үнийн өсөлттэй холбоотойгоор өрхийн зарлага тэлж, нийт дүнгээрээ орлогоос давсан, сөрөг үзүүлэлттэй байгаа нь иргэд зарлагын зөрүүгээ зээлээр санхүүжүүлж, улмаар өрхийн секторын эмзэг байдал нэмэгдэх өрийн хавханд орох эрсдэл дагуулж буй. Ялангуяа арилжааны банкуудаас гадна банк бус санхүүгийн байгууллагад давхар зээлтэй байгаа нь өрийн дарамтыг улам нэмэгдүүлж буй. Банк бус санхүүгийн байгууллагуудаас олгосон зээлийн хэмжээ 2019 оноос хойш тасралтгүй өссөөр буй бөгөөд 2024 оны хоёрдугаар улирлын байдлаар энэ төрлийн зээлийн үлдэгдэл өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 49.3 хувиар өсөн, 4.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Банк болон банк бус санхүүгийн байгууллагад давхар зээлтэй иргэдийн тоо ч эрс нэмэгдэж, банкан дахь зээлийн үлдэгдэл өнгөрөгч оныхоос 44.2, банк бус санхүүгийн байгууллагынх 53.4 хувиар өсжээ.

МОНГОЛБАНК ЗЭЭЛИЙГ ХАЗААРЛАСАН ҮР ДҮН УДАХГҮЙ МЭДРЭГДЭХ ҮҮ?

Ялангуяа 2025, 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл сүүлийн 20 жилийн түүхэн дунджаас бага түвшинд байх төлөвтэй болохыг эдийн засагчид, шинжээчид таамаглаж буй. Манай улсын хувьд мөн л эдийн засгийн томоохон сорилтууд отож байгааг эдийн засагчид сануулж байгаа бол он гарсаар нүүрсний үнийн уналтыг дагаж экспортын орлого татарч, геополитикийн хурцадмал тодорхойгүй байдал энэ эрсдлийг улам нэмэгдүүлж байгаа юм. Иймд Монголбанкны зүгээс банк санхүүгийн салбарт үүсэж болзошгүй эрсдлийг тооцож бодлогын хүүг 12 хувь хүртэл хатууруулах байдлаар инфляцыг хазаарласан бол зээл олголтыг танаж өр орлогын харьцааг 50/50 болгож, банк бус санхүүгийн байгууллагууд мөн адил өр орлогын харьцааг 30/70 болгоод байгаа юм. Энэ үр дүн удахгүй зах зээлд импорт буурах байдлаар мэдрэгдэнэ гэж эдийн засагчид үзэж байна.

Д.Пүрэв-Очир: ИТХ-ын төлөөлөгчдийн тоо 14/14 болж тэнцсэн учраас мөрийн хөтөлбөрөө хамтарч хэрэгжүүлэх саналыг намын бүлгүүдэд хүргүүлсэн
Д.Пүрэв-Очир: ИТХ-ын төлөөлөгчдийн тоо 14/14 болж тэнцсэн учраас мөрийн хөтөлбөрөө хамтарч хэрэгжүүлэх саналыг намын бүлгүүдэд хүргүүлсэн
 
Ерөнхий боловсролын 3000 сурагчдыг хамруулсан “МОНГОЛ ХҮН” төсөл нээлтээ хийнэ
Ерөнхий боловсролын 3000 сурагчдыг хамруулсан “МОНГОЛ ХҮН” төсөл нээлтээ хийнэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!