Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн (хуучнаар Нарны Титэм) барилгын “Ж” блокын зүүн жигүүрт байрлах "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт 1226.96 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа.
Тодруулбал, уг гурван давхар барилга нь 1991 онд худалдааны төвийн зориулалтаар ашиглалтад орсон. УИХ-ын 1999 оны 29 дүгээр тогтоолоор нийслэлийн өмчид шилжин ирсэн бөгөөд НӨХГ-ын баланст бүртгэлтэй байсан. Улмаар 2004 оноос тус төвийн түрээслэгч нарт түрээсэлж буй талбайг нь хувьчилж эхэлсэн бөгөөд 14 иргэн, аж ахуйн нэгжид хувьчилсан. Харин “Улаанбаатар радио” ХХК-ийн эзэмшиж буй 1226.96 ам метр талбайг хувьчлаагүй байсан юм.
Энэ талаар НЗДТГ-ын дарга Д.Амгалан “Улаанбаатар Радио” ХХК нь анх нийслэлийн харьяаны радио байсан боловч менежментийн хувьчлалаар хувьчлагдсан. 2008 онд нийслэлийн өмчөөс “Баруун Сэлбэ” үйлчилгээний төвийн барилгын “Ж” блокын зүүн жигүүрт нийт 1226.96 ам метр талбайг түрээсийн давуу эрхээр хувьчилж авсан нь шүүхээр хүчингүй болсон. Иймээс нийслэлийн өмчид буцаан авлаа.
Энэ асуудал олон жил маргаантай байсны эцэст өнөөдөр "Улаанбаатар Радио" ХХК-д хамаарах нийт талбайг өөр газар шилжүүлэн олгох, тэдний оруулсан зарим хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлыг буцаан олгох байдлаар өмч хөрөнгөө эргүүлэн авч байна. Цаашид газар ашиглалтыг сайжруулахын тулд нийслэл өөрийн хөрөнгөөр барилгын гадна талбайд байрлах ашиглагддаггүй гүүрэн байгууламж, гараашийг нураана. Үүний дараагаар төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх санал авах тул аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ.
Мөн тэрбээр нийслэлийн өмч хөрөнгө алдагдах, устах, хууль бус ашиглалт, эзэмшилтийг цаашид хүлээн зөвшөөрөхгүй. Нийслэлийн өмч хөрөнгө иргэдэд үр өгөөжөө өгдөг байх ёстойг онцлов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!