Үндэсний статистикийн хорооноос 2020 оны нэгдүгээр улирлын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа.
- Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 15,9 хувиар,
- Ажилд зуучлагдан орсон иргэд 2,3 хувиар буурчээ.
- Харин ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 20,9 хувиар өссөн байна.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны тавдугаар сард шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн 54,4 хувь нь ажлаас халагдсан болон чөлөөлөгдсөн иргэд байна. Энэ нь өмнөх сараас 19,2 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 15,8 хувиар, өмнөх сараас 4,2 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54,6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна.
Ажиллагсдын цалингийн статистик
- НДШ төлөлтийн 2020 оны нэгдүгээр улирлын тайланд хамрагдсан нийт 661,3 мянган ажилчдын медиан цалин 917,2 мянган төгрөг байна. Ажилчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2020 оны нэгдүгээр улиралд 2015 оны 4-р улирлаас 1,5 дахин нэмэгдсэн хэдий ч, худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн хэмжээ 16,2 хувиар нэмэгдсэн байна.
- НДШ төлөлтийн тайланд хамрагдсан ажиллагсдын 12,1 хувь нь 420,000 төгрөг хүртэлх цалинтай, 22 хувь нь 420-700 мянган төгрөг хүртэлх цалинтай, 28,1 хувь нь 700 мянгаас-1,1 сая төгрөг хүртэлх цалинтай, 17,1 хувь нь 1,1-1,5 сая төгрөгийн цалинтай, 9,3 хувь нь 1,5-2 сая төгрөгийн цалинтай, 6,7 хувь нь 2-3 сая төгрөгийн цалинтай, 4,7 хувь нь 3 саяас дээш цалинтай байсан байна.
- Ажиллагсдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын ажиллагсдынх хамгийн өндөр буюу 3,2 сая төгрөг. Харин зочид буудал, байр сууц, нийтийн хоолоор үйлчлэх салбарын ажиллагсдын дундаж цалин хамгийн бага буюу 765,1 мянган төгрөг байна.
Ажиллагсдын сарын дундаж цалинг ажил мэргэжлийн ангиллаар авч үзвэл 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар техникч болон туслах дэд мэргэжилтний цалин хамгийн их буюу 1,5 сая төгрөг, харин хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэжсэн ажилтны 712,2 мянган төгрөг байсан байна.