Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УДЭТ-ын жүжигчин Т.Анхзул: “Ахан дүүс“ ОАК бүтэн 4 жилийн их сургууль төгссөнтэй адил их зүйлийг сургасан

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
8 минут 10 секунд

Жүжигчин мэргэжлийн хамгийн нэр хүндтэй бахархам байгууллага болох Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, отгон Жульетта буюу Т.Анхзулыг "UBNstory" булангаараа онцолж байна. Тэрбээр 20 насандаа театрын тайзнаа Жульеттаг амилуулсан авьяаслаг залуу жүжигчин юм. Мөн саяхан үзэгчдийн хүртээл болсон "Ахан дүүс" ОАК-ны "Хөөрхөн Пүрэвмаа"-гийн дүрээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй.

Тэгвэл бид жүжигчин Т.Анхзултай шинэхэн уран бүтээл, хувь хүнийх нь талаар ярилцсанаа хүргэж байна.

"Ахан дүүс" ОАК бүтэн 4 жилийн их сургууль төгссөнтэй адил их зүйлийг сургасан"

-Юун түрүүнд "Ахан дүүс" ОАК-ны талаар ярилцлагаа эхлүүлье. Өөрийн тань хамгийн анхны ОАК юу?

-Сайн байна уу? Өнгөрсөн жилийн аравдугаар сард Боловсрол телевизийн "Ахан дүүс" кинонд тоглох санал ирсэн. Аз болж театрын ажил ч бага байсан болохоор зөвшөөрсөн. Манай киноны зураг авалт нийт 4 сар үргэлжилсэн. Миний амьдралын маш жаргалтай , үр бүтээлтэй, өгөөжтэй 4 сар өнгөрсөн. Киног маань үзсэн хүмүүс маш гоё сэтгэгдэл хэлж байгаа. Их л жаргалтай байна даа.

Би өмнө нь хэд хэдэн ОАК-нд дүр бүтээж байсан ч гол дүрд тоглож байгаагүй. Миний хувьд ОАК-нд тоглосноороо бүтэн их сургууль төгссөн хэмжээний их зүйлийг сурч авсан.

- Ихэнх хүмүүс таныг хамгийн отгон Жульетта гэдгээр нь таних байх. УДЭТ-ын жүжигчин болох эхлэл хэрхэн тавигдсан бэ?

- УДЭТ маань Монголдоо монопаль гэж хэлж болохоор Улсын академик театр. Энэ том театрын нэг эд эс нь болоод явна гэдэг бол өчүүхэн миний хувьд маш том үүд хаалга гэж боддог. Анх гуравдугаар дамжааны оюутан байхад багш маань УДЭТ-т шалгалт өгөх санал тавьсан. Тухайн үедээ хэд хэдэн жүжигт тоглох боломж олдсон. 2020 онд их сургуулиа төгсөөд УДЭТ-т дагалдан жүжигчнээр 2 жил ажилласан. Одоо үндсэн жүжигчин болоод 1 жил болж байна. 2023 оны 3,5 дугаар сард "Ромео Жульетта" жүжиг маань шинэ бүрэлдэхүүнтэй дахин тоглогдсон. Энэ удаад тоглохдоо би аль хэдийнээ их сургуулиа төгсөөд 2 жилийн дагалдан жүжигчнээр ажиллаад, үндсэн жүжигчин болсон байсан учраас яг ажлаа хийж байгаа юм шиг бахархалтай байсан. Олон мундаг хүмүүстэй нэг тайзан дээр гарч байгаадаа баяртай байдаг.

- Пүрэвмаагийн дүр дээр ажиллахад хүндрэлтэй зүйл байсан уу?

- Одоо бодоход нэг их хүндрэлтэй зүйл байгаагүй. Кино багийн хамт олон гэдэг их чухал юм билээ. Хамт ажилласан ах, эгч, дүү нар маань бүгд их гоё хүмүүс байсан. Кино зураг авалт дууссаны дараа хүртэл бүгдийг нь санаад л байн байн уулзмаар санагдаад байдаг. Одоо хүртэл бүгдтэй нь холбоотой байдаг.

"Ахан дүүс" ОАК-ны зураг авалт 4 сар үргэлжилсэн гэж байна шүү дээ. Энэ хугацаанд тайз, дэлгэцийн уран бүтээлийн ялгаа нь юу байсан бэ?

- Олон ангит киноны зураг авалт маш хурдтай үргэлжилдэг юм билээ. Нийт 1000 сцены 200 сценьд нь орсон. Өглөө нь уйлаад л , өдөр нь хэрэлдээд л, орой нь инээгээд л маш олон үйл явдал нэг өдөр өрнөдөг. Ингэснээр маш хурдан хувирч, сэтгэл хөдлөлөө барих арга барилд суралцсан. Энэ мэтчилэн их зүйлийг сургасан өгөөжтэй уран бүтээл байсан.

- Пүрэвмаа гэх дүр гэнэн, хайранд итгэдэг, шулуун үг яриатай дүр шүү дээ. Харин Т.Анхзул гэдэг хүн Пүрэвмаа гэх дүртэй хэр ойр зан араншинтай вэ?

- Миний гол дүрд нь тоглосон Жульеттагийн дүр, "Ахан дүүс" киноны Пүрэвмаагийн дүр надаас тэс ондоо. Би их даруухан олон хүний дунд байхдаа их чимээгүй дөмбийгөөд л байж байдаг. Бас ичимхий. Би чинь өөрөө айлын том хүүхэд. Багаасаа бие дааж өссөн. Гэтэл Пүрэвмаагийн дүр их тэсрэлттэй, гадагшаа зан араншинтай учраас надаас хол дүр байсан.

" Аав маань намайг жүжигчин болсонд тийм ч дуртай байдаггүй. Тиймээс аавдаа хүлээн зөвшөөрөгдтөл хичээнэ гэж боддог"

-Ер нь багаасаа жүжигчин болно гэж боддог байсан уу?

Манай гэрийнхэн , хамаатнууд намайг жүжигчин болно гэж төсөөлөөгүй байх. Би арван жилдээ хичээлээ л хийдэг хүүхэд байсан. Бүр урлагийн үзлэгтээ ч орж үзээгүй. Багадаа зохиолч, найруулагч болно гэж мөрөөддөг байсан. Манай аав намайг жүжигчин болсонд одоо ч дургүй байдаг. Анх ЕБС-аа төгсөөд МУИС-ийн Олон улсын харилцааны ангид бүртгүүлж байсан. Гэхдээ сайн бодсоны эцэст өөрийнхөө хүссэн зүйлийг л хийх ёстой юм шиг санагдаад аавдаа хэлэлгүй СУИС-ийн жүжиглэх урлагийн тэнхимд бүртгүүлж орсон. Тухайн үед энэ ангид орох юм бол маш сайн зохиолч, найруулагч болох юм шиг санагдсан. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр жүжигчин мэргэжилд улам их дурласан.

СУИС-д сурч байгаа талаараа аавдаа хэлж чадахгүй нэлээн удсан. Тиймээс аавдаа хүлээн зөвшөөрөгдтөл хичээнэ гэж боддог.

-20 насандаа УДЭТ-ын тайзан дээр гарах боломж олдож байж. Энэ хугацаанд шантрах үе тохиодож байсан уу?

- Дандаа л хэцүү санагдаж, шантармаар байдаг. Ялангуяа дөнгөж эхэлж байгаа бидэнд хэцүү үе их тохиолддог. Сая ОАК-ны зураг авалтад явахад хүртэл мэдэхгүй, чадахгүй зүйл их тохиолдсон. Цаг хугацаа өнгөрөх тусам хийж байгаа зүйлдээ дадаад амархан, хөнгөн санагдаж эхлэх байх. Би одоогоор залуу байгаа учраас тайзан дээр байх нь зөв үү, дэлгэцийн уран бүтээлд орох нь зөв үү гэдгээ мэдэхгүй байгаа. Өөрийнхөө юу хийх , хаана байх ёстой хүн бэ гэдгээ мэдэхийн тулд хичээж суралцаж байна даа.

- 2024 оны зорилгоо төлөвлөсөн үү?

- Саяхан хэд хэдэн киноны зураг авалтад орсон. Зарим нь 2024 оны гуравдугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байгаа. Бас шинэ уран бүтээлийн саналууд ч ирсэн. Гэхдээ одоогоор театртаа ажиллаад суралцхад л анхаарлаа хандуулна гэж төлөвлөж байна.

2023 он миний хувьд их өгөөжтэй сайхан жил байлаа. 2024 он залуучууд бидэнд ээлтэй, стрессгүй жил байгаасай гэж хүсэж байна. Бүгдэд нь эрүүл энх, аз жаргалыг хүсье.

-Ярилцсанд баярлалаа

ТАНИЛЦ: Он солигдсоны дараа төв талбайгаас иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн 18 чиглэл
ТАНИЛЦ: Он солигдсоны дараа төв талбайгаас иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн 18 чиглэл
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.