Ubn.mn сайт энэ удаагийн UbnStory булангийнхаа удаах зочноор Найруулагч Ц.Хүсэлбаатарын хүү залуу жүжигчин Х.Сумъяадоржийг урин оролцуулж түүний уран бүтээлийн талаар болон урлагийн мэргэжлийг хэрхэн сонгосон мөн хувь хүний үзэл бодлынх нь талаар хэсэг хором ярилцлаа.
-Ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Юуны түрүүнд өөрийгөө танилцуулахгүй юу?
-Намайг Хүсэлбаатарын Сумъяадорж гэдэг. Жүжигчин мэргэжилтэй. Одоогоор “Монгол театр”-ын анхлан тавьж буй “Клеопатра” түүхэн сэдэвт сонгодог драмын жүжгийн нэг дүр дээр ажиллаж байна.
Саяхан их сургуулиа төгссөн. Оюутны ширээнээс дөнгөж төгсөөд анх удаа тайзны уран бүтээлд оролцож байна. Миний хувьд их бэлгэшээлтэй байгаа учир маш их баяртай байна.
-Тайзны гэхээс илүүтэй ихэвчлэн дэлгэцийн уран бүтээлд тоглосон байдаг шүү дээ. Тэр ч утгаараа энэхүү жүжиг нь таныг их сорьж байгаа байх?
-Тийм шүү. Оюутан байхдаа хэд хэдэн уран бүтээлд орох боломж гарч сайхан, сайхан дүр бүтээсэн байдаг. Бас 4 жилийн хугацаанд театр урлагийн сургуульд сурч байгаад төгссөн учраас энэ жүжгээр дамжуулан мэргэжлээ дахин нэг шат ахиулж байгаа гэж хэлж болно. Тиймээс маш их хариуцлагатай байх ёстой гэж бодож байна.
-Жүжгийн тухай товч ярьж болох уу. Түүхэн сэдэвт сонгодог драмын жүжиг гэсэн шүү дээ. Дээр нь таны бүтээж байгаа дүр сонирхол татаж байна?
-“Клеопатра” гэдэг хатны тухай дэлхийн хүн төрөлхтөн тэр аяараа мэднэ. Энэ хүн бол Египт орныг удирдаж явсан. Тэр дундаа эмэгтэй хүн улс төрийг яаж авч явсан бэ гэдгээрээ онцлог. Дээр нь тухайн үеийн маш том гүрэн болох Ромд улс эх орноо алдахгүйн тулд тэмцэж, эмэгтэй хүний нарийн, хурц ухааныг харуулсан байдаг. Нэг ёсондоо эмэгтэй хүнд байх ёстой бүхий л шинж чанарыг агуулсан, бүсгүйчүүдэд үлгэр жишээ болохоор гайхалтай эмэгтэй. Энэ тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг философич Н.Молор-Эрдэнэ өөрийнхөө youtube хуудаснаа мэдээлэл оруулсан байна лээ. Түүнийг сонсвол илүү их мэдээлэл авч чадах байх.
Харин өөрийнхөө бүтээж байгаа дүрийн талаар урьтаж яриад хэрэггүй болов уу. Хүмүүс өөрсдөө үзээд мэдэх нь зөв байх.
-Дан ганц тайзны уран бүтээлээс гадна дэлгэцийн уран бүтээлүүд нь IPTV-ээр гараад эхэлсэн байна лээ. Тэгэхээр уран бүтээлийн арвин их олзтой жил байх шиг байна?
-Тийм шүү. Өнгөрсөн зун “Бид нэг гэр бүл” ОАК-д тоглосон. Тэр кино маань энэ өвөл цацагдаад дууслаа. Хүмүүст ч их хүрсэн юм шиг байна лээ.
Түүний дараа “Өвлийн идэш” гэдэг нэртэй комеди төрлийн контентод тоглосон. Энэ кинон дээр “Бид нэг гэр бүл” кинонд тоглосон Холбоо буюу жүжигчин, MAAZ-ын Төмрөө ахтайгаа мөн жүжигчин М.Баярмагнай ах бид 3 тоглосон. Одоогоор IPTV-үүдээр гараад эхэлсэн байгаа. Бас сонирхож буй хүмүүс байвал үзээрэй гэж хэлье.
-Яах аргагүй “Бид нэг гэр бүл” ОАК-ны Итгэлийн дүрээр үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн. Тиймээс энэ киног дурдахгүй өнгөрч болохгүй болов уу. Дээр нь таны тоглосон анхны олон ангит кино юу?
-Миний оролцон тоглосон анхны олон ангит кино гэж хэлж хараахан болохгүй байх. Өмнө нь 7 ангитай экшин жанрын “Бүлэг” гэдэг олон ангит кинонд тоглож байсан юм. Гэхдээ “Бид нэг гэр бүл” киноны хувьд сургуулиа төгсөөд л энэ зун тоглосон учраас хамгийн анхны олон ангит томоохон уран бүтээл гэж хэлж болох юм. Дээр нь арай илүү олон ангитай, том хэмжээний анхдагч кино. Миний хувьд маш их сургамж болсон, бас өөр нэг их сургууль төгссөнтэй дүйцэхүйц мэдрэмжийг өгсөн.
-Итгэлийн дүр маш олон үзэгчид хүрсэн. Танд тэр мэдрэмж ямар санагдсан бэ?
-Итгэлийн дүр надтай их ойр байсан. Дотогшоогоо зан чанартай. Би ч мөн дотогшоо хүн шүү дээ. Түүнээс гадна бас нэг давтагдсан зүйл нь би СУИС-д орохоосоо өмнө анагаахад сурч байсан. Бүр 2 жил эмч болно гэж зорьж, сурч явж байгаад гэнэт сургуулиа орхиод СУИС-руу орчихсон байхгүй юу.
Тэгээд л сургуулиа төгсөж гарч ирээд тоглосон анхны уран бүтээлдээ өмнө нь сурч байсан эмчийнхээ дүрээр гарч иртэл нэг талаараа маш гоё санагдаж байсан. Ямар нэг зүйл давтагдаад байгаа ч юм шиг.
Анагаахад сурч байхдаа бага ч гэсэн эмч хүний ертөнцийг ойлгоод гарсан юм болохоор эмчийн дүрд тоглож байхдаа үнэхээр гоё байсан. Гэхдээ яахав шүдний эмчээр сураагүй ч гэсэн эмч нарын амьдралыг 2 жилийн хугацаанд ч болов мэдэрсэн юм болохоор тус кинонд эмчийн дүр бүтээхэд сайхан байсан шүү.
Гэр бүлийнхээ аурагаас болоод ч тэр үү далд ухамсарт жүжигчин болох хүсэл байсан ч илэрхийлж чадаагүй
-Анагаахад сурч байгаад гарсан гэхээр яг таны хүсээд байсан зүйл бол яах аргагүй л урлагийн хүн болох тэр дундаа жүжигчний мэргэжил сонгох байж тийм үү?
-Тийм ээ. Би 10 жилээ төгсөх гэж байхдаа яг ч мэргэжлээ сонгоогүй байсан юм. Гэхдээ яахав жүжигчний мэргэжлийг гэр бүлийнхээ аурагаар ч гэх үү ер нь далд ухамсарт жүжигчин болох хүсэл байгаад л байсан юм. Түүнийгээ л нээж чадахгүй, илэрхийлж чадахгүй л яваад байсан.
Яг 12-р ангиа төгсдөг жил багш нар мэргэжлээ сонго гэж тулгахад нь би яг ч сонгож чаддаггүй. Тэгээд анагаах руу орох шийдвэрийг гаргасан. Гэхдээ жаахан инээдтэй түүхтэй л дээ. Үнэндээ гоё сайханд нь дурлаад л орчихсон юм.
-Юу болсон юм бэ?
-Эгч бид 2 гал тогоонд хоорондоо юм яриад сууж байсан юм. Тэгтэл эгч маань надад “Чи цагаан халаад өмсөөд явбал чамд их гоё зохино. Гоё харагдана шүү” гээд хэллээ. Тэгээд л бодсон чинь нээрээ л гоё зохих юм шиг санагдаад, шууд л шийдчихсэн дээ. Тэгээд л шууд багш дээрээ очоод “Багш аа би эмч болно оо" гээд хэлтэл “Чи чадах юм уу. Хими, биологиор ЭЕШ өгнө шүү дээ” гэхээр нь “За яахав үзээд алдъя” гээд л 12-р ангийнхаа өвөл 4 сарын хугацаанд сургуулийнхаа химийн багшаас давтлага аваад л дээр нь гадуур нэг багшаас давтлага аваад л тэгээд л ЭЕШ-аа өгсөн чинь гайгүй оноо аваад, тэгээд л анагаахад тэнцэж билээ.
-Тэгвэл яг өөрийгөө жүжигчин болох юм байна гэдээ яаж мэдсэн юм бол?
-Анагаахад суралцаад явж байхад их сонирхолтой байсан. Ер нь их сонин ертөнц байсан шүү. Тэгээд суралцаж байхдаа анагаахын урлагийн наадмыг хөтөлж байсан юм. Бараг хэдэн жилд нэг удаа болдог урлагийн наадам л даа. Тэгээд л нэг ёсондоо хичээлээс илүү хичээлийн гадуурх үйл ажиллагаанд хамрагдах дуртай байсан.
Тэгээд би 2-р курсийнхээ зун Япон руу аяллаар явсан юм. Тэгж явж байгаад нэг хүнтэй танилцсан чинь их л дотно, сайхан хүн байсан. Тэр хүн надад “Чи урлагийн гэр бүлд өссөн байж тэр замаа сонгооч ээ. Чи чадна шүү дээ” гэж хэлсэн.
Яагаад тэгсэн бэ гэхээр би тэр хүнтэй ярилцаж байхдаа “Миний сэтгэлийн үзүүрт эмчийн мэргэжлээс илүү урлагийн сонирхол байгаад байх шиг байна. Та миний оронд байсан бол ямар сонголт хийх вэ” гээд чин сэтгэлээсээ асуусан юм. Гэхдээ одоо яг ч сайн санахгүй л байна. Тэгээд л тэр хүнтэй ярилцсаныхаа дараа яагаад ч юм “Намар СУИС-д шалгалт өгч үзнэ ээ. Тэнцэхгүй байсан ч яахав” гээд зориглоод үзсэн чинь тэнцчихсэн. Тухайн үед яг юу болоод байгааг ч ойлгоогүй. Хүний амьдралд яг тийм учир нь олдохгүй үе байгаад байдаг шүү дээ. Яг тийм л үе байсан. Гэхдээ яахав маш сайхан адал явдалтай, сонирхолтой л амьдарч байна гэж боддог доо.
-Таны энэ шийдвэрийг гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авсан бэ. Таны эгч Х.Баярмааг урлагийн хүн болно гэхэд гэр бүлийнхэн тань эсэргүүцэж байсан гээд л яриад байдаг?
-Тэр зун Японоос ирснийхээ дараа аавтайгаа ярьсан юм. Эхэндээ "Өөрөө мэдэхгүй юу" гээд нэг их дургүйцэж хүлээж аваагүй ээ. “Чи чадаж магадгүй шүү. Юу ч гэсэн шалгалт өгөөд үз. Хүн дуртай зүйлээ хийвэл илүү амжилт гаргадаг” гэж аав хэлсэн. Тэгээд л манай гэр бүлийнхэн бүгд дэмжсэн, би ч зориглосон доо. Одоо бол үнэхээр сайхан байна. Гэр бүлийнхэнтэйгээ нэг мэргэжилтэй болохоор хамт хоолоо идээд сууж байхдаа ч хүртэл сонирхол нэг учраас ярих юм их байдаг.
Би өөрөө аав хүн болохоор өвөөгийнхөө хүүгээ алдсан тэр мэдрэмжийг нэг богинохон сцениэс л мэдэрч байсан
-Өөрийн тань хамгийн анхны гол дүр бүтээж байсан кино бол яах аргагүй таны аав Ц.Хүсэлбаатарын найруулсан, таны өвөө Ё.Цог гуайн тоглосон бодит үйл явдлаас сэдэвлэн бүтээсэн “Дайрлага” МУСК шүү дээ. Энэ киноны тухай ярихгүй өнгөрч болохгүй байх?
-Тийм шүү “Дайрлага” МУСК бол миний хамгийн анхны гол дүр бүтээсэн, хамгийн том дурсамжтай кино байхгүй юу. Өвөөтэйгөө цуг тоглосон. Бодит үйл явдлаас сэдэвлэсэн кино.
Гэхдээ тэр нь шууд манай гэр бүлтэй хамааралтай биш хэдий ч манай гэр бүл хэлмэгдсэн гэдэг гол санааг гаргасан. Өөрөөр хэлбэл миний хамгийн хайртай бараг л нуруун дээр нь шээж өссөн авга ах маань хэлмэгдэж байсан. Харамсалтай нь цагаатгагдаж чадалгүй бурхны орныг зорьчихсон юм. Ахын маань амьдрал жүжигчин хүний эмзэглэл гэхээс илүүтэй хүний амьдралын эмзэглэл талаасаа илүү ойрхон байсан.
Яг энэ киноны нэг сцень надад үнэхээр хүнд санагдаж байсан юм. Үнэхээр л тэгсэн байх даа гэх бодол төрсөн л дөө. Тэр нь Ё.Цогоо өвөөгийн хамгийн сүүлийн сцень байсан юм. Үзсэн хүмүүс нь мэдэж байж магадгүй.
Өвөө хүүгээ алдчихаад, ганцаараа хэдэн жил амьдрах вэ дээ гэж харагдах хөөрхий хөгшин цонхон дээр суучхаад “Хүүгээ би хүлээнэ ээ” гэдэг үг хэлдэг юм.
Хамгийн хайртай ганц хүүгээ явуулчхаад эцэг хүнд ямар байх бол. Би өөрөө аав хүн. Өөрөө аав болохоороо тэр хүний зовлонг, хайрлаж өсгөсөн үр хүүхдээ алдах мэдрэмжийг яг тэр жижигхэн сцениэс маш хүчтэй мэдэрч байсан. Яг түүнийг нь аав бид хоёр монитор дээр суугаад үзэж байхдаа бид хоёр хоёулаа уйлж байсан юм. Тэгээд л өвөө гарч ирж, шатан дээр сууж байхдаа тайвшрах гээд тамхи татаж байхад нь би өвөөгийнхөө нурууг илээд “Тайвшир даа өвөө” гээд л хэлж байж билээ. Яг тэр үед өвөөгөө юу мэдэрч байгааг бас өвөөгийнхөө зовлонг мэдэж байгаа юм чинь.
Тэгтэл өвөө маань их гоё үг хэлж байсан юм. “Жүжигчин хүний мэргэжил хатуу. Гэхдээ энэ ч бас жүжигчин хүний Notebook” хэлсэн юм. Яг тэр үед олон юм ойлгуулж, хүнд зүйлсийг бас гоё зүйлсийг мэдэрсэн сургамжтай кино болсон шүү. Цааш нь яривал их юм байна. Гэхдээ ярих гэхээр сэтгэл үймрээд хэцүү байдаг юм.
-“Дайрлага 2” хийгдэнэ гэсэн мэдээлэл сонссон. Үнэн болов уу?
-Яг энэ талаар мэдсэн зүйл байхгүй байна. Аав л бодож байгаа байх.
-Урлагийн гэр бүлд өссөн болоод ч тэр үү бараг л урлагтай найзалж өссөн гэж хэлж болох байх. Тиймээс бага насны дурсамж их байдаг байх?
-Надад мартдаггүй нэг гоё дурсамж байдаг юм. Би 5 настай байхдаа хамаатныхаа 2 найзтайгаа, Ё.Цогоо өвөөтэйгөө хамт нэг рекламд тоглож байлаа. Аавын л хийж байсан цагаан сарын контент байх. Тэгээд өвөөдөө бурхан дээрээс чихэр хулгайлж авч ирж өгдөг ч билүү, бурхнаас чихэр авдаг ч билүү. Манай гэрийнхэн дунд их алдартай болчихсон. Намайг шоолдог юм. Одоо үзэхэд ч гоё байдаг юм. Хүүхэд насны бүх дурсамж сэргээд л багадаа өссөн гэр маань одоо хүртэл дурсамжид маань байдаг. Тэр л их гоё дурсамжтай санагддаг юм.
Бас би багаасаа л аавыгаа дагаж кино зураг авалтад очдог байсан. Намайг бага байхад хошин урлагийн тоглолт их болдог байлаа. Тэгээд ээжийгээ тоглолттой байхад нь ч гэсэн хамт очдог байсан юм. Үйлдвэрчин дээр, СТӨ-ний тайзан дээр ихэвчлэн тоглогддог. Тэнд очоод л тайзны ард ах эгч нартай тоглоод л, тайзны жижиг хэрэглэлүүдийг буу болгож тоглоод л, тайзны хойгуур л гүйж өссөн. Хүүхэд байхад үнэхээр сайхан байжээ.
-Одоо таны хүүхэд ч бас урлагийн гэр бүлд өсөж торниж байна. Яг л ийм сайхан мэдрэмжийг мэдэрч өсөж байгаа байх?
-Тийм. Сүүлд манай Х.Баярмаа эгч их өхөөрдөөд "Чи том болоод ямар хүн болох юм" гээд асуусан чинь "Жүжигчин болно" гээд хариулж байсан. 3 настайгаасаа тэгж хэлж байгаа хүүхэд цаашид яах юм мэдэхгүй. Гэхдээ би хүүхдийнхээ мэргэжлийг тулгахгүй. Харин багаас нь өөрийнх нь сонирхол, хоббиг хөгжүүлээд эхлэхээр цагийн эрхэнд өөрөө өөрийгөө хэн бэ гэдгийг мэдрээд эхлэх байх. Тэр үедээ сонголтоо хийх хэрэгтэй. Тиймээс багаас нь чи ийм бол, тийм бол гэж тархийг нь угаахгүй. Магадгүй буруу сонголт хийчихвэл насаараа харамсана. Өөрийнхөө хоббигоороо л урлагийн хүн болох уу эсвэл ямар хүн болохоо сонгох хэрэгтэй гэж боддог.
-Хобби гэснээс таны хувьд фитнесээр хичээллэдэг шүү дээ. Хэзээнээс эхлээд хичээллэж эхлэв?
-Фитнесийг би амьдралынхаа нэг хэсэг болгох гэж хичээж байгаа. 2017 оноос хойш хичээллэсэн. Анх гоё биетэй болчихъё гэж явж байсан юм. Харин одоо бол гоё бие гэхээсээ илүүтэй орж хийморио сэргээдэг газар. Бараг л сэтгэл заслын газар болчихсон гэх юм уу.
Дээр нь би боксын спортыг ч мөн сонирхдог. Анх Ж.Нарантунгалаг багш дээрээ очиж холимог тулааны спортоор хичээллэж эхэлсэн. Их зүйл сурсан. Тиймээс багшдаа хайртай шүү, баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд их сургуульд ороод хичээл ном гээд эхэлсэн учраас багш дээрээ очиж чадахгүй л яваад байсан. Сүүлд өнгөрсөн зун эргээд боксоороо хичээллэдэг юм билүү гэж бодоод гэртэйгээ ойрхон "Ширэн бээлий" клубт Төрөө багш дээрээ шавь орсон. Тэгээд 8 сард боксын УАШТ-д ороод анх удаа ороод түрүүлчихсэн дээ.
Яахав миний нэг давуу тал гэх юм уу юу гэх юм бүү мэд аливаа зүйлд жаахан зориг гаргаад, зоригтой алхам хийчихээр бүтчихдэг юм шиг байгаа юм.
-Та сая ярилцаж байхдаа өөрийгөө их дотогшоо хүн гэж байсан. Бас ярилцлага авах хүсэлт тавихаар төдийлөн за гэж хэлдэггүй шүү дээ. Ер нь жаахан ичимхий хүн үү?
-Би яг өөрийнхөө тухай ярихаас ичээд ч байгаа юм уу, ярьж чаддаггүй юм. Энэ удаа зориглоод, том жүжгэнд тоглож байгаа учраас ярилцлага өгөхөөр шийдсэн. Харин дотогшоогоо зан чанарын тухайд төрөлхийн онцлог юм болов уу гэж боддог. Гэхдээ яг ч дотогшоогоо хүн биш юм шиг байгаа юм. Зарим тохиолдолд их нээлттэй. Яахав ихэвчлэн бодлогоширсон, бодсон л байж байдаг.
-Таны аав бас ийм зан чанартай байх тийм үү?
-Манай аав их ухааны хүн шүү дээ. Бас их дотогшоо. Гэхдээ яах аргагүй мэргэжлийн онцлог байх. Ихэвчлэн ганцаараа ажиллаж зохиолоо бичдэг, найруулдаг.
Бат-Өлзийн Тамир ах маань аавынхаа мэргэжлийг өвлөсөн шиг надад ч мөн аавынхаа зохиол бичих, найруулах авьяасыг өвлөх хүсэл бий
-Та бас аавынхаа мэргэжлийг өвлөе гэж боддог уу. Алсдаа кино, уран бүтээл найруулах хүсэл бий юу?
-Байлгүй яахав. Жүжигчин, найруулагч Бат-Өлзийн Тамир ах байна шүү дээ. Найруулагч О.Бат-Өлзий ах болон манай аав, ээж нар нэг хамтлагт байсан, гэр бүлийн найзууд. Бид багаасаа дотно байсан. Б.Тамираа ахаас үлгэр жишээ авдаг. Б.Тамираа ахын аав найруулагч, манай аав найруулагч. Тийм болохоор Б.Тамираа ах шиг аавынхаа ажил үүргийг уламжлаад, гоё авч явж байгаад нь бахархдаг ахаараа. Тийм болохоор аавынхаа найруулагч мэргэжлийг, зохиол бичиж байгааг нь өвлөөд явъя гэж боддог. Бодолгүй яахав.
Ямар ч байсан жүжигчнийхээ мэргэжлийг тултал нь харуулахыг хичээгээд түүний дараа сая сургуулиа хамт төгссөн ангийнхаа найзуудтай хамтарч нэг хамт олон болохоор санаа нэгдэхээр хичээж байгаа. Ямар ч байсан нэг баг хамт олон болоод удахгүй нэг уран бүтээл хийх байх.
-Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Сүүлийн мөчийг танд өөрт тань үлдээе?
-Би энэ дэлхий дээр байгаа амьд бүхнийг бас хүн бүрийг л сайхан сэтгэлтэй байгаасай л гэж боддог. Нэгнийгээ хайрлаасай, бие биедээ хүндэтгэлтэй хандаасай гэж хүсдэг. Бас хүүхдэд хайртай байгаасай. Өөрөө аав болчихсон болохоор хүүхдүүдтэй холбоотой харамсалтай мэдээллийг маш эмзгээр хүлээж авдаг болчихсон байна лээ. Аав болохоос өмнөх өөрийгөө одоогийн өөртэйгээ харьцуулж харсан юм.
Аав болохоосоо өмнө хүүхдүүдийн тухай янз бүрийн юм харахаар сэтгэл өвддөг байсан ч яг одоогийн мэдэрч байгаа тэр хүнд өвдөлтийг арай мэдэрдэггүй юм билээ. Яагаад гэвэл тэр ертөнцийг угаасаа мэдэхгүй болохоор.
Харин аав болсны дараа хүн чинь хүүхэд гэдэг зүйлийг маш их хайрладаг юм байна. Тийм болохоор энэ тал дээр их эмзэглэдэг. Тиймээс уран бүтээлч хүнийхээ хувьд хүүхдүүдийн сайн сайхны төлөө олон сайхан зүйлсийг хийнэ гэж бодож байгаа.
Мөн манай "Клеопатра" жүжиг маань энэ хоёрдугаар сарын 28-наас тоглогдох гэж байна. Бэлтгэл ажил маань үргэлжилсээр байна. Олон сайхан мундаг, чадварлаг ах эгч нар, дүү нар маань энэхүү уран бүтээлд оролцож байна. Мөн их сургуулиа дөнгөж төгссөн намайг энэ том жүжигт оролцуулж байгаа ах эгч нартаа баярлалаа. "Монгол театр"-ыг үүсгэн байгуулж, Монголын театрт шинэ өнгө төрх бүтээж байгаа ах эгч нартаа талархлаа. Бас маш их баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.