
UBN STORY булангийнхаа энэ удаагийн дугаарт Комедиан Т.Ариун-Эрдэнийг онцолж байна. Түүнийг харааны бэрхшээлтэй иргэн гэдгээс илүүтэйгээр чадварлаг комедианы хувиар ярилцлагын буландаа урин оролцуулсныг онцлон дурдаж байна.
-Өдрийн мэнд хүргэе. Манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу?
-Намайг Т.Ариун-Эрдэнэ гэдэг. Би Нийгмийн даатгалын ерөнхий газарт ажилладаг. Сонирхлоороо комеди хийдэг залуу байна.
-Нийгмийн даатгалын ерөнхий газарт ямар ажил хийдэг вэ?
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын Дуудлагын төвд оператороор ажилладаг. 2020 оны 9 дүгээр сараас хойш 5 жил гаруй ажиллаж байна.
-Аль сургуулийг төгссөн, ямар мэргэжилтэй вэ?
-Бусад хараагүй хүүхдүүдийн адилаар Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургуулийг төгссөн. 2018 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн харьяа Билэг дээд сургуулийг Олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж төгссөн.
-Анх яагаад комеди сонирхож, комедианаар тайзан дээр гарах тухай бодож эхэлсэн бэ?
-Анх гадаад комедиануудын бичлэгүүдийг үздэг байсан. 2019 оны гуравдугаар сарын 29-нд манай Хараагүйчүүдийн номын санд комедиан Батаа буюу Б.Батбилэг ирж бидэнтэй уулзаж байсан юм. Тэндээс комеди клаб дээр open mic болдог талаар олж мэдээд анх удаа тайзан дээр гарч байсан. Анх удаа тайзан дээр гараад онигоо болсон /инээв/. Түүнээс хойш тайзан дээр гарсаар тууштай явж байтал хөл хорио тавигдсан. Сүүлд Comedy lab-д гэрээ байгуулан орсон. Долоо хоногт 1-2 удаа тайзан дээр гарч ярьдаг.

-Комедигоор дамжуулж нийгэмд ямар мессеж өгөхийг хүсдэг вэ?
-Миний комеди хийж байгаа гол зорилго бол хөгжлийн бэрхшээлтэй гэж яриад байгаа энэ хүмүүсийг нийгэмд энгийн хүмүүс шиг ойлгуулах. Ямар нэгэн ялгаатай байдал гаргаад дунд нь хана босгоод байдгийг би хувьдаа гайхдаг. Ялгаагүй л хүн шүү дээ. Тиймээс ялгаагүй нийгмийг бүтээх зорилго тавиад урагшилж байна.
-Анх тайзан дээр гарсан мэдрэмжээсээ хуваалцаач?
-Анх хүмүүс комедиан гэдэг талаас нь хүлээж авдаггүй байсан. Хараагүй хүн гэдэгт маань ач холбогдол өгөөд "Эвий дээ. Энэ одоо юу ярих вэ дээ. Бүдэрчих вий" гэх мэт хандлагууд их гаргадаг байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгардаг асуудлыг хөндөөд комеди хийхээр инээж болох юм болов уу гэж бодох жишээний. Одоо бол өөр болж байгаа. Миний комедиг сонсоод инээдэг болсон байна билээ. Сүүлд хийсэн "Хараагүй комедиан" гээд комеди хийсэн бичлэг сошиалд нилээн сайн явсан. Тэрнээс хойш хүмүүс гудамжинд таарахаараа "Мундаг шүү. Амжилт хүсье" гэх мэтчилэн гоё урмын үгнүүдийг их хэлж байгаа.
-Stand up comedy урлаг танд ямар мэдрэмж өгдөг вэ?
-Үзэгчдийн алга ташилтын мэдрэмж маш сайхан. Гэхдээ энэ мэдрэмжийг байнга аваад байдаггүй нь энэ урлагийн онцлог байх. Комедигоос авдаг хамгийн сайхан мэдрэмж нь уналт, босолт. Таван удаа тайзан дээр гарахад хоёрт нь хүмүүсийг инээлгэхгүй. Өнөөдөр инээлгэж чадаагүй ч маргааш инээлгэх нь сайхан мэдрэмж төрүүлдэг.
-Та багаасаа л бусдыг хөгжөөдөг хүүхэд байв уу?
-Үгүй, би харин ч дуу муутай хүүхэд байсан. Бага байхад гэрийнхэн маань амнаас үг унагах гэж зовдог байсан. Харин ахлах ангидаа сургуулийнхаа дотуур байранд амьдардаг болоод олон хүүхдүүдтэй харилцаж үзээд арай дээр болсон. Мөн дээрээс нь их сургуульд ороод Олон улсын харилцааны мэргэжлээр суралцахаар хүнтэй их сайн ярилцаж сурах шаардлагатайг багш нар маань хэлж, сургасан.
Сүүлд бодоод байхад багадаа их боддог хүүхэд байсан. Хүмүүсийн ярьж байгаа зүйлсийг сайн сонсоод, дүгнэлт хийгээд суугаад байдаг байж. Одоо түүнийгээ шууд гаргаж, ярьдаг болсон.
-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!