"Voice of Mongolia" шоуны 2020 оны ялагч Х.Ядамыг UbnStory булангийнхаа удаах зочноор урин оролцууллаа. Тэрбээр сүүлийн үеийн уран бүтээлийн олз омог болон шоунаас хойших цаг хугацааг хэрхэн өнгөрөөж бас хүнд үеийн яаж давж гарсан талаараа ийнхүү ярьсан юм.
-Сайн байна уу. Ярилцлагын маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Хамгийн сүүлд "Oi entertainment"-ийн бүтээл "№1" олон ангит киноны "Number one", "Агшин зуур" зэрэг дуунуудаар сонсогчдодоо бэлэг барилаа шүү дээ?
-Тиймээ. Саяхан №1 кино маань гарч дууслаа. Уг киноны OST продюсерээр ажилласан. Кино маань нийт 6 дуутай. Үүний тавыг нь гардан хийж, хоёрыг нь өөрөө дуулсан. Бусдыг нь залуу артистуудаараа дуулуулсан байгаа. 2023 оныг ийм ажил хийж л өнгөрөөсөн дөө.
-Дуунуудынхаа шүлэг болон аяыг өөрөө зохиосон байна лээ. Ер нь танаас ихээхэн хичээл зүтгэл, сэтгэл шаардсан уран бүтээлүүд болсон байх?
-"Oi entertainment"-ийн залуустайгаа хамгийн анх No Rules олон ангит киноны OST дээр хамтран ажиллаж байсан. Гэтэл энэ удаа надад киноныхоо OST продюсерээр ажиллах санал тавьсан. Тиймээс өөрийн маань хийсэн хамгийн эхний хамгийн том ажил. Надад бас нэг томоохон туршлага болсон.
Ерөнхийдөө Монголд ийм олон дуутай кино байдаггүй байх. Уг киноны онцлог нь К-Drama хэв маягтай байсан учраас дууныхаа хэв маягийг ч мөн ижил байлгахыг зорьсон. Найруулагч ч тийм шаардлага тавьсан.
-Таны ажилласан эдгээр дуунаас аль нь илүү онцгой вэ?
-Алунгуа, Эмүжин 2-ын маань дуулсан "Do I" гэдэг дуу. Энэ дуу хамгийн онцгой дуу болсон байх. Өмнө хэлсэнчлэн K-Drama шиг байх гэсэн зорилготой маань хамгийн их дөхсөн дуу. 2 дүү маань ч гэсэн их сайхан дуулсан.
Өөрийнхөө бичсэн дууг дуулбал мэдрэмжээ бүрэн гаргаж, хүмүүст ч илүү хүрдэг байх
-Та хэзээнээс эхлээд дууныхаа үг, аяыг өөрөө бичиж эхлэв?
-"Voice-д түрүүлсний дараа ковид гарсан шүү дээ. Олж авсан жаахан карьер маань тэр үед уруудсан гэж хэлж болно. Тэгээд гэртээ сууж байх хугацаандаа өөрөө юм хийе, чадахаасаа чадахгүй хүртэл хийе гэсэн бодол төрөөд оролдож үзсэн. Энэ нь ч зөв байсан.
Оролдох тусам улам илүү сайжраад, тэр маань ч мэдэгдэж эхэлсэн. Ерөнхийдөө маш их оролдлогын дараагаас өөрийгөө чадах юм байна гэсэн бодол төрж байсан.
"VEB entertainment productions"-д байхдаа хийсэн 5, 6 дуу байгаа. Анзаарвал ая эсхүл үгэн дээр нь өөрөө оролцсон. Яг ковидын хэцүү үед суралцаад л байсан гэсэн үг.
-Дуучин хүн өөрөө уран бүтээлдээ гар бие оролцоод, ажиллаад ирэхээр тухайн уран бүтээл илүү нандин болж эхэлдэг байх л даа. Ялангуяа тухайн дуугаа илүү их ойлгож, илүү мэдэрч чаддаг байх тийм үү?
-Тэгэлгүй яахав. Сүүлийн үед дуучин гэхээс илүүтэй Artist гээд байгаа шүү дээ. Artist гэдэг нь өөрөө дууныхаа үг, аяыг бичиж бүхэлд нь өөрөө бүтээдэг хүнийг хэлж байна гэж би ойлгож байгаа.
Мөн өөрөө үг, ая гээд л бүгдийг нь бодож, сэтгэж хийсэн болохоор сайн ч ойлгож, сайн ч мэдэрдэг. Тийм ч учраас хүмүүст хүрэхэд ч амархан байдаг байх.
"No Rules"-ийн "Мартмааргүй" дууны тухайд өөрийнхөө бодит кейсийг, бодит зүйлийг дуулж байгаа учраас дуулахад хүртэл илүү дотроосоо дуулсан. Ер нь ямар ч уран бүтээл дээр ажиллахад тухайн дууны үг, аяыг бичсэн хүн юу бодож бичсэн гэдгийг сайн мэдэхгүй учраас тэр мэдрэмжийг нь бүрэн илэрхийлж чаддаггүй байх.
-Ковидоос хойш хэсэг хугацаанд нам жим байж байгаад "Мартмааргүй" дуугаар гараад ирлээ гэж харсан?
-Угтаа бол ковидоос хойш 4, 5 дуу хийсэн л дээ. Яг 6 дахь дуу нь "Мартмааргүй" байхгүй юу. Яахав хүмүүс ямар нэг тэмцээнд түрүүлсэн хүнд өндөр хүлээлт тавьчихдаг юм шиг байгаа юм. Түүнд нь хүрч уран бүтээл хийнэ гэдэг их хэцүү болж эхэлдэг. Магадгүй ихэнх нь тэр хүлээлтийг дийлэхгүй болохоор хаядаг байх.
Энэ бол дэлхий нийтийн л жишиг шүү дээ. Тэмцээнд ороод ялагч болчихоод л алга болчихдог. Яах аргагүй хүмүүсийн хүлээлтээс давах уран бүтээл хийх хэрэгтэй болчихно. Гэвч юу ч хийсэн хүлээж авахад хэцүү болчихдог юм байна лээ.
Хүмүүс намайг ковидоос хойш 5 дуу гаргасан гэдгийг мэдэхгүй байгаа биз. Гэтэл яах аргагүй кино нь амжилттай явсан болохоор "Мартмааргүй" дуу нь ч гэсэн амжилттай явсан юм уу. Мэдэхгүй.
-Ая зохиогчид бас шүлэг яруу найрагчид онгод хөглөх гэж ярьдаг шүү дээ. Онгод орж ирэхээр л шүлэг биччихдэг, ая зохиочихдог гээд. Таны хувьд ямар үед дууны шүлэг, ая орж ирдэг вэ?
-Онгод орж ирэх гэхээсээ илүү тухайн үеийн сэтгэлзүй ямар байгаагаас л шалтгаалдаг юм шиг санагддаг. Жишээлбэл, урлагийнхантайгаа хамт хэсэг хугацаанд хамт байж байгаад дуу хийхэд илүү гоё үг, илүү гоё аялгуу гараад ирдэг.
Магадгүй сэтгэлзүй таагүй өдрөө шүлэг, ая бичих гэж оролдвол тийм ч гоё, сэтгэлд хүрсэн зүйл хийж чадахгүй л байх. Тиймээс миний хувьд онгод гэхээс илүүтэй сэтгэлзүй л их чухал гэж боддог.
"Болъё доо" гээд яг шантрах цэг дээр оччихсон байхад дахиад уран бүтээл хийх сэдэл өгсөн дуу бол "МАРТМААРГҮЙ"
-Ямар нэг уран бүтээл хийхдээ зорьж хийдэг үү эсхүл гэв гэнэт шүлэг бичээд л, ая зохиогоод л эхэлдэг үү?
-Миний хувьд эхлээд аяа зохиочхоод түүндээ тааруулаад дараа нь үгээ бичдэг. Тэгэхээр нэг ая зохиосныхоо дараа тэр дууг ямар дуу байх вэ гэдгээ боддог. Тиймээс дуу хийх гэж нэг их яардаггүй. Аяндаа л болчихдог. Цаг нь ирэхээр тэр дуу маань гараас гардаг.
"Мартмааргүй" л гэхэд 2020 онд хийгдсэн дуу байхгүй юу. Тэгээд л 3 жилийн дараа буюу өнгөрсөн жил гарч байх жишээтэй. Бүр дарагдчихсан байсан. "Oi"-ынхан гэнэт нэг өдөр дуудаад л "Нэг кино байна аа ажиллах уу" гэж асуугаад, би хариуд нь "Надад ийм дуу байна аа, сонсох уу" гэж яриад л тэр дуу гарч ирсэн.
Ер нь бол яг "болъё доо" гээд шантрах цэг дээр оччихсон байхад дахиад уран бүтээл хийх сэдэл өгсөн дуу бол энэ дуу.
-Яагаад болъё гэж бодож байсан юм бэ?
-Юу ч хийсэн амжилт олохгүй байсан. Юм болгон уруудаад л. Бүтэн доошоо унаж байсан үед энэ дуу надад урам зориг өгсөн. Яг тэгж унаж байсны дараа гэнэтхэн амжилттай яваад эхлэхээр эргээд "Болох юм байна даа" гэсэн итгэл төрүүлсэн гэж хэлж болно. Магадгүй энэ дуу гараагүй бол өнөөдөр ажлаа хийгээд явж байхыг ч үгүйсгэхгүй.
-Таны үндсэн мэргэжил авто замын барилгын инженер шүү дээ. Одоо ч бас уран бүтээлийнхээ хажуугаар мэргэжлээрээ ажиллаж байна уу?
-Үгүй ээ. Одоо уран бүтээлдээ бүх цагаа зориулж байна.
-Танд өмнө нь жүжигчнээр ажиллах санал ирж байв уу?
-Ирж байгаагүй ээ. "Чи жүжиглэж чадахгүй байх" гэсэн.
-Хэн танд ийм үг хэлсэн юм бол?
-Найруулагч Р.Эрхэмбүрэн тийм юм ярьсан даа. "Чи зүгээр дуугаа хийчих" гээд. Түүнээс биш хүнд "Оролдож үзэх юмсан" гэсэн бодол төрдөг юм билээ. Яахав мэргэжлийн хүмүүс нь жүжиглэх хэрэгтэй байх л даа. Гэхдээ өмнө нь нэг удаа киноны богино сценьд тоглож байсан юм. Монгол HD телевизийн "Гацуурхан" МУСК дээр хэдхэн тексттэй, халтирч унадаг хэсэг байдаг юм. Уг нь жүжиглэж болохоор ч юм шиг.
-Гэхдээ киноны санал ирвэл татгалзахгүй биз дээ?
-Тэгэлгүй яахав. Үзээд л алдах хэрэгтэй. Залуу байгаа дээрээ бүгдийг нь л туршиж үзэх хэрэгтэй. Алдах эрхтэй нас шүү дээ.
"Чам шиг мэргэжлийн сургууль төгсөөгүй, нэг муу тэмцээнээс гэнэт гарч ирсэн бацаанууд хол явдаггүй юм" гэж хэлсэн хүний үгэнд би ирлэгдсэн ч байж мэднэ
-Хэн нэгний санаатай ч юм шиг эсхүл санаандгүй ч юм шиг хэлсэн үг хүнийг их эмзэглүүлдэг шүү дээ?
-Надад яг гомдохоор үг хэлсэн хүн байдаг юм. Би тэр хүний улаан нүүр рүү харж байгаад "Би харуулна аа" гээд хэлж л байсан. Тэр хүн надад "Чам шиг мэргэжлийн сургууль төгсөөгүй, нэг муу тэмцээнээс гэнэт гарч ирсэн бацаанууд цаашаа хол явдаггүй юм. Чи цагийн аясаар дарагдаад алга болно доо. Чиний дуучин гэж юу байх вэ" гэж хэлсэн.
Ер нь бол жаахан гомдмоор үг л дээ. Уналтад орчихсон үед маань дэвсэлж байна л гэсэн үг. Гэхдээ магадгүй тэр ахын хэлсэн үг надад итгэл өгч, намайг ирлэсэн байж ч болно. Хор шар хөдөлгөсөн ч байж мэднэ.
-Таны амьдралын алтан үе бол яах аргагүй Voice Mongolia шоунд орсон үе. Энэ үеийг дурсахгүй өнгөрч болохгүй байх. Тухайн үеийн мэдрэмж одоо ч танд байгаа байх. Эргэн нэг санавал?
-Voice бол нэг том сургууль байхгүй юу. Маш том урлагийн сургуулийг 2 жилийн хугацаанд төгсөөд гараад ирлээ л гэсэн үг. Шууд дамжуулалтууд нь телевизээр 2020 онд гарч байгаа болохоос биш 2019 оноос эхлэсэн байдаг. Тэр хугацаанд телевизийн хамт олон, багийнхаа найзуудтай нэг гэр бүл болсон байсан. Мэдээж маш сайхан дурсамж.
Өөрийгөө хаана явж байгааг олон сайхан залуутай өрсөлдөж байж мэдэрч байгаа юм л даа. Ер нь нэг төрлийн их сургууль гэсэн үг. Дуулах ур чадвараас эхлээд бүгдийг нь л сурч, бусад ур чадварт ч суралцсан. Тэр олон авьяаслаг залуусаас хэн их аз одтой байсан нь л түрүүлж байгаа юм. Түүнээс биш би илүү сайн дуулсандаа биш байхгүй юу.
Бас миний хамгийн их хайрлаж хүндэлдэг дуучин, уран бүтээлч бол Д.Болд ах. Монголд ганцхан супер старын амьдралаар амьдарч байгаа хүн гэж боддог.
-Танд зүүлтээ өгч байсан билүү. Анх аль шүүгчийг сонгоно доо гэж бодож байсан юм бэ?
-Яг орохдоо хэнийг нь ч эргэж харахгүй байх гэж бодож байсан л даа.
-Яагаад?
-Тэр бол өөртөө итгэлгүй байна гэсэн үг шүү дээ. Өөрийгөө тийм ч хол явахгүй л гэж бодож байсан юм. Гэхдээ бас хүн л юм хойно 4-лээ эргэж харвал гэж бодно шүү дээ. Тэр үедээ Ононбат ахыг сонгох байх гэж бодож байсан. Гэхдээ шүүгчдийн хэлж байсан үгнүүд тэр дундаа Болд шүүгчийн хэлсэн үг надад маш их таалагдсан.
Хүмүүс зүүлтээр хахуульдаад авчихлаа гэдэг л дээ. Гэхдээ нэгдүгээрт, өөрийнхөө нандин зүйлийг өгч байна. Хоёрдугаарт, Камертон хамтлаг хэчнээн фентэй билээ, Болд ах хэчнээн фентэй билээ. Ер нь хамгийн зөв сонголт гэж бодоод л сонгосон доо.
-Ялагч болсон мэдрэмж одоо ч сэтгэлд тань тод байдаг байх?
-Тэр мэдрэмж үнэхээр гайхалтай. 7 хоног өөртөө итгэж чадахгүй, юу болж байгааг ч мэдээгүй. Тэгээд яг 7 хоногийн дараа хамгийн эхний ярилцлагадаа орсон. Нэг мэдсэн чинь л тийм олон хоног өнгөрчихсөн байсан.
-Таны амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам бол энэ шоу байх?
-Тэгэлгүй яахав. Зүв зүгээр зам дээр ажлаа хийгээд л явж байсан. Яг Баянбүрдийн тойрог дээр замын хэмжилт хийж явж байгаад зарлалыг нь харсан юм. Гэтэл яг сүүлийн өдөр нь байж таарсан л даа. Өөрөө ч дуулах дуртай болохоор байнга дуулдаг хэдэн дуутай. Түүнийгээ орж дуулж өгөөд л гарч ирж байлаа.
Тэгээд тэнцээгүй юм байна даа гээд бодож байтал сарын дараа Blind audition-д ороорой гэж ярьсан. Тэр ч бас маш сайхан мэдрэмж байхгүй юу. Учир нь маш олон хүн шалгаруулалтад ороход Blind audition шатанд 100 гаруй хүн л тэнцдэг байхгүй юу.
-Маш гэнэтийн зүйл болжээ?
-Тийм. Шалгаруулалтад оролцохоор ирсэн залуучууд маш гоё хувцаслачихсан, бэлдчихсэн ирж байхад би зүгээр ажлынхаа хувцастай, фоспортдог жилеткатай л орж байсан даа.
-Гэр бүлийнхэн тань таныг хамгийн их дэмждэг байх?
-Тэгэлгүй яахав. Зүгээр амьдралаа хөөгөөд явж болно шүү дээ. Гэхдээ өөрийнхөө дуртай зүйлийг хийх нь зөв гэдгийг ойлгуулдаг хүмүүс бол яах аргагүй гэр бүлийнхэн маань. Тийм ч учраас намайг маш сайн дэмждэг.
Дургүй зүйлээ хийж зовж амьдарснаас жаахан зүдрүүхэн ч гэсэн дуртай зүйлээ хийгээд жаргалтай амьдраарай
-Цаашид харж байгаа, төлөвлөж байгаа зүйл нь юу байна?
-Зөвхөн дуулахын хажуугаар продюсерын ажлыг давхар хийх гэж оролдож байна. Сая хамгийн том ажил маань киноны ажил байлаа. Дуулах дуучин олдохгүй байхаар нь өөрөө 2-ыг нь дуулчихсан юм.
Надад дуу хийж л байвал мөнгө төгрөг нь хамаагүй байдаг юм. Гэтэл ихэнх санал тавьсан хүмүүс маань мөнгө төгрөг яриад байсан учраас яах ч арга байхгүй өөрөө 2-ыг нь дуулсан даа.
-Ярилцлагынхаа төгсгөлд залуус дүү нартаа хандаж үг хэлэхийг хүсэж байна?
-Өөртөө таалагддаг, өөрийнхөө хүсэж мөрөөддөг зүйлээ хийгээд зөвхөн урагшаа алхаарай. Хүнд шантрах үе маш олон байдаг юм билээ. Би өөрөө сошиалд идэвхгүй болохоор хүмүүс намайг байхгүй болчихсон юм байна гэх мэдрэмжийг төрүүлээд байдаг юм шиг байна лээ. Гэхдээ яах аргагүй чимээгүй амьдрахыг боддог.
Тиймээс өөрөө юуг зөв гэж бодож байна, юу хүсэж байна түүгээрээ явахад амьдрал зөнгөөрөө болно доо. Гол нь дургүй зүйлээ хийгээд л байвал хүн хэзээ ч амжилтад хүрэхгүй. Дургүй юмаа хийж өөртөө зовлонтой амьдарч байснаас дуртай зүйлээ хийгээд ч болов жаахан зүдрүүхэн хэрнэ жаргалтай амьдарч болно. Ганц л амьдарна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа.