19-хөн настай ч өөрийнхөө гарааны бизнесийг амжилттай эхлүүлэн, Монголын "Belly dance"-ийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа М.Солонгыг "UBN STORY" булангийнхаа ээлжит зочноор урьж ярилцлаа. Бага наснаасаа эхлэн "Belly dance"-ээр хичээллэж эхэлсэн түүний хувьд 800-900 бүсгүйд "Belly dance"-ийн талаарх мэдлэг боловсролыг олгож, аз жаргалыг хамтдаа мэдэрдэг тухайгаа ийнхүү ярьсан юм.
-Сайн байна уу. Уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг М.Солонго гэдэг. Одоо 19 настай. "Soko's belly dance VIP" клубийн үүсгэн байгуулагч.
-"Belly dance"-ээр хичээллээд хэдэн жил болж байгаа вэ. Бас багшийгаа танилцуулах нь зөв байх?
-"Belly dance"-ээр хичээллээд таван жил, багшлаад гурван жилийн нүүрийг үзэж байна. Анх 14 настай байхдаа энэхүү бүжгийн төрлөөр хичээллэж эхэлж байсан. Багш нар маань Ази, Дэлхийн аварга Н.Баярмаа мөн н.Оюунгэрэл багш. Багш нартаа маш их хайртай, бас баярлаж явдаг.
-14 настайдаа гэхээр дунд ангийн сурагч байсан гэсэн үг шүү дээ. Яагаад энэ бүжгийн урсгалаар хичээллэх болов?
-Би жаахан байхдаа маш бөгтгөр хүүхэд байлаа. Учир нь өдөр, шөнөгүй хичээл хийдэг байсан юм. Нэг өдөр фэйсбүүкээр бичлэг үзээд сууж байтал Н.Баярмаа багшийн маань бүжиглэж байгаа бичлэг гараад ирсэн. Тэр бичлэгийг үзээд маш их гайхаж, алмайрч бас дурлаж харж байсан юм. Мөн өмссөн хувцас нь үнэхээр тансаг, маш их таалагдсан. Түүний дараа шууд сургалтынхаа төвд багш дээрээ очоод бүртгүүлсэн. Гэхдээ бүртгүүлэхийн тулд их хичээсэн дээ.
-Тэр түүхээсээ бидэнтэй хуваалцаж болох уу?
-Би айлын том охин. Доороо гурван эрэгтэй дүүтэй. Хоёр нь ихэр. Мэдээж айлын том охин гэрт ямар үүрэгтэй билээ. Яг түүнийг хийнэ. Гэрээ цэвэрлэнэ, хоолоо хийнэ бас эгчийнхээ үүргийг гүйцэтгэх гээд хоёр дүүгээ асардаг байлаа.
Тэгээд л бичлэгээ үзсэнийхээ дараа ээжээсээ гурав, дөрвөн сар бүжгийн сургалтад явуулж өгөхийг гуйсны эцэст ээж маань арай гэж зөвшөөрсөн. Би тэр үедээ ээждээ "Ээжээ би ганцхан сар сургалтдаа сурна. Түүний дараа хичээлээ үргэлжлүүлнэ" гээд л гуйж байсан юм. Гэтэл ганцхан сар сурна гэж орсон зүйл маань нэг насны маань салшгүй хэсэг болчихсон явж байна.
-Багаасаа бүжиглэх дуртай хүүхэд байсан уу?
-Үгүй ээ. Би 10 сартайгаасаа хойш нэгдүгээр ангид орох хүртлээ хөдөө өвөө, эмээтэйгээ хамт амьдардаг байсан юм. Тэгээд нэгдүгээр ангид ороод, сургуулийн сурагч болоод тоо бодох их дуртай хүүхэд байлаа. Тийм ч учраас өөрийгөө бага ангийн багш эсвэл математикийн багш болно гэж мөрөөддөг байсан юм.
Харин ахлах ангид ороод мэргэжил сонголт хийхдээ өөрийгөө Солонгос улс руу явж жүжигчний мэргэжлээр суралцана, жүжигчин болно гэж мөрөөддөг болсон. Тиймээс Солонгос хэлний сургалтад суугаад, хажуугаар нь "Вelly dance"-ээрээ хичээллэж байсан юм. Гэтэл надад маш том хоёр сонголт тулгарсан. Тэр юу вэ гэхээр,
Эхнийх нь Солонгос хэлээ сураад, жүжигчин болох. Удаах нь Монголдоо үлдээд belly dance-ээр хичээллээд түүнийгээ хөгжүүлэх. Гэтэл би ямар ч эргэлзээгүйгээр "Вelly dance"-ээ сонгоод Монголдоо үлдсэн. Учир нь "Вelly dance" надад тайвшрал мэдрүүлж байсан, дотор маань нэг гал байгаад байсан юм. Тэгээд л Монголдоо үлдсэн дээ.
-Бусад хүмүүс таныг харахдаа дөнгөж 19-хөн настай жаахан хүүхэд байна гэж харж байж магадгүй юм. Гэтэл ийм жаахнаараа гарааныхаа бизнесийг амжилттай эхлүүлээд бүр VIP сургалтын клубтэй, хоёр салбартай болоод өсөн дэвжээд явж байна шүү дээ. Ер нь хэзээнээс эхлээд өөрийнхөө клубийг нээе гэж бодсон бэ?
-Би "Монголын Belly dance-ийн холбоо"-нд хоёр жил багшлаад гурав дахь жилдээ буюу 18 настайдаа өөрийнхөө клубийг байгуулахаар шийдсэн. Дэлхийд "Belly dance"-ийн маш олон урсгал байдаг ч манай улсад ганцхан урсгал нь хөгжсөн байдаг юм. Тиймээс бусад урсгалыг нь Монгол Улсдаа оруулъя гэж шийдээд клубээ үүсгэн байгуулж байлаа.
-Таны аав, ээж хоёр анх "Belly dance"-ээр хичээллэж эхлэхэд тань хэрхэн хүлээж авсан бэ. Одоо ч мөн ард тань зогсож байгаа байх?
-Эхэндээ охиноо бараг л дотуур хувцастай шахам харах хэцүү байсан байх. Тийм ч учраас жаахан дургүйцэж байсан шүү. Гэтэл гурав, дөрвөн сарын дараа мэргэжлийн ангид ороод, хамтлагийн нэг гишүүн болчихсон юм. Хамтлагтаа би хамгийн жаахан нь 17-хон настай. Манай хамтлагийн эгч нар бүгд 25-аас дээш насныхан байсан юм.
Гэтэл ээж, аавынхаа нүдэн дээр миний ур чадвар сайжраад, сэтгэл санаа ч тогтвортой болоод ирсэн учраас гэр бүл маань маш сайхнаар хүлээн авсан. Тийм ч учраас гарааны маань бизнесийг 100 хувь дэмжээд эхлүүлсэн. Одоо ч миний ард бат зогсож байгаа.
-"Belly dance"-ийн тухай багахан хором ярилцъя. Зарим хүмүүс бэлхүүсний бүжиг гэж ойлгож байна. Зарим нь эмэгтэй хүний гоо сайхныг илүү төгс болгодог бүжгийн төрөл гэж ойлгож байна. Ер нь "Belly dance" гэж яг юу юм бэ?
-800-аад жилийн өмнө Араб, Египетэд анх "Belly dance" бүжиг үүсэж хөгжсөн байдаг. Ерөнхийдөө эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг маш тодотгож өгдөг. Мөн өдөр тутмын амьдралдаа төдийлөн хөдөлгөөд байдаггүй биеийн хэсгийг нэг бүрчлэн, үе үеэр нь хөдөлгөж өгдөг бүжгийн төрөл гэж хэлж болно. "Belly dance"-ээр хичээллэсэн бүсгүйчүүд үргэлж өөрийгөө энергиэр цэнэглэж байдаг. Учир нь "Belly dance"-ийн "шимми" буюу сэгсэрдэг хөдөлгөөн нь хүний биед байгаа эерэг болон сөрөг бүхий л энергийг гадагшлуулдаг гэж үздэг.
Мөн хүний биед долоон чухал хүрд байдгийн тавыг нь "Belly dance" нээж өгдөг. Ялангуяа эмэгтэй хүний Суурин хүрд, үржихүйн хүрд, наран сүлжээ хүрд, хайрын хүрд, хоолойн хүрдийг маш сайн нээж өгдөг.
-Эдгээр хүрднээс хайрын хүрд маш анхаарал татаж байна. Хайрын хүрд гэж юу юм бэ?
-Хайрын хүрд нь нэг ёсондоо зүрхний хүрд. Зүрхэн хүрд нь хайр дурлал, эрүүл мэнд, амжилт орлоготой нягт холбоотой байдаг. Түүнийг "Belly dance"-ийн техникээр нээж өгдөг.
-"Belly dance"-ээр хичээллэснээр аз жаргалын даавар ялгардаг гэж ярьдаг. Гэтэл манай нийгэм маш их стресс бухимдалтай байгаа шүү дээ?
-Мэдээж аз жаргалын даавар маш ихээр ялгардаг. Дээр нь эмэгтэй хүний биеийн тааз хэсэг илүүтэй хөдөлж байгаа учраас строген даавар ч маш сайн ялгарч өгдөг. Гэхдээ ямар ч бүжгийн дугуйланд хичээллэсэн аз жаргалын даавар ялгарч байдаг л даа. Өнөөгийн нийгмийн стресс бухимдлыг хэсэгхэн хором мартаж, аз жаргал мэдрэх боломж бол өөрийн чөлөөт цаг.
Тийм ч учраас би шавь нартаа "Та нар маань зааландаа ирсэн л бол өөрийгөө сул тавь, юу мэдэрмээр байна тэр бүгдээ мэдэр, мэдрэмжээ ил гарга, инээ, уянгын ая тавиад уйлмаар байвал уйл" гэж хэлдэг юм. Мөн аяа чангалаад, зааландаа ирээд бүжиглэхээр дотроосоо бие сэргээд, сэтгэл ч түүнийгээ дагаад сэргээд эхэлдэг.
-Ер нь ямар ч бүжгийн эвсэлгүй хүн "Вelly dance"-ээр хичээллэх боломжтой юу. Гэхдээ хамгийн гол нь сурах хүсэл эрмэлзэлтэй хүн байя гэж бодвол?
-Мэдээж ямар ч хөдөлгөөний эвсэлгүй хүмүүс их ирдэг. Гэхдээ хүнд сурах хүсэл эрмэлзэл байгаа цагт бие нь хөдөлдөг л байхгүй юу. Тийм ч учраас хүн бүртэй тулж, техникүүдийг нь зөв зааж өгснөөр хөдөлгөөний эвсэл сайжирна. Цаашлаад "Вelly dance"-ээр төвөггүй хичээллээд эхэлдэг юм.
-"Belly dance"-ээр багшлаад хичнээн шавь төрүүлсэн байна?
-"Soko's belly dance VIP" клубийн маань үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлээд жилийн хугацаа болж байна. Энэ хугацаанд 800-900 эмэгтэйд belly dance-ийг зааж өгсөн байгаа.
-Таныг "Вelly dance"-ээр бүжиглэхээс илүүтэй аз жаргал мэдрүүлдэг зүйл юу вэ. Магадгүй шавь нараас нь хэлдэг урмын үг ч юм уу?
-Шавь нар маань надтай үр дүнгээ хуваалцахад маш их аз жаргалыг мэдэрдэг. Нурууны өвчин багассан байна. Бие маань эрүүл болж байна. Бүр хосын харилцаа ч сайжирч байна гээд ярьдаг л даа. Энэ бүгдээс кайф авдаг.
-Youtube ч юм уу зарим сувгуудаар эрэгтэй хүн "Вelly dance"-ээр бүжиглэж байгаа бичлэг явж байдаг шүү дээ. Ер нь эрэгтэйчүүд "Вelly dancе"-ээр хичээллэх боломжтой юу?
-Мэдээж боломжтой. Гэхдээ эрэгтэй хүн бүжиглэж байвал урлагийн өндөр мэдрэмжтэй, уян налархай хүн л бүжиглэж байгаа гэсэн үг.
-Уучлаарай. Хувийн чанартай асуулт асууя. Таныг дагадаг, бүжгийг нь үзэж сонирхдог олон залуус байгаа. Магадгүй таныг найз залуу, гэр бүлтэй эсэхийг сонирхож байгаа хүмүүс их байгаа байх. Та найз залуутай юу?
-Одоогоор найз залуугүй, ганц бие байна. Дөнгөж 19-хөн настай учраас гэр бүл зохиох болоогүй байна. Гэхдээ дотроо бол гэр бүл төлөвлөлтөө хийчихсэн байгаа.
-Хамгийн сүүлчийн асуултаа асууя. Та "Вelly dance"-ийг гурван үгээр илэрхийлбэл?
-Бүжиглэ, мэдэр, бэлхүүсэндээ дурла. Энэ гурван үгээр илэрхийлнэ.
-Ярилцсанд баярлалаа.